“Аавуудаа гэртээ эрт хариарай” аяныг өрнүүлж байна
“Аавуудаа гэртээ эрт хариарай” аяныг маань сонирхон уншиж байгаа эрхэм таныг бидний аяны нэгэн хэсэг болно гэдэгт итгэж байна. Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдтэйгээ энэ удаагийн аянаа эхлүүлэх болсондоо баяртай байна. Эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхаж яваа, аав та ажил ихтэй байгаа ч алиа бяцхан үр чинь амраг хайртай хань тань таныг цаг үргэлж хүлээж байдгийг мартаж болохгүй шүү.
Аав гэдэг эрхэм нэр алдрыг танд бэлэглэсэн тэр л бяцхан үрсдээ зориулах цагаасаа битгий хагаслаарай. Үр хүүхдүүд чинь өсөж торних тусам аав гэдэг эрхэм хүнээс үлгэр дууриалал авч, аав шигээ мундаг хүн болно, аав шигээ хүнтэй сууна гээд л таны өөрөө олж хараагүй, тэр нандин чанаруудыг чинь дуурайн, хэн ч хайрлахгүй хайраар таныг хайрлах болно. Тэр хайрыг улам гүн гүнзгий болгох цаг мөчүүдийг гэр бүлтэйгээ алдалгүй өнгөрүүлээрэй. Охиноо хүүгээ сургуульд нь, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч амждаггүй бол та заавал зав гаргаарай. Аавдаа хөтлүүлэн алхаж яваа хүүхэд бардамнал бахархлаар дүүрэн байдаг юм. Магадгүй таны хүүхэд том болсон байсан ч гэсэн та зав гарган түүнтэй ойрд ярилцаагүй сэдвээрээ ярилцаад үзээрэй, таны зөвөлгөө хэзээд үнэ цэнэтэй шүү.
Гэр гийгүүлсэн гэргийтэйгээ, сэтгэл баясгасан үрстэйгээ, урин цагийн намуун үдэш хамтдаа хотын гудамжаар салхилан алхаарай. Орон гэрт тань, хайртай үрд чинь, дутагдаад байгаа орон зайг хэн ч юугаарч нөхөж чадахгүй ээ. Аавуудаа гэртээ эрт хариарай.
www.emegteichuud.mn







