Аавтай мөртлөө аавгүй өсөхийн зовлон
Би гэртээ эрт харимаар л байна. Гэвч эхнэртэйгээ ойлголцохгүй удаж байна. Өнөөдөр эвлэрэх гэж үзээд бүр эгдүүг нь хүргэчих шиг боллоо доо. Тэгээд бодож бодож их хэцүү нэг шийдвэр гарлаа. Би дахиад хүүтэйгээ уулзахгүй байя гэж шийдлээ. Би хүүгээ орой бүр надтай уулзах юмсан гэж санаж, гундаж яваасай гэж хүсэхгүй байна.
Өөрийгөө аавдаа гологдсон хүүхэд гэж бодоосой гэж хүсэхгүй байна. Зүгээр л аавгүй өсөх, аав нь өөр амьдралтай хааяа уулздаг байхаас илүү дээр гэж бодож байна. Би өөрөө аавгүй өссөн. Харин миний багын танилууд дунд аав ээж нь салсан, аав нь хааяа ирдэг нэг найз байдаг байлаа. Би түүний зовлонг ойлгодог ч түүнд цагаахан атаархана. Аав минь хэсэгхэн ч болтугай надтай хамт байдаг ч болоосой гэж дотроо боддог байсан. Гэтэл энэ бүгд том болох тусам эсрэгээр эргэсэн. Нэг өдөр найз маань сураггүй алга болж манай хавийнхан бөөн эрэл сурал боллоо. Харин түүнийг вагонд суугаад Улаанбаатар явчихсныг дараа нь мэдсэн юм.
Тэр дөнгөж 13 настай байсан шүү дээ. Түүнийг ийнхүү алга болоход л энэ бүхэн ямар хэцүүг ойлгосон билээ. Хэдийгээр найз маань олдсон боловч түүнээс хойш тэр бүрэн утгаараа буруу зам руу орсон.
Уг нь найз минь аав нь ирсэн үед хичээлдээ хоцрохгүй ирээд, багш загнаж байсан ч тоохгүй цаанаа л нэг жаргалтай харагддаг сан. Харин аав нь ирэхгүй удахаар хичээлдээ ч ирэхгүй гэр лүүгээ ч харихгүй гудамж метрлээд л алга болно...
Би хүүгээ тийм хүн болгомооргүй байна. Харин өсөж том болоод өөрийн амьдралаа эхлэх үед нь хэрэгтэй бүхнийг нь бэлэн байлгах юмсан л гэж бодож байна. Хүүгээ хайртай хүнтэйгээ учрахад нь орох оронтой, хурим найр хийх болоход нь асуудалгүй сайхан хурим хийж өгмөөр байна. Энэ л миний хүсэл. Надад байгаагүй бүхнийг хүүдээ байлгамаар байна. Хажууд нь байж чадахгүй ч гэсэн...
Ганбат
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







