Жүжигчин Гэрэлцэцэг: "Цэлмэг тэнгэр" кино удахгүй нээлтээ хийнэ

 

Швед, Финлянд зэрэг оронд бүх зураг авалтаа хийсэн “Цэлмэг тэнгэр” киноны нээлт удахгүй болох юм байна. Уг кинонд тоглосон жүжигчин В.Гэрэлцэцэгтэй ярилцлаа. Тэрээр Шведэд гэр бүлийн хамт нэлээн хэдэн жил амьдарч байгаад ирсэн юм.

-       Кино хийх бодол хэрхэн төрсөн тухай яриагаа эхлэх үү?

-       Миний нөхөр найруулагч хүн. Бид хоёр эх орноосоо хол олон жил гадаадад амьдарсан болохоор харь улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, тэдний жаргал, зовлон, эх орны минь үнэ цэнэ, нутаг усаа, ижий ааваа санагалзах сэтгэл гээд олон зүйлийн талаар ярилцдаг байлаа. Тэгээд л  энэ тухай кино хийе гэж шийдсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт монгол хүн амьдарч, сурч боловсорч, ажиллаж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монголдоо ирж спонсор, хамтран ажиллах хүмүүсээ олсон. Ингээд 6-р сарын 15-аас яг нэг сарын хугацаанд Финлянд, Шведийн нутагт киноныхоо бүх зураг авалтаа хийсэн. Гадаадад 100 хувийн зураг авалтаа хийсэн анхны кино боллоо.

-       Киноны нэр их сонирхолтой санагдсан?

-       “Цэлмэг тэнгэр” гэдэг нэрний утга юу вэ гэхээр гадаадад тэр тусмаа европт цэлмэг хөх тэнгэр бараг байхгүй шүү дээ. Харин манай монгол гайхалтай сайхан, цэлмэг тэнгэртэй. Шөнө нь түм буман одод түгж тув тунгалаг гүн хөх огторгуйг харах хувьтай төрсөн хүмүүс. Энэ утгаараа "Цэлмэг тэнгэр" гэж нэрлэсэн. Мөн киноны хоёр гол дүрийн нэрийг Тэнгэр, Цэлмэг гэдэг юм.

-       Та нар жүжигчдээ хэрхэн сонгов, кино багт хичнээн хүн ажилласан бэ?

-       Найруулагч /миний нөхөр/ өөрөө зохиолоо бичээд, найруулаад, өөрөө жүжигчдээ сонгосон. Монголоос 9 хүний бүрэлдэхүүнтэй кино баг явсан. Х-түц хамтлагийн Баттөмөр, Тэмүүжин, Драмын театрын жүжигчин Бямбацогт, Алтаншагай, залуу жүжигчин Гэрэлчулуун, Логик студийн Баяраа зураглаачаар, нүүр будагч Одончимэг, дууны найруулагч Хүскэ гээд 2011 оны шилдэг уран бүтээлчид энэ кинонд ажилласан.

-       Гадаадад 100 хувийн зураг авалт хийсэн гэсэн. Бэрхшээлтэй болон давуу тал нь юу байсан бэ?

-       Хэцүү зүйл байсан шүү. Зураг авах газруудаа урьдчилан сонгоод дараа нь цаг авна. Өгсөн цагт нь кино зургаа багтааж авах гээд нойртой нойргүй, цагтай уралдан ажиллана. Гэхдээ уран бүтээлчид маань нэг дор амьдарч байсан болохоор  хэн нэгнийгээ хүлээж цаг алдахгүй амар байлаа.

-       Танай киноны зургийн даргаар хэн ажилласан бэ, мэдээж тухайн улс орноо нэлээд сайн мэддэг хүн байсан болов уу?

-       Зургийн даргаар нь Мандах гэж хүн ажилласан. Харин жижиг хэрэглэл өөр бусад зүйлийг Шведэд амьдардаг Дашгүнсэн гэж эгч хариуцаж тусалсан. Урлагийн хүн биш ч гэсэн урлагт хайртай, элэгтэй хүн. Бидний киноны зураг авалт бүрэн дуустал жүжигчдийн хувцас, жижиг хэрэглэлүүд бүгдийг нь зохицуулж байлаа.

Ер нь тэнд амьдардаг таньдаг таньдаггүй олон Монголчууд өөрсдийнхөө чадах чинээгээр тусалсан. Зарим хүмүүс өөрсдөө гурав дөрвөн цагаар гэрэл барьж зогсох тохиолдол ч гарч байсан. 

-       Киноныхоо нээлтийг хэзээ хийх вэ?

-       2011 оны 12-р сарын эхээр Шведэд амьдарч байгаа монголчууддаа зориулаад киноныхоо нээлтийг хийгээд ирсэн. Тэндхийн жижиг театрт ганц удаа л гаргасан. Маш олон монголчууд үзсэн.

Монголдоо ирэх 2-р сарын 24-д бүх кино театруудад нээлтээ хийх гэж байгаа.

-       Та өөрөө кинондоо тоглосон уу?

-       Соёлоо гэдэг хүүхэдтэй ганц бие бүсгүйн дүрд тоглосон. Гадаадад өрх толгойлсон эмэгтэй хүн хэрхэн амьдардгийг харуулахыг хичээсэн.

-       Уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?

-       Гадаад улс оронд монгол айл, өрх болгоноос багаар бодоход нэг хүн ажиллаж амьдарч байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тиймээс хүний нутагт эдгээр хүмүүс маань яаж амьдардгийг, жаргал зовлонгийн алийг нь илүү амсдагийг манай киноноос үзээсэй, мэдрээсэй гэж хүсч байна. Мөн харийн оронд ажиллаж, амьдарч байгаад ирсэн, одоо амьдарч байгаа бүх л хүмүүсийн заавал үзэх ёстой киноны нэг шүү гэж хэлмээр байна.

-       Баярлалаа.

 

Ярилцсан У.Чулуунчимэг

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.