Зэрлэг асрагчийг шоронд хорьжээ
Жейн Воррол төрүүлсэн эцэг эхээ асрамжийн газарт хэзээ ч өгөхгүй гэж ярьдаг эмэгтэйчүүдийн нэг байв. Гэвч түүний 80 настай ээж нь алхаж чадахаа больж, дээрээс нь ой санамжаа алдахад түүнд асрамжийн газарт өгөхөөс өөр сонголт үлдээгүй аж. Жейн ээжийгээ асруулахаар Лондоны Кентиш таун дахь “Ash Court” нэртэй асрамжийн газар өгчээ.
Гаднаас нь харахад бүх юм хэвийн мэт харагдах асрамжийн газарт түүний ээж бараг нэг жилийг өнгөрүүлсэн байна. Гэвч ээжийгээ эргэж очих бүрдээ нэг л биш байгааг бүсгүй анзаарчээ. Ээж нь түүнтэй ярилцахаа больж, нойр, хоолонд муу болсон нь түүний санааг зовоож эхэлсэн байна. Асрамжийн газрын ажилтнууд, асрагч, эмч нар түүнийг “Санаа зовохоо боль. Ээж чинь зүгээр” гэж хэлдэг байв. Гэвч 80 настай хөгшний гар, мөр нь хөхөрсөн байдаг болов. Тэр бүү хэл асрагч нарыг өрөөнд орж ирэхээр ээж нь “Бурхан минь, бурхан минь” хэмээн уйлах болсон нь түүнд нэг л сэжигтэй санагджээ.
Жейн асрамжийн газарт юу болж байдгийг мэдэхийн тулд 24 цаг бичлэг хийх нууц камер худалдаж авчээ. Гаднаасаа жирийн л нэг дижитал цаг шиг харагдах нууц камерыг Жейн ээжийнхээ өрөөнд орны хажуу дахь ширээн дээр тавьсан байна.
Харин камерын бичлэгт үлдсэн дүр зураг түүнийг цочирдуулсан аж. Ээжийнх мөр, гаран дээрх хөх толбо аспиранаас болсон биш, байнга алгадуулж, зодуулснаас болсон байжээ. Камерт үлдсэн хоёр шөнийн бичлэгт таван асрагч түүний өрөөнд ээлжлэн орж ирж, түүнийг оронд нь оруулж, хувьцсыг нь солихдоо хашгичиж, загнан, алгадаж буйг дүрс үлдсэн байв.
Жейн бичлэгийг үзсэн шөнө унтаж чадаагүй бөгөөд үүнийг санамсаргүй тохиолдол гэж итгэхийг хүсчээ. Харин маргааш нь түүнээс дор юм болж, Филиппин асрагч эр ээжийнх нь хувцсыг хүчээр тайлан, ор руу шидэж, хацар, гуя руу нь дахин дахин алгадаж буй зургийг тэр харжээ. Жейн Филиппин асрагчийг цагдаад барьж өгсөн бөгөөд түүнд 18 сар шоронд хорих ял оноосон байна. Харин бусад асрагч нарыг ажлаас нь халжээ.
Н.Рэй







