Дэд хурандаа Г. Болор: Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицер албан тушаалд тэнцсэндээ маш их баяртай байна

Би ээжийнхээ хүслийг дагасандаа өнөөдөр алдаагүй, цэргийн хүн болсондоо өөрөөрөө бахархаж явдаг даа


Батлан хамгаалах салбарийнхан гэхээр тэр чигээрээ эрчүүдээр төсөөлөгддөг үе саяхан. Гэтэл өнөө цагт энэ салбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн цөөнгүй хувийн эмэгтэй цэргийн албан хаагчид эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэгээрээ ялгаран онцгойрч байдаг. Ялангуяа салбарынхаа онцлог, давуу болон сул талыг мэргэжлийн нүдээр харж, үнэлэлт дүгнэлт хийх чадварлаг залуус өнөөдөр Зэвсэгт хүчинд олон бий. Тэдний нэг болох Цэргийн шинжлэх ухааны бакалавр, Техникийн шинжлэх ухааны магистр, дэд хурандаа Ганболдын Болорыг уншигч авхай таньтай уулзуулах гэж байгаадаа таатай байна. Тэрээр 1999 онд Цэргийн Их Сургуулийг төгссөнөөс хойш өнөөг хүртэл энэ салбартаа эрчүүдтэй мөр зэрэгцэн нэгэн үзүүрт сэтгэлээр албандаа зүтгэж яваа бүсгүй. 2009 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Чад улсад явагдаж байсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Хүчний Командлалд Хүний Нөөцийн офицер, 2011-2012 онд АНУ-ын Алабама муж дахь Агаарын Цэргийн Команд Штабын Коллежийг төгссөн анхны эмэгтэй цэргийн алба хаагч гээд түүнийг тодорхойлох үйл хэргүүд олон бий. 


- Таньд өнгөрсөн ч гэсэн Монгол цэргийн өдрийн халуун мэндийг дэвшүүлье!

- Баярлалаа. "Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын мэндийг зэвсэгт хүчиндээ өөрсдийн нөр их хичээл, зүтгэлийг өргөн, одоо гавъяаныхаа амралтанд буй ахмад дайчиддаа болон тэдний залгамж халаа болж монгол цэргийн түүхийг бичилцэн хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэж буй цэргийн албан хаагчиддаа болон тэдний гэр бүлийхэнд хүргэе. Ялангуяа надад чи бол цэргийн хүн, эх орны цэрэг гэдэг ойлголтыг цээжинд минь гүн бат суулгаж өгсөн Батлан хамгаалах их сургуулийн эрдэмтэн багш нартаа цэргийн албаны офицерууддаа онцгойлон баяр хүргэмээр байна. 


- Монгол цэргийн өдрийн өмнөхөн таны хувьд маш сайхан баярт мэдээтэй гэж дуулдсан. Тэр айсуй баяраас тань хуваалцахыг хүсч байна? Ялангуяа эх орны маань иргэд монгол эмэгтэйгээрээ бахархах торгон агшин шүү дээ? 


- Өнгөрсөн 12-р сард шинэ жилээ угтах мөчид миний бие НҮБ-ын Энхийг сахиулах газраас өмнө явуулсан хүсэлтийн дагуу хурандаа Д. Ганзориг бид 2-ыг эхний шатны шалгуурт тэнцэж, 2 дахь шатны шалгуур болох бичгийн шалгалт болон ярилцлага өгөх болсон талаар мэдээ ирсэн. Хурандаа Д. Ганзориг тус мэдээ ирэхээс өмнөхөн шинэ албан тушаалд томилогдсон тул миний бие шалгалт өгч саяхан НҮБ-ын Энхийг сахиулах газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицер албан тушаалд тэнцсэн гэсэн хариу ирсэнд үнэхээр их баяртай байна. Энэ бол манай Зэвсэгт хүчний чармайлтын дүнд бий болж байгаа боломж бөгөөд итгэлийг дааж, олон улсын статустай байгууллагад монгол офицерийн нэр төрийг өндөрт өргөж ажиллана гэж бодож байна даа.


- Монгол эмэгтэй цэргийн албан хаагч дэлхий дахинд мэргэжлийн чадвараараа өрсөлдөж амжилттайгаар даван туулж байна гэдэг бахархам үйл хэрэг гэж ойлгож байна. Таньд Эмэгтэйчүүд.мн-ийн хамт олноос чин сэтгэлийн баяр хүргэе.


- Баярлалаа. Монголын цэргийн албан хаагчид НҮБ-ад үүрэг гүйцэтгээд 10 гаран жилийг ардаа орхиж энэ хугацаанд бид эх орны цэргээсээ эх дэлхийн цэрэг гэдэг эрхэм нэрийг хүртэж өнөөдрийг хүртэл үүргээ амжилттай гүйцэтгэж мөрдөс нэгт бусад орны цэрэг дайчдаас мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгээрээ дутахгүй яваа гэдэгээ бодит амьдрал дээр харуулж байна. Энэ мэдрэмжийг яг ажиллагааны газар районд цэрэг дайчидтайгаа хамт үүрэг гүйцэтгэхдээ л илүү их мэдэрч өөрийгөө тэдний нэг гэж бодохоор бардам бөгөөд өөдрөг сайхан байдаг юм байна. 


- Та яагаад энэ мэргэжлийг эзэмших болсон бэ? Та хүүхэд насныхаа мөрөөдлөөр жигүүрлэж явна уу? Тэр тусмаа 1990-ээд оны дундуур эмэгтэй хүүхэд цэрэг болохыг хүснэ гэдэг миний төсөөлж байгаагаар их ховор тохиолдол байсан байх?


- Хүүхэд байхдаа цэргийн хүн болно гэж огт бодож байгаагүй. Зүүдлэж ч явсангүй. Бүр жаахан байхаасаа л эмч болно гэж мөрөөддөг байсан. Нийслэлийн 33-р дунд сургуулийн химийн сонгон болоод Анагаах Ухааны Их Сургуулийн лицейн хими физикийн сургалтанд 8,9-р ангидаа явж байсан учраас ерөөсөө л эмч болно гэж бэлтгэгдэж явсан. Манай ангийн охидууд конкурсын өмнөх орой “манай ээж хүнд хэлсэн, миний аав ээж тэр багштай уулзаж намайг захисан, чамайг хэлсэн үү” гээд л хоорондоо яриад эхэлсэн. Ер нь ээж намайг хүнд хэлсэн юм бол уу гэж өөрийн эрхгүй бодогдсон. Тэгээд орой нь гэртээ ирээд “- Ээж та намайг хүнд захисан уу гэсэн чинь хэнд захидаг юм. Чи өөрөө шалгалтандаа сайн бэлдэхгүй юу” гэхэд нь “- За энэ ер нь хүнд захиагүй юм чинь шалгалтандаа унаж, нүдний булай болох юм байна даа” гэсэн анхны мэдрэмж төрсөн.Тэгээд л маргааш нь шалгалтаа өгч байгаад дундаас нь гараад ирсэн чинь аав ээж 2 за яасан гэхээр нь сайн бэлдэж байгаад дараа жил өгье гэхэд ээж маань ихэд дурамжхан хүлээн авч, зэмлүүлсэн би гэдэг хүн уйлаад Анагаах Ухааны Их Сургуулиас талбай руу алхаж байсансан. Одоо эргээд бодоход 10 жил онц сурлагатан явсан Болор шалгалтандаа уначихаж гэж хэлүүлэхээс “эмээсэн”, дээр нь өөртөө итгэл муутай байсан санагддаг. 


- Чухам эмч болохоор зорин тэмүүлж байсан охины “эмээлт” эмчийн эгнээнд элсүүлсэнгүй. Ээжийн урмыг ч “хугалчихаж”. Ингэхэд яаж яваад цэргийн сонсогч болохоор шийдчихэв? 


- БХИС-д багшилж байсан манай нагац ах нэг өдөр ирээд Манай сургуульд эмэгтэй сонсогч авч байгаа гэхээр нь Цэргийн сургуульд уу гэсэн чинь Тийм гэлээ. Тэгэхээр нь ямар инээдтэй юм бэ гээд л яриад өнгөрсөн. Орой нь ээжийг ирэхээр нь нээрээ ээж том ах ирсэн тэдний сургуульд эмэгтэй хүүхдүүд авч байгаа гэнээ инээдтэй байгаа биз гээд л сонин болгоод ярьсан чинь ээжийн нүд сэргэж ирснээ миний охин тэр сургуульд шалгалт өгчих гэдэг байгаа. Би юу? Та ямар инээдтэй юм хэлдэг юм бэ тоглоод байна уу гэсэн чинь бүр жинхэнээсээ тэр шөнөжингөө ятгалаа шүү. Айлын том охин би чинь дуулгавартайг хэлэх үү За за ээжийн хүссэнээр маргааш очоод шалгалтаа өгөөд тэнцэхгүйгээр гараад ирье гээд л маргааш нь очтол Зогс гээд л буутай цэрэг ирээд би бүр айгаад ээжээ болье оо эндээс явья гэсэн чинь бүртгүүлсэн юм чинь шалгалтаа өгөөд гарья гээд дотогш орсон чинь их дээр үеийн хуучны нөгөө кинон дээр гардаг өндөр таазтай байшинд орж шалгалт өгдөг байгаа. /Одоогоор холбооны байр л байсан л даа./ Тухайн үед конкурс явагдаад дуусчихсан нэмэлт элсэлтээр эмэгтэй хүүхдүүд авахаар шийдвэрлэж, тэгээд физик, математик, орос хэл, биеийн тамираар шалгалт өгч, 5 эмэгтэй сонсогчийн нэг нь болсондоо. Шатласан сургалтаар суралцаад жилээс жилд хүүхдүүд хасагдсаар анхны 5 жилийн сургалт болж 3-уулаа л төгссөн. Ангиас Пүрэвсайхан, Энхнасан бид 3 энэ албандаа одоог хүртэл үнэнчээр зүтгэж байна даа. Гэхдээ манай ангиас зарим нэг хүүхдүүд дараагийн курсэд суралцаж, өнөөдөр анги салбарт амжилттай ажиллаж байгаа цэргийн албан хаагчид ч байгаа.


- Эмчийн халаадтай энхийн манаанд зогсох охин эх орноо хамгаалагч цэрэг болжээ. Сонсогч ахуй цагийн хөгжилтэй дурсамжнаас нь хуваалцья? Хүнд бэрхшээл, шантрах зүйлүүд их л тохиолдож байсан байх даа?


- Манайхан ер нь юмыг төлөвлөж сураагүй ард түмэн харагддаг. Тэрний жишигээр Цэргийн сургуульд эмэгтэй хүүхэд авна гэж шийдвэр гаргасан хэрнээ яаж хэрхэн сургах, бие бялдарын норматив нь эрэгтэй сонсогч нараас өөр байх юм уу зэрэг сургалтын нарийн төлөвлөгөө тэр үед огт байгаагүй. Анхны эмэгтэй сонсогч нар ерөөсөө л эрчүүдтэйгээ адилхан үзэж тарсан даа. /инээв/ Тэр үед манай жагсаалын даргаар одоогийн бригадын генерал Л. Онцгойбаяр, курсын орлогчоор одоогийн Өвөрхангай аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа н. Батдорж нар цэргийн анхан шатны бэлтгэлийг анх зааж байсан. Тэгэхэд би гэдэг хүн -Үгүй энэ чинь эрэгтэй эмэгтэй гэж байдаггүй юм уу. Адилхан хурдтай гүйлгээд байх юм гэсэн чинь Чи битгий дэмий юм яриад бай. Дайсан чамайг онилж хэвтэж байснаа за за тэр эмэгтэй удаан гүйгээд байхын удаан буудья гэх үү гэж хэлэхээр нь нээрэн ч тэгэх байх даа гээд л ер нь их хөгжилтэй үе олон тохиосоон. Цасан шуурга, халуун хүйтэн аль ч цаг үед эрчүүдтэйгээ мөр зэрэгцээд хээрийн сургууль, 30 кмын маршад станцаа үүрээд л 5 жилийг ардаа үдсэн дээ. Аливаа байгууллагын соёл гэж байдаг. Би ЦИС-ийн Холбооны тэнхимдээ элсэн орж суралцсандаа үнэхээр их баяртай байдаг. Биднийг багш нар маань багаас нь зөв төлөвшүүлж хүмүүжүүлсэн нэг тийм халуун дулаан орчин байсан. Өнгөрсөн намар тэнхмийн маань 90 жилийн ой тохиож бид бүхэн очиход хүүхэд нас минь нүдэнд харагдаж, хүндэт багш нартайгаа эргэн уулзахад өөрийн эрхгүй огшоод л ирсэн дээ. Би ээжийнхээ хүслийг дагасандаа өнөөдөр алдаагүй, цэргийн хүн болсондоо өөрөөрөө бахархаж явдаг даа.

 Тэсвэр тэвчээр, хатуужлын ард гарахад сайн сайхан бүхэн тосч авдаг


-Хүн бүрийн ажил амьдралын анхны гараа тухайн эзэндээ их эрхэм байдаг. Жинхэнэ цэргийн хүн гэж өөрийгөө чухам хэзээнээс үзэв?
-Цэргийн сургууль хүнийг маш хурдан хугацаанд төлөвшүүлдгээрээ бусад их, дээд сургуулиас ялгаатай. Би 17 настайгаасаа захирах, захирагдах ёс, дүрэм журам, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаанд суралцсан. Тиймээс 5 жилийн турш цэргийн амьдралаар амьдрахдаа их зүйлийг ойлгож ухаарч төгссөн. Казармд байхаасаа цэргийн хүн боллоо гэж мэдэрсэн. Цэрэг гэдэг зэрэг гэсэн үг. Эрх мэдэлгүй байхдаа яаж сул дорой байх вэ, эрх мэдэлтэй болсон хойноо хэрхэн бусдыг захирах вэ гээд хурдан хугацаанд биднийг хүмүүжүүлдэг. Тухайн үед намайг төгсөхөд Зэвсэгт Хүчний Ерөнхий штабын Хүний Нөөцийн мэргэжилтэн, дэд хурандаа Оросоо, холбооны тэнхмийн анхны бас онц дүнтэйгээр төгссөн эмэгтэй сонсогч Болорыгаа штабынхаа Тооцоолох төвд Инженерээр хувиарлана гээд хурандаа И. Батболд даргатай сайхан хамт олны эгнээнд багтааж, ажлын анхны гараа минь тэндээс эхэлж байсан би азтай хүн. Анх цэргийн амьдрал хэцүү байсан бол одоо огт өөр гоё мэдрэмж төрдөг. Тэсвэр тэвчээр, хатуужлын ард гарахад сайн сайхан бүхэн тосч авдаг. Гэхдээ анхны эмэгтэй цэргийн алба хаагч боллоо гээд бүх зүйл дардан яваагүй. Английн нэг гое зүйр үг байдаг даа. Not everyday has wine and roses. There.s some so grapes, torms /Өдөр бүхэн миний амьдралд дарс, сарнай байгаагүй. Түүний хажуугаар зам дагуу өргөст ургамалууд, мөн исгэлэн усан үзэм хэвтэж л байсан/ Тэгсэн хэдий ч давж гарсан. Одоо 20 дахь жилдээ энэ албандаа зүтгэж байна.


- Эмэгтэй цэргийн албан хаагч байнгын бүрэлдэхүүний цөөхөн хувийг эзэлдэг. Тэр дундаа Тунгаамаа, Нямжаргал, Самбуужанцан, Болор гээд эмэгтэйчүүдийг салбараараа бүгд таньдаг, хүндэлдэг бас та бүхний үйл хэргийг бахархан ярьж байхыг сонслоо?


- Баярлалаа. Бид мундагтаа эсвэл онцгойрсондоо тэгсэн гэж бодохгүй байна. Тухайн цаг үеийн азтай хувь тавилангаар бид анхдагч болсон. Магадгүй миний оронд өөр хэн нэгэн эмэгтэй байж болно шүү дээ. Тийм байсан бол бас л анхны эмэгтэй сонсогч байх байсан. Нэгэнт анхных болсон юм чинь араасаа олон эмэгтэйчүүдийн замыг нээж байгаа учраас зөв зам тавих юмсан гэдэг маань эхний том бодол. Нямжаргал бид 2 хоорондоо ярилцдаг. Хоёулаа л зөв үлгэр дуурайлалтай явж байвал цэргийн эмэгтэй дүү нар маань сайхан явна. Тиймээс хичээцгээе гэдэг дээ. Араасаа дагуулахын хувьд нэлээн зүйл дээр анхдагч боллоо. Нямжаргал НҮБ-ад томилогдон ажилласан анхны эмэгтэй цэргийн ажиглагч, миний хувьд НҮБ-ын штабад томилогдон үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй офицер, 2013-2014 онд БНӨСУ-д явагдаж байгаа UNMISS ажиллагааны Хүчний Командлалд J6 буюу Холбооны хэлтсийн даргаар анх томилогдон тус тус явсан. Аминдаа их л мэрийгээд хичээж явна даа. Энэ бол бодит түүх. 


-Анхны гадагшаагаа хандсан сургууль, энхийн үйл хэргүүдэд хэрхэн явж байв?


-Албан ёсны тушаалгүй хэлний курсэд сурахдаа анги дотроо шалгалт авахад хамгийн өндөр оноог авдаг байсан. Тэгээд гадагшаа сурах гээд шалгалт өгөхөд явуулдаггүй байлаа. Таван удаагийн шалгалт өгөөд чадаагүй. БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга болсны дараагаар АНУ-ын ТЕХАС мужийн Батлан хамгаалах хэлний институтын англи хэлний багшийн дамжаанд явах шийдвэрээ яамны Хүний нөөцөөс сонсчихоод маш их догдлолтойгоор алхаж байснаа санаж байна. Дараа нь АНУ-ын Алабама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежид шалгалт өгсөн. Тухайн үед манайхан их гайхсан, эсэргүүцэлтэй нэлээн тулгарсан. Эмэгтэй хүн хэзээ ч шалгалт өгч байгаагүй, явж байгаагүй гэдэг өнцгөөс харсан. Гэхдээ азаар АНУ-ын талаас хэн чадна, түүнийг явуулдаг зарчимтай учраас суралцахаар явсан. Ер нь хэлтэй болсныхоо хүчээр цэргийн салбарт ажиллаж байгаагийнхаа үр шимийг хүртсэн маш их боломж надад тохиосон. Боломж бүрийг л алдахгүйг хичээж байсан даа.


-Энхийг сахиулах ажиллагаанд явж цэнхэр дуулгатан болсон талаар эргэн дурсвал, таны хувьд Төв Африк гэдэг цоо шинэ ертөнц байсан нь мэдээж. Тэнд очоод төрсөн анхны мэдрэмж сонин байна?


-Анх 2009 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Чад улсад Энхийг сахиулах ажиллагааны Хүчний командлалд Хүний нөөцийн офицероор үүрэг гүйцэтгэхээр очсон. Олон үндэстний орчин нөхцөл өөр, уур амьсгал нь хүнд хэцүү гэж төсөөлж очсон боловч хамт ажиллах бие бүрэлдэхүүн маань их сайхан хүлээж авч ажил үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Чад улс өөрөө ядуу буурай дөнгөж хөгжих гэж буй хүнд нөхцөлтэй орон. Хүмүүс хэрхэн ядуу амьдарч, эмэгтэйчүүд хүүхдүүд олноор яаж зовж буйг нүдээрээ харж, ертөнцийн нөгөө буланд ийм амьдрал байдаг байх нь гэж их гайхсан. Тэгээд амьдралын сайн сайхан амьд явахын утга учрыг, улс орны амьдралын нөхцлийн ялгааг олж харж харьцуулах боломж гарсан. Ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг болохыг мэдэрсэн. Бүх айл өрхийн хүнд ачааг эмэгтэйчүүд нуруун дээрээ авч явдгийг харсан. Дэлхийн 70, 80 орны офицерууд үүрэг гүйцэтгэж байсан. Миний хувьд тэдгээр цэргийн алба хаагчдын амралтыг тооцож бодох, виз даруулах, ажиллагаа нь дуусч байгааг судалж, медаль гардуулах зэрэг ажлыг хариуцан ажилласан.


-Таны бодлоор НҮБ-ын ажиллагаа гэдэг бусад олон улсын ажиллагаанаас юугаараа өөр вэ?


-НҮБ-ын ажиллагаа гэдэг бол харилцаа. Хэлний чадвар маш чухал. Хэлний чадвар сайн байж зөв харилцаа, хандлагыг үүсгэнэ. НҮБ-ыг төлөөлж ажиллаж байгаа учраас тухайн газар оронд амьдарч буй олон янзын ёс заншилтай цэргийн алба хаагчид, нутгийн иргэдтэй зөв харилцааг бий болгож байж бидний үүрэг гүйцэтгэл сайн урагштай явна. Нэг ёсондоо үүрэг гүйцэтгэх явцдаа хүмүүстэй харилцах харилцааны урлагт давхар суралцдаг гэсэн үг. Нөгөө талаар НҮБ-ын ажиллагаа болоод бусад ажиллагаа манай улсын цаг уураас огт өөр орчинд явагддаг учраас тэсвэр тэвчээрийг шалгана. Өдөр тутам 50-60 хэмийн халуун заримдаа үдээс хойшдоо жаахан сэрүүн болоход машиныхаа хэмийг харахад 53, 54-ийг зааж байдаг. Тэгээд бодохоор монгол хүн аливаад дасан зохицох чадвар өндөртэй. Бид мундагтаа биш эртнээс өвөг дээдсээсээ генидээ эрс тэс уур амьсгалыг даван туулах чадвар суусандаа нэг их хүндрэл гардаггүй.

Монгол цэргүүд хүний нутагт байхдаа эх оронч сэтгэлгээ нь илүү их омогшиж бадардаг. Тэр их сайхан дотно санагддаг.
-Энэ салбарт алба хааж буй эмэгтэйчүүдийн талаар бодлоо хуваалцахгүй юу. Тэр дундаа ажиллагаанд явж буй эмэгтэй алба хаагчидтай хэр ойрхон үүрэг гүйцэтгэж байв?
-Миний хувьд НҮБ-ын 2 ажиллагаанд явсан. Чад улсад явж байсан Энхийг сахиулах ажиллагаанд улсаасаа ганцаараа эмэгтэй, бусад нь эрэгтэй алба хаагч байсан. Харин дараагийн ажиллагаа 2013-2014 онд БНӨСУ-д болж UNMISS ажиллагааны Хүчний командлалд J6 буюу Холбооны хэлтсийн даргаар томилогдсон. Тэгэхэд манай цэргийн баг 850 хүний бүрэлдэхүүнтэй. Түүний 2-р ээлжинд 28, 3-р ээлжинд 36 эмэгтэй явсан. Сүүлийн ажиллагаанд монгол эмэгтэйчүүд олон байсан болохоор илүү сонирхолтой. Тэдэндээ, “Та нарын нэг төлөөлөл нь UNMISS ажиллагааны Хүчний Командлалд ажиллаж байна. Тиймээс үлгэр дуурайлал аваад илүү эрч хүчтэйгээр үүргээ амжилттай гүйцэтгэе, бүгдээрээ хичээцгээе” гэсэн ойлголт, урам зоригийг өгч норвеги, япон, энэтхэг, монгол эмэгтэйчүүдээс бүрдсэн эмэгтэйчүүдийн холбоо байгуулсан. Орон орны эмэгтэйчүүдтэй сайхан ярилцлага хийгээд сэтгэл санааг өргөх, дэмжих ажлыг зохион байгуулж байсан. Монгол эмэгтэйчүүд дээрээ ирэхэд тэврэлдэн уулзалддаг. Нэг нэгэндээ дэмтэй явахыг зорьсон дурсамжтай олон сайхан үйл явдал биднийг холбосон.


-Таныг үүрэг гүйцэтгэх явцад тухайн газар оронд эрсдэлтэй цаг үе байв уу. Эмэгтэй цэргийн алба хаагч гээд цаг үеийн байдлаас чөлөөлөхгүй нь ойлгомжтой?


-Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагааны Хүчний командлалд үүрэг гүйцэтгэхээр очсоны 3 сарын дараа иргэний дайн болсон. Нэг өглөө сэрэхэд пүн пүн гээд дуу гарахаар нь буун дуу гэж бодоогүй. Тэгтэл радиогоор “Анхаараарай, UNMISS-ийн бүх хүмүүсээ гадаа буун дуу гарч байна. Хоёр омгийн зөрчилдөөн үүсч байгаа учраас баазаас гарахгүй байхыг анхааруулъя ” гэхэд их эвгүй байсан. Сүүлдээ буудалцаан дунд чих дасчихсан. Нэгэнт цэргийн хүн болсон болохоор аливаад халширч болохгүй гэдгээ мэддэг ч заримдаа гутрах үе гардаг. Гэр бүлийнхэнтэйгээ төрсөн өдрөөрөө хамт байж чадахгүй байлдаан дунд байж байдаг гэх зэргээр бодогдох үе байна. Манай бааз, ажил 2 хоорондоо хол. Өөрөө машинаа 10 гаруй км жолоодож явах үед буудалцаан болвол хурдан л бааз руугаа давхиж орно. Тэгэхэд хэрвээ энд амь алдахаар бол нэгэнт цэргийн хүн болсон юм чинь гэж өөрийгөө чангалж зоригжуулдаг байлаа. Бас хамгийн том хөшүүрэг нь бусад цэргийн алба хаагч эмэгтэйчүүддээ үлгэр дуурайлал болж байж, өөрөө сэтгэлээр унаж байгаагаа харуулахгүй байх ёстой. Тиймээс аль болох сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, аливаад тайван хандахыг хичээж байсан.


“Хүний аз жаргал гэдэг чинь сэтгэлийн дүүрэн байдал юм байна” гэж ухаарсан.

- Таныхаар аз жаргал гэж юу вэ? Энэ өгүүлбэрт цэргийн хүмүүс үнэн хариулж чадна гэж би бодож байна? 


- Бидний үүрэг гүйцэтгэх хугацаанд манай баазад дүрвэгсэд орж ирсэн. Дүрвэгсдийн хуаран дундуур машинаа бариад явж байхад өлсөж ядарсан, зовсон шархдсан хөл нүцгэн хүүхэд хүмүүсийг харахад сэтгэл зүрх их эмтэрнэ. Нэг талаар тэндээс олж харсан нэг сайхан мэдрэмж нь аз жаргал гэж юу юм бэ, аз жаргалыг бид хаанаас эрэх ёстой гэж “Хүний аз жаргал гэдэг чинь сэтгэлийн дүүрэн байдал юм байна” гэж ухаарсан. Дүрвэгсдийн хуаранд аз жаргалтай хүмүүсийг зөндөө олж харсан. Гэр орон байхгүй, дүрвэчихсэн, үр хүүхдүүд нь хөл нүцгэн харагдах атлаа гэр бүлийн хоёр борооноор дээгүүрээ гялгар уут барьчихаад хүүхдүүд рүүгээ байдгаараа хурдан гүйхийг хараад тэдний нүднээс аз жаргалтай инээмсэглэлийг харсан. Хүний аз жаргал гэдэг баян тансаг орд харш, эд баялаг биш гэр оронгүй ийм хүмүүс дунд ч сэтгэл л дүүрэн байх юм бол аз жаргал тэнд байж болдог юм байна гэдгийг ухаарсан. Хүн нэг л амьдрах юм чинь аз жаргалтай л амьдрах учиртай. Үүнийг сэтгэлийн дүүрэн байдал нь л илэрхийлдэг юм билээ. 


-Цэрэг хүний ар тал бат бөх цайз хэрэм мэт байх учиртай санагддаг. Ялангуяа гэр бүлийн бүх гишүүд алс хол хүний нутагт эрсдэлтэй цагийн байдалд үүрэг гүйцэтгэж буй охинтойгоо сэтгэл зүрхээрээ хамтдаа л үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг биз дээ?


-Түүнийг ажиллагаанд явсан бүх хүмүүс л мэдэрнэ. Ажиллагааны газар орон дээр оччихоод эргээд гэр орондоо ийм, тийм байна гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Ганц хэцүү нь хэвлэл мэдээллээр цагийн байдлыг мэдээлдэг. Тэгэхэд ээж маань юу болж байна, яаж байна гэдэг. Тэгэхээр нь өөр газар болж байгаа, манайхаар Улаанбаатар хот байлаа гэхэд Хөвсгөлд болж байгаа гэсэн үг, санаа зоволтгүй ээ гээд сэтгэлийг нь амраадаг. Уг нь тэр газар оронд болж байх жишээтэй. Буудалцаанаас гадна малёр өвчин, шумуул гээд давхар аюул байдаг учраас хувь хүнээс их сэрэмж шаарддаг.


-Ингэхэд цэргийн албан хаагчид ажиллагааны стрессээс хэрхэн гардаг бол гэдэг бусдад их сонин санагддаг?


-Гэртээ ирээд унтаад сэрэхдээ суниахад тор тээглэсэнгүй. Тороо хийхээ мартаж гэж сандарч босох үе эхэндээ их тохионо. Хувь хүн бүр биеэ сувилж эмчлүүлэхээс гадна өнгөрсөн жилийн Суданд үүрэг гүйцэтгэсэн эмнэлгийн багийг Энхийн төлөө цогцолборт сувилан эмчлүүлж амраасан. Бусад улс оронд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнээ гэр бүлийн хамтаар хүндэтгэн амраадаг уламжлалтай. “Дэлхийн энх тайвны үйл хэрэгт таны хань нэр төртэйгөөр оролцсон тул танай гэр бүлийг хүндэтгэн урьж байна” хэмээн бичсэн байдаг нь тухайн улс орон өөрийн цэрэг дайчдаа хүндэтгэн, гэр бүл нь тэднийхээ үйл хэргээр бахархдаг. Манай улс оронд энэ жишиг тогтох гэж байгаад хувьдаа баяртай байгаа.


-Сүүлийн жилүүдэд энэ салбарт хийж байгаа шинэчлэлтийн үр дүнд ололттой шийдэл байгаа биз дээ. Мэргэжлийн залуу боловсон хүчний хувьд бас анхаармаар зүйл харагддаг л байх?


-Бусад тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай харьцуулахад манай салбар сүүлийн жилүүдэд дэвшилтэй шинэчлэл хийж чадсан. Шинэчлэлийг хийхдээ гадаад улс оронд боловсон хүчнээ олноор суралцуулахаар илгээсэн. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд манай салбарын офицер, ахлагч нар амжилттай суралцаж байна. Иймээс явсан хүн бүр эрдэм, ямар нэгэн мэргэжлийн бодлыг тээн ирж байгаа. Ганц дутагдалтай байж болох тал нь монголын хөрсөн дээр нэвтрүүлэхэд удаан байна. Энэ нь магадгүй хувь хүн бүр дор дороо ажлаа хийдэг. Нэгдэж нийлээд баг болон хийвэл илүү амжилттай байх боломж бүрдэнэ гэж боддог. Гэхдээ бусад салбартай харьцуулахад гадаад харилцаа өндөр хэмжээнд ахицтай хөгжиж яваа болохоор бид ирээдүйд олон зүйлийг хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Манай салбарынхан шинэчлэлийг илүү бодлоготой, бодитойгоор хийнэ гэж бодож байна даа. 


-Таньд маш их баярлалаа. Энхийн үйлсэд нь илүү их амжилтыг манай хамт олноос хүсч байна. 


- Редакцын зурвас: Монгол улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар олон улсын энхийг дэмжих ажиллагаа болоод НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд11 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсны 2,9 хувь буюу 341 нь эмэгтэйчүүд байгаа юм. Энэ жилийн тухайд энхийг дэмжих үйлсэд манай улсаас 1100 цэргийн албан хаагч оролцож байгаагийн 72 нь эмэгтэй алба хаагч байгаа юм .



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (112.72.13.93) 2015-03-24 21:38:14
tsaashidaa ihiig byteegeerei amjilt hysie mundag yumaa
uuree (103.26.195.132) 2015-03-23 23:23:39
Manai naiziin egch nmundag tevcheertei egch yumaa Amjilt husiee
mongol (180.149.78.20) 2015-03-23 20:25:16
ажлын өндөр амжилт хүсэе Монгол бүсгүйчүүд мундаг
Zochin (103.229.120.185) 2015-03-23 16:52:02
Mongoliinhoo neriig ulam undur turgid yvaarai
Bi (103.229.120.185) 2015-03-23 16:49:27
Saikhan yriltslaga bnaa Mundag shu amjilt husie