“Гүнжээ нь” охидын захидалд хариу илгээлээ-2

Сайн байцгаана уу? Хүчирхэг охид, бүсгүйчүүдээ. Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төв 2012.04.13 -наас эхлэн манай сайтын “ОХИД” булантай хамтран ажиллахаар боллоо. Уг буланд “ГҮНЖЭЭ НЬ ЗӨВЛӨЖ БАЙНА” хэсгийг хариуцан ажиллах бөгөөд цаашид нөхөн үржихүйн эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, бэлгийн амьдралын талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэх юм. Хүн бүрт сэтгэл зүйн цаг агаар байдаг гэдэг. Хонгорхон охин минь бүсгүй минь чамд дээрх асуудлаас үүдээд сэтгэл зүй чинь салхитай, шуургатай, бороотой байвал бидэнд хандаарай.

 

Ингээд ГҮНЖЭЭгийн хариултад анхаарлаа хандуулна уу.

1. Сайн байцгаана уу? Надад тохиолдсон явдлын сэтгэл гарган уншиж байгаа та бүхэнд баярлалаа надад үнэхээр том асуудал тулгараад байна. Би одоо бараг л 9 сартай жирэмсэн төрөх дөхчихсөн гэтэл найз залуу маань хамт амьдарна гэж намайг 8 сартай болтол цуг байсан, надад хайртай л гэдэг байсан. гэтэл гэнэтхэн нэг өдөр алга болчихлоо. Бүх утаснуудаа бүртгэлээс хасуулаад хаана байгаа нь тодорхойгүй болчихлоо. Надад үнэхээр хэцүү байна. Би энэ хүүхдийг гаргахыг хүсэх байсан гэтэл сүүлийн үед төрүүлмээргүй санагдаж, үзэн ядахад хүрээд байна. Найз залуугийнхаа аав, ээжтэй нь ярихаар мэдэхгүй гээд хавьтуулахгүй юм. Би яах учраа олохгүй байна. Миний аав ээж хоёр ч гэсэн уурлаад чи эцэггүй хүүхэд гаргах гэж байгаа юмуу гээд л муухай аашлаад байх юм. Би маш том сэтгэлийн тамд унаад байна, надад чин сэтгэлээсээ   туслах хүн байна уу? Би энэ хүүхдийг авахуулмаар байна. Яагаад ч гаргаж чадахгүй нь ээ. Надад туслаач, найз залуугийнхаа  аав ээжид нь ч гэсэн маш их гомдож байна. Миний утасны дугаар 99682093. И-мэйл хаяг  email-azkariba_0404@yahoo.com. Надад туслаач.

- Сайн байна уу? Эрхэм найз минь. Захиа очих өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд сэтгэл санаа чинь тавгүй олон олон асуудалтай тулгарсан ч энэ бүхнийг даван туулах гэж тэмцэн мөн бидэнд итгэж захиа илгээсэн чамд баярлалаа. Чамд тохиолдсон асуудлыг даван туулах гэж хичээж яваа олон олон охид бидэнд хандаж зөвлөгөө авдаг ба тэд ч асуудлаа шийдэж чаддаг. Ингээд Гүнжээ чамд дараах байдлаар зөвлөж байна.

Зарим эрчүүд хүүхэдтэй болох үедээ “аав” болно, бүх хариуцлагыг өөртөө үүрнэ гэхээсээ айдаг, сэтгэл санаагаар унадаг нэг ёсондоо тэд “шок”-нд ордог. Тэд амьдралд нь гарч байгаа гэнэтийн өөрчлөлтөнд дасахад цаг хугацааг шаардлагатай гэж  үзэх нь бий. Гэхдээ тэд хүүхдээ төрсөний дараа энэ бүхнийг эерэгээр хүлээн авч бүх зүйлийг ухаарсан байдаг.

Харин эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ сэтгэл санаа, бие махбодийн олон олон өөрчлөлтүүдтэй нүүр тулгардаг. Эдгээр гэнэтийн өөрчлөлтөөсөө болоод олон зүйлийг бодож зарим тохиолдолд гэнэтийн гаргасан шийдвэр нь алдаатай байх нь цөөнгүй гэдгийг санаарай.

Хэдийгээр аав ээжийнх нь хоорондын харилцаа таагүй байгаа ч хүүхэд түүнийг огтхон ч мэдэхгүй ээжийнхээ гэдэснээс гарч хорвоо дэлхийтэй танилцах гэж хоног тоолон хүлээж байдаг. Судалгаагаар таагүй харилцаатай байсан хосуудын харилцаа хүүхдээ төрсөний дараагаас эрс өөрчлөгдөж, гэр бүлд хайр энхрийлэл, баяр баясгалан үүссэн байдаг.

Тиймээс эрхэм найз минь чи одоо хорвоо дэлхийтэй танилцах гэж яарч тэмүүлж байгаа бяцхан үрээ эрүүл төрүүлэн хүлээн авахдаа бэлдээрэй. Үүний тулд сэтгэл санаагаа тайван байлгаж ээжийнхээ сэтгэл санаанаас болоод тайван байж чадахгүй байгаа бяцхан үрээ тайвшруулах нь хамгийн чухал шүү. Үүний тулд бяцхан үрээ төрөхөөр хэрхэн асрах, хэрхэн зөв хооллох, юун тухай зааж өгөх гээд ирээдүйн гэрэл гэгээтэй бүх л амьдралаа төсөөлөн бодож, өөртөө болон хүүхэддээ анхааран ном, сэтгүүл уншаарай. Магадгүй бяцхан үр нь эрүүл төрсөн гэдгийг сонсоод найз залуу чинь эргээд ирж болох юм.

Мөн эцэг эхтэйгээ чин сэтгэлийн дотно яриа өрнүүлээрэй. Хэн нэгнийг буруутгах биш удахгүй төрөх бяцхан үрээ эрүүл төрүүлэх, бойжуулах асуудал дээр гэр бүлээрээ анхаарах хэрэгтэйг тэдэнд ойлгуулаарай. Өөрийн эцэг эхээ найз залуугынхаа гэр бүлтэй уулзуулж асуудлыг зөв талаас нь эерэгээр шийдвэрлэх тал дээр ярилцаарай.

Эцэст нь бидэнтэй чин сэтгэлээ хуваалцсан эрхэм найз минь чамд баярлалаа. Илүү ихээр бидэнтэй ярилцахыг хүсвэл эргэн хандаарай, бид баяртай байх болно.  Хорвоод мэндлэх бяцхан үрээ угтан авхад чинь Гүнжээ чамтай хамт байхад бэлэн байгаа шүү.

 

2. Эмэгтэй хүний сэрлийн цэгүүд хаана байдаг вэ? Яаж холбогдох вэ, яаж хөдөлгөх вэ? Өөрөө таашаал авч чадахгүй бол яах вэ?

- Сайн байна уу? Бүсгүй минь. Бидэнд захиа илгээсэнд баярлалаа.

Эмэгтэй хүний таашаал авах эсэх нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлаас үүдээд сэрлийн цэг нь харьцангуй байх нь ч бий.  Бэлгийн харьцааны үед аль болох тайвширч, өөрийгөө бүх зүйлээс чөлөөлж, зөвхөн тэр агшинд анхаарлаа хандуулж таашаал авахыг хичээгээрэй.           
Мөн цаашид бэлгийн боловсролоо нэмэгдүүлэх талаар ном, сэтгүүл уншиж зөв мэдээлэл олж аваарай гэж зөвлөх байна.

 

3. Сайн байна уу. Ийм сайт байдгийг анх удаа уншиж мэдлээ. Асуулт байна буланг олсонгүй учраас энэ асуух зүйлээ үлдээчихье. Хариу зөвлөгөө өгч тус болно уу. Би нөхрөөсөө салаад хүүхдээ ганцаараа өсөгөж байгаа гучин настай эмэгтэй. Өмнө нь бүх зүйлийг болгоно бүтээнэ гэсэн чинь эрмэлзэлтэй хүмүүс намайг мундаг эрч хүчтэй хүчирхэг эмэгтэй гэдэг байсан. Гэтэл нөхрөөсөө салсанаас хойш би туйлдаж гүйцлээ.  Надад ямар ч  эрч хүч, сонирхол алга. Магадгүй нөхрийгөө мартсан ч би гэдэг хүн дэндүү залхуу, амьдралын идэвхгүй болж өөртөө ч таалагдахаа байж байна. Яах ёстойгоо ч мэдэхгүй байна даа.  Бүх зүйл  надад хар бараан утгагүй санагдаж ажилдаа явмааргүй, олигтой ч хоол хийхээ больсон. Би нөхрөө санаж гансарч сүйд болдоггүй ч маш их ганцаардаж байна. Хэн нэгэнтэй  үерхээд үз гэх л байх.  Би салсанаасаа хойш хоёр жилийн дараа өөрөөсөө тав дүү  залуутай үерхэж үзсэн.  Гэтэл түүнд сэтгэл татагдахгүй зүгээр л секс хамтрагч мэтээр хандсан. Түүнээс сүүлдээ таашаал ч авахаа байгаа  уулзахаа больсон. Хамгийн гол нь миний амьдралын эрч хүч хаачиваа. Яаж энэ уйтгартай байдлаас  гарах вэ туслаач. Нөхөр маань үнэхээр сайн сайхан хүн байсан болохоор хир барагийн хүн таалагдахгүй юм. Гэхдээ  одоо бидний хооронд бүх зүйл дууссан ч би түүнд өөрийгөө хайртай гэж бодохгүй байна.

- Сайн байна уу? Бүсгүй минь. Бидэнтэй чин сэтгэлээ хуваалцан захидал илгээсэн баярлалаа.

Юуны түрүүнд өнгөрсөн зүйлсийн тухай бодож, арагшаа харж амьдрах нь одоогийн амьдралд чинь сөргөөр нөлөөлөх талтай юм. Таны нөхөр хүүхдийн чинь эцэг хайр халамжтай сайн хүн ч тэр одоо таны дэргэд байхгүй болхоор та өөрийнхөө бас хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө амьдрах хэрэгтэй.

Одоогийн амьдралаа өнгөрсөнтэй жиших, харьцуулах хэрэггүй. Бүсгүй минь чи амьдралаа эерэг талаас нь харж, үс, хувцаслалт гээд хэв маягаа өөрчлөж, найз хүүхнүүдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөж хөгжилтэй сэдвийн талаар ярилцаж, шинэ танилын хүрээгээ нэмж амьдрал ямар баялаг болохыг олж мэдээрэй.

Энэ бүх  өөртөө таалагдах алхамуудыг хийхдээ  амьдралын чинь аз жаргалын эхлэл, баяр баясгалан бяцхан үрдээ цаг гаргаарай. Түүнтэй хамт тоглох, гадуур зугаалах, кино үзэх, сонирхол, авъяас чадварыг нь дэмжиж, хамтдаа хөгжүүлж амьдралаа сонирхолтой болгохыг хичээгээрэй.

Өнгөрсөн дурсамж гэдэг сайхан ч ирээдүйн амьдрал тэрнээс сайхан гэдгийг санаад амьдралдаа эрч хүчтэй байгаарай бүсгүй минь. Чамайг энэ бүхнийг өөрчилж чадна гэдэг итгэлтэй байна. Гүнжээтэй ярилцсан чамд баярлалаа.

 

4. Сайн байна уу? Надад нэг баньд сайн болчихсон гээд байгаа. Тэр надад жаахан л таалагддаг. Гэхдээ тэр баньд маш охин шиг зантай би яах ёстой вэ?

- Сайн байна уу? Хонгорхон охин минь. Бидэнд хандсанд баярлалаа.

Хайрлана, дурлана гэдэг хүний сэтгэлийн нандин мэдрэмжийг хөдөлгөж байгаа сайхан зүйл. Хэн нэгэнд дурласан гэдгээ хэлээд чин сэтгэлээ илэрхийлнэ гэдэг их зориг шаарддаг. Иймд чамд сэтгэлээ илэрхийлсэн хөвгүүний сэтгэлийг хүндлээрэй гэж зөвлөх байна.

Хөвгүүд  заримдаа охидод таалагдах гэж олон олон санаандгүй зүйлсийг хийсэн байдаг. Энэ нь заримдаа охидод болон бусад хүмүүст сөргөөр харагдах нь ч бий.

Хэрвээ тэр хөвгүүний зан ааш нь чамд бүрэн дүүрэн таалагдахгүй бол сэтгэлийн хүндэтгэж буйгаа илэрхийлээд татгалзсан хариу өгөөрэй. Энэ нь цаашид чамд болоод тэр хөвгүүнд ч гэсэн зөв шийдвэр байх болно.

Бидэнд захиа илгээсэн хонгорхон охин чамд баярлалаа. Гүнжээ чамтай ярилцахад бэлэн байх болно.

 

5. Миний бие сүүлийн үед их өвддөг болчихлоо. Миний найзын ах нь бөө нэг удаа үзүүлсэн чинь найз залуугаасаа болоод өвдөөд байнаа. Тэр залуу чинь цаанаа өөр хүнтэй байна гэсэн. Гэхдээ би сайн болохоор салж чадахгүй нь ээ. Би бүр болохгүй бие өвдөөд байхаар нь найз залуудаа хэлж үзлээ. Тэгсэн чинь би юу гэж гадуур явдаг юм гээд байсан. Манай найз залуу  хотод, харин би дарханд байдаг юм. Бид хоёр уг нь аль багын  найз лдаа. Гэхдээ найз залуу маань сургуульд сурдаггүй болохоор манай гэрийнхэн хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ? Туслаач.

- Сайн байна уу?  Эрхэм найз минь. Чамд захиа очих өдрийн мэнд хүргэе.

Юун түрүүнд өөрийн итгэл үнэмшлээ дагаарай гэж зөвлөх байна. Амьдралд тулгардаг олон олон асуудлыг даван туулахын тулд хэн нэгнээс зөвлөгөө авах нь зөв хэдий ч хэн нэгний гаргасан шийдвэрээр амьдралаа өөрчлөнө гэдэг нь нэг талаасаа буруу гэдгийг ойлгоорой. Хэн нэгний ятгалгаар гаргасан шийдвэр хайртай хүмүүсийг нь чинь гомдоож магадгүй юм.

Мөн биед зовиур ихээр мэдрэгдэж байвал илүү нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Мөн сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж найз залуутайгаа хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй.

Бидэнд хандаж ярилцсан чамд баярлалаа. Амжилт хүсэе эрхэм найз минь.

 

6. Сайн байна уу? 16 настай охид дотно харилцаанд орохоор өндөр нь зогсчихдог гэж үнэн юм болов уу? Хүмүүс өөр өөр юм хэлээд байх юмаа.

- Сайн байна уу?  Хонгорхон охин минь.

Найз нөхөдтэйгээ бэлгийн амьдралын талаар ярилцаж мэдээлэл солилцож байгаа чинь сайн хэдий ч мэдээллийн үнэн зөв эсэхэд анхаарлаа хандуулаарай. Ам дамжсан ярианд итгэж эрсдэлтэй алхам хийхээс татгалзаж, мэргэжлийн эмч болон байгууллагад хандан мэдээлэл аваарай.

Хонгорхон охин минь чамд болон чиний найзуудад энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөхдөө Гүнжээ баяртай байх болно.

Бидэнд хандсанд баярлалаа. Амжилт хүсэе.

 

7. Сайн уу? Би одоо 15 настай 10 дугаар анги. Гэтэл миний хөх ургаж эхэлсэн боловч их жижигхэн. Надад үнэхээр хэцүү байна би яах ёстой юм бэ? ямар нэг эм уух хэрэгтэй юм болов уу?

- Сайн байна уу?  Эрхэм найз минь. Чамд захиа очих өдрийн мэнд хүргэе

Өсвөр насны охид, хөвгүүд гэж 10-18 насныхныг хэлдэг. Энэ насанд бие галбирийн өөрчлөлт эрчимтэй явагддаг.           
Биеийн галбир өсөлт хөгжилтөнд удамшил болон тухайн хүний амьдралын хэв маяг онцгой нөлөөлдөг. Нас чацуу эрүүл охидын бие галбир, өсөлт хөгжил өөр өөр байх нь бий.

Иймээс эрхэм найз минь өсөж хөгжиж байгаа биед чинь эрүүл хоол хүнс, байнгын дасгал хөдөлгөөн их чухал гэдгийг анхаараарай.

 

8. Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ээгий гэдэг. Би одоо хоёрдугаар курс. Надад тулгамдаж байгаа асуудал энгийн мэт санагдавч надад үнэхээр хэцүү байна.  Би угийн дуу цөөтэй болохоор хүнтэй нэг их юм ярьдаггүй. Найзуудтайгаа байхдаа ч гэсэн юм ярихгүй бараг сонсоод л  сууж байдаг. Хүнтэй уулзах үедээ ярих зүйл олдохгүй, уулзсан хүн намайг ямар дуугайг л гайхаад байдаг. Би яаж илэн далангуй нээлттэй болох вэ. Хичээл ороод хүүхдүүд семинараа хийгээд эхнээсээ яриахад хийсэн ч гэсэн яриж чадахгүй, зүгээр л дэвтрээ үзүүлэх юм. Би хэл ярианы ямар нэг согоггүй л дээ. Зүгээр л ярих гэхээр нэг л болж өгөхгүй, хүмүүс миний яриаг  сонсох болов уу? Няцаавал яах билээ гээд л өөрөө өөрийгөө сэтгэлээр унагаагаад яриж чадахгүй юм. Надад зөвлөгөө өгөөч. Хүмүүсээ, хүндэт эгч нараа

- Сайн байна уу? Ээгий. Бидэнд хандсанд баярлалаа.

Хүн бүр хорвоо дэлхий дээр хэзээ ч давтагдашгүй бие хүн байдаг. Иймд дахин хэзээ ч давтагдашгүй чиний санаа бодол эргэн тойронд байгаа хүмүүст чин чухал гэдгийг санаад үзэл бодлоо илэрхийлж байгаарай. Мөн өөртөө итгэлтэй болох алхамуудыг туршиж үзээрэй.

Илүү бусадтай харилцаж үзэл бодлоо илэрхийлэх алхамуудыг туршиж үзмээр байвал сайн дурын клубд элсэн орж, идэвхтэй гишүүн болоорой.

Сайн дурын клубд хэрхэн элсэх тухай мэдээлэл авах бол Гүнжээд эргэн хандаарай. Амжилт хүсэе.

 

9. Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Би одоо хоёрдугаар курст сурдаг. Би долдугаар ангиасаа найзалсан хоёр найзтайгаа юм л бол  маргалдчихаад тэгээд маргалдах бүрт дандаа би буруутан болох юмаа.  Сая долоо хоног  мессеж бичээгүй. Тэгсэн тэр хоёрын нэг нь намайг энэ зангаарай хол яваарай гэсэн, тэгэхээр хариу бичээгүй. Тэр хоёртой таарахгүй бас мессеж бичээгүй одоо бараг хоёр сар болж байх шиг байна. энэ хоёроос бусад найзуудтайгаа ердөө ч ингэж маргалддаггүй ээ, яавал дээр вэ?

- Сайн байна уу? Хонгорхон охин минь. Бидэнд хандсанд баярлалаа.

Найзуудтайгаа ихэвчлэн юунаас болж маргалдаж байна вэ? гэдгээ бодож үзээд дүгнэлт хийгээрэй. Олон жилийн нөхөрлөлөө хадгалж үлдэхийг тулд бүхий л санаачлагыг гартаа аваарай. Найзуудаа харилцаа тогтоохыг хүлээж байхаар чи эхлээд үйлдэл хийвэл найзууд чинь магадгүй дуртай байх болно. Цаашид найзуудтайгаа эерэг харилцаатай байхын тулд  чин сэтгэлийн яриа өрнүүлдэг нэг өдөр бий болгох гэх мэтээр харилцаагаа арга замыг олж, сонгоорой.

Эцэст нь хонгорхон охин минь хүн өөрийн хамгийн дотны гэж бодсон хүндээ хамгийн ихээр уурладаг, гомддог гэдгийг санаарай. Амжилт хүсье хонгорхон охин минь.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.