Дуурийн урлагийн үе үеийн уран бүтээлчид

Классик жем хамтлагийн дуучин Б.Отгончимэг

-Юуны өмнө танд Дуурийн урлаг үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргье. Та өнөөдрийн сонгодог үдшийн сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргье. Өнөөдрийн энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Учир нь өмнө бид гадны орнуудын томоохон шагнал гардуулах ёслолыг зөвхөн хардаг байсан бол өнөөдөр би өөрөө улаан хивсэн дээр алхаж явна.  Энэ нь дуурийн урлаг ямар шатанд хөгжсөн бэ гэдгийг харуулж байгаа юм.

-Тийм шүү. Дуурийн урлаг хэрхэн хөгжсөнийг үзэгч, сонсогчдоос нь харж болохоор байна.

-Үнэхээр тийм. Нийгэм өөрөө хэцүү байсан цаг. Нийгмээ дагаад хүмүүс юу үзэхээ мэдэхгүй. Дуурийн урлагийг ойлгох хүн ховор байсан. Учир нь Монголд орж ирээд удаагүй байсан учир хүмүүс энэ урлагийг маань сонирхохгүй, учрыг нь олдоггүй байсан. Харин одоо энэ гайхамшигтай сонсох урлагийг  ойлгож мэдрэх хүн олон болсон байна. Долоо хоног бүр тоглож байгаа тоглолтыг маань үзэж байгаа үзэгчид өдөр өдрөөр нэмэгдэж байгаа нь харагддаг. Хэрвээ дуурийн урлагийг сонсож, үздэггүй хүн байх юм бол бидний энэ урлаг та бүхэнд маш сайхан хайрыг, агуу их энерги аваад гардаг юм шүү. Сонгодог урлагийг хайрлаж яваарай.

-Тэгэлгүй яахав. Та өнөөдрийн энэ сайхан сонгодог үдшийн адил өөрөө ч бас сонгодог харагдаж байна. Өнөөдрийн гоёлоо уншигчидад маань танилцуулахгүй юу?

-Маш их баярлалаа. Ёслолын ажиллагаагаа хүндэтгэж гоёсон миний гоёлын даашинз Германы алдарт CONCORD брендийнх, харин гоёл чимэглэлийн хувьд хүрэл дээр суулгасан SWAROVSKI-оор гоёж ирлээ.

-Таньд баярлалаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.

-Та бүхэнд ч бас баярлалаа.

 

Ардын жүжигчин Мөнхшүр

-Таньд  60 жилийн ойн баярын мэнд хүргэе. Уншигчидтай маань сонгодог үдшийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.

-Өнөөдөр миний хувьд сонгодог урлагийн академик театрт 1981 оноос хойш өдийг хүртэл ажиллаж, нэгэн жарны турш хөгжин ирсэн энэ сайхан урлагтайгаа хамт байсан өдрүүд давхцсан сайхан өдөр байж би баяр жаргалаар бялхаж байнаа.

-Сонгодог урлагийн үзэгч, сонсогч нэг үеэ бодвол харьцангуй их болж байна.

-Аргагүй шүү дээ. Сонгодог урлаг гэдэг чинь тухайн нийгмийн нүүр царай, ард иргэдийнх нь боловсрол, соёл, ёс заншил харагддаг. Монгол улс минь өөрчлөгдөж байна шүү дээ.  Хүмүүсийн сонгодог урлагийг хүлээж авах, мэдрэх мэдрэмж нь боловсрол нь өндөрсөж байгаа учраас бид шат ахиж байна. Гэтэл бидний үед сонгодог урлагийг ойлгож сонсдог хүмүүс бага байсан, гэсэн ч бид хэзээ ч шантарч байсангүй. Харин одоо зэрийтэл маань биднээс илүү дуурийн урлагийг мэддэг, мэдэрдэг, боловсролтой болсон байна. Өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүрт сонгодог урлагийг сурталчилж,  хичээл ордог байлаа.  Харин тэр багачуул одоо өсөж томорсноор сонгодог урлагийг ойлгож, бусаддаа ч бас сурталчилдаг болсон байна. Тиймээс сонгодог урлагийг сонирхдог, сонсдог, үздэг та бүхэндээ хандаж хэлэхэд та нарын минь боловсрол тэс ондоо байдаг шүү.

-Үе үеийн залуу дуучиддаа хандаж юу хэлэх вэ?

-Энэ сонгодог урлагийг  нэг жаран болтол хөгжөөж, нэг жаран болтол ургуулж цэцэглүүлж ирсэн  алтан  үеийнхэнийнхээ тарьсан үрэн дээр бид нар ургаж дэлбээлсэн энэ өдөр бид баярлахаас илүү яах билээ. Та нар минь ч гэсэн тэр сайхан үр нь юм шүү. Дүү нартаа ажилын, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Урлагийн тэнгэр янжинлхам  бурхан ивээж байг хэмээн ерөөе.

-Ерөөл бат оршиг ээ, таньд ч бас хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

-Та бүхэндээ ч гэсэн баярлалаа.

 

МУГЖ Пүрэвсүрэн:

-Нэгэн жарныхаа баярыг тэмдэглэж байгаа таньд энэ сайхан өдрийн мэнд хүргье. Та сэтгэгдлээсээ уншигч бүсгүйчүүдтэй минь хуваалцаач...

-Эмээ нь энэ урлагт хөл тавиад тавь гаруй жил болж байна. Эрдмийн энэ театрт 16 настайгаасаа хойш урлагийн гараагаа тавьсан юмаа. 1948 онд Бөмбөгөр ногоон театраас одоогийн энэ Дуурь бүжгийн эрдмийн театр болтол нь  амьдарч байлаа.  1952 онд манай гоцлол дууны анги байгуулагдаж өдгөө 50 жил болсон байна.  Тэр хамт олны нэг болсондоо би маш их баярлаж, бахархдаг.

-Сонгодог урлагийг ойлгож сонсдог, хүлээж авах үзэгчидийн тоо ихэссэн байна. Үүнийг өнөөдрийн энэ арга хэмжээ харуулж өгч байна уу даа?

-Тэгэлгүй яахав. Манай театр дэлхийд сонсогдох болсон.  Даян дэлхийд алдартай сонгодог баллет, сонгодог дууриудыг манай театр тавьсан байна.  Аль хэдий нь  дэлхийд байр сууриа олчихсон уран бүтээлчид манай уран бүтээлчидтэй хамтран энэ л театрт тоглосон байна. Харин үүнийг жаран жилийн дуурийн урлагийн түүх минь дэлгэн харуулах юм.  Мөн дэлхийн томоохон тэмцээнүүдээс түрүүг нь авч, дэд байр эзлэн ирсэн ийм мундаг дуучид манай театрт ингэж нэг дор цуглаад  дуулж байна гэдэг гайхамшиг юм шүү дээ.

-Үе үеийн дуурийн дуулаачид, шавь нартаа хандаж юу захиж хэлэх вэ?

-Урлаг гэдэг гайхамшиг юм шүү. Түүний замналаар замнасан хүн хэзээ ч  алдаж, муу зүйлд унадаггүй юм.  Та нартаа чин сэтгэлээсээ аз жаргал хүсч, урлагийн тэнгэр ивээж байг ээ хэмээн хэлэх байна.

-Таньд ч бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

- Баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.