Хэрэглэхгүй хэрэглээ

Өчигдөрхөн хотод ажлаар ирээд, багын найзтайгаа уулзахад төрсөн сэтгэгдлээ бүсгүй чамтай хуваалцахыг хүслээ.

Найз минь сайн хүнтэй сууж сайхан амьдарч байгаа нь харагдах байдлаасаа л шууд мэдэгдэж байв. Хүү охин хоёртой болсон. Хүүгээ гадаадад сургуульд явуулж, охин нь 13 настай. Нөхрийгөө хотын том компанид ажилладаг болохыг хэлж, хариу миний ажил амьдралыг сонирхон, утасныхаа дугаарыг солилцон орой уулзахаар болсон юм.

Ажил тарах дөхөж байтал  найз минь залгаж, хотын тансаг хоолтой гэгдэх газар уулзахаар болзлоо. Тэрээр нэг, хоёрдугаар хоол, салат, мөхөөлдөс, дарс гээд л маш их юм захиалахад нь өлссөн юм болов уу? гэж бодсон ч тэр бүгдэд нь хүрэх төдийд л орхих нь гайхалтай. Миний саналыг ч сонссонгүй, өөрийн захиалсантай яг ижлийг захиалсан тул би үлдээхгүйг хичээвч яагаад ч барсангүй.

- Дэндүү их юм захиалжээ дээ

- Зүгээр зүгээр гэж инээмсэглэх нь үлдэх ёстой гэж байгаа мэт.

Найз маань “Хоёулаа манайд очъё, хотод ирснийх найзындаа хоноод яв” гэсээр  тэндээс гарлаа. Хоолны газраас гарахдаа үлдсэн хоолоо саванд хийлгэж аваад охиндоо өгөх гэж байгаагаа надад хэлэв. Машинаа асаангаа тэрээр “хаалга онгойж хаагдах хооронд л шороо шигдчих юм” гэж үглэсээр машинд байгаа цаасан сальфеткийг хайр гамгүй татан авч, урд хэсгээ арчин хаяхад нь өөрийн эрхгүй хайран цаас гэж бодогдоно.

Гэрт нь ороход хүн байгаа шинжгүй нам гүм. Найз маань гэрлээ асаан “Миний хайртай охиноо” гэхэд харанхуй коридорт гэрэл тусан аль нэг өрөөний хаалга онгойж, охин хичээлээ хийж байсан бололтой дүнсгэрдүүхэн царайтай гарч ирэв.

- Миний охин танилц. Ээжийнх нь багын найз Гэрлээ гэж намайг танилцууллаа.

 -Охины нэр хэн билээ, гэхэд Уянгаа гэж намуухан хэлж хоолны газраас авсан савтай хоолыг харснаа:

-Таныг оройтох юм байна гэж бодоод, пицца захиалаад идчихсэн шүү гэв.

Галын өрөөнд ороход шинэхэн пиццанаас хоёр хэрчмийг идсэн нь харагдлаа. Найз хүүхэн маань:

- Яахав ээ, ээжийн охин наад хоолоо хөргөгчинд хийчих, аав нь ирээд идчих байх гэхэд Уянгаа охин “Аав өнөөдөр их оройтно гэсэн шүү” гэсээр өрөө рүүгээ явлаа. Галын өрөөнд нэг битгий хэл, нэлээд хэд хоног гаднаас авсан хоолны үлдэгдэлтэй савнууд хогийн саванд багтаж ядан байна. Найз минь санаа нь зовсон байдалтай “Орон гэрээ цэвэрлэж дийлэхгүй юм аа” гээд хогоо хаяхаар гарлаа. Энэ зуур гэр дотор явж үзэхэд, толгой эргэм энэ олон өрөөг өдөржин ажилтай явдаг энэ хүн битгий хэл ажилгүй хүн ч цэвэрлэж барахгүй санагдана.

-Танайх ямар олон өрөө байртай юм бэ?

-Зургаан өрөө, эхлээд том юм шиг л санагдаад байсан одоо дасчихсан. Харин цэвэрлэнэ гэж нэг хэцүү асуудал байна. Найздаа гэр цэвэрлэх найдвартай хүн олж өгөх юм биш биз гэж надаас асуухад тэрхэн хооронд хэн байх билээ гэж бодоод санаанд хүн орж ирээгүй тул бодож л байя гэлээ.

-Дарс ууж уулзаагүй он жилүүдийнхээ тухай ярилцаж, суусаар орой хоёр цаг болсон тул миний унтах өрөөг зааж өглөө. Ор хөнжлийн шинэ давуу авчирч  өгөнгөө энэ өрөөнд анх хонож байгаа хүн нь чи юм шүү гээд инээмсэглэв. Унтахаар хэвтсэн боловч харанхуй энэ өрөөнд надаас өөр хүн унтаж байгаагүй гэж бодохоос нэг л эвгүй, бие жихүүцэм санагдан толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөн хэвтлээ.

Энхээ ээж ааваас хоёулхнаа. Тэгээд ам бүл цөөхөн байж, энэ олон өрөөгөөр яадаг байна даа. Хөргөгч дүүрэн идэх юм байхад үнэтэй рестранд орж мөнгө үрж байдаг гэхчилэн гайхсаар нэг мэдэхэд унтсан байв.

Багахан хугацааг хамт өнгөрүүлсэн найзынхаа хэрэглээнд харамсах сэтгэл төрсөн минь энэ. Сайн сайхан амьдралын хэмжүүр ингэхэд юу болж таарч байна даа хүүхнүүдээ. Хэн нэгнээсээ илүү гарах гэж үнэтэй бүхэн рүү шунаж, хэрэглэхгүй хэрэглээгээ ихэсгэсээр байх уу. Магадгүй миний найз өөрийнхөө энэ үрэлгэн занг анзаарах ч үгүй яваа. Эмэгтэй та ч бас өөрийгөө хэр их хэрэглээтэй, тэр бүхэн чинь амьдралд тань хэрэгтэй байна уу, үгүй юу гэдгийг хянаад үзээрэй. Би ч бас үзэх хэрэгтэй юм гэж тэр шөнө шийдсэн юм шүү.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.