Гэлэнмаа хүүхэд хулгайлжээ

 

Испанийн гэлэнмаа хүүхэд хулгайлсан хэргээр шүүхэд дуудагджээ. 80 настай Мария Гомез Валбуэна нялх хүүхэд хулгайлсан хэрэгт холбогдож буй анхны гэлэнмаа болж байна.

Тэрбээр 1982 онд Испанийн генерал Франкогийн дэглэмийн үед Мадридын эмнэлгээс дөнгөж төрсөн нялх хүүхэд хулгайлжээ. Гэлэнмаа Мария Гомез өчигдөр шүүхэд өчиг өгөхөөс татгалзсан байна. Дээрх хэрэг генерал Франкогийн дэглэмийн үед хэдэн мянган хүүхдийг төрсөн даруйд нь эмнэлгээс хулгайлж, өөр айлд өргүүлсэн байж болзошгүй гэдэг таамаглалын улам дэврээж байгаа гэнэ.

1936-1939 оны Испанийн иргэний дайны үед хүүхэд хулгайлагдсан хэдэн зуун хэрэг гарч байжээ. Бүр сүүлд 1990-ээд оны үед ч ийм тохиолдол Испанид гарч байсан гэдэг.

Хүүхдийг хулгайлах хэрэг нь тухайн үед Испанийн нийгмийн зохисгүй хэсэг гэгдэж байсан зүүний үзэл баримтлалтнуудын хүүхдийг зөв гэр бүл буюу барууны үзэлтнүүдэд өргүүлэх бодлогын нэг хэсэг байсан гэдэг.

Хүүхдээ алдсан эцэг эхчүүдийн гомдлын мөрөөр Испанийн хууль сахиулагчид одоо ч мөрдлөг явуулж байгаа юм. Хохирогч эцэг эхчүүдэд хүүхдийг нь зуурдаар нас барсан эсвэл амьгүй төрсөн гэж эмнэлгийн ажилтнууд тайлбарладаг байжээ. Гэвч тэдгээр хүүхдүүд бүгд хулгайлагдсан гэдгийг нотлох баримт байхгүй аж.

Хүүхдээ алдсан эх Мария Луиза Торрез цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө гэлэнмаа хүүхдийг нь аваад алга болсон гэжээ. Мария Луиза Торрез гэлэнмаагаас хүүхдийг нь хаашаа авч явсныг асуухад тэрбээр нөгөө охиныг нь хулгайлна шүү гэж заналхийлсан байна. Азаар бүсгүй хүүхдээ өнгөрсөн жил олсон аж. Харин гэлэнмаад хүүхэд хулгайлан, хорьж байсан хэргээр ял тулгах гэнэ.

Н.Рэй

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.