“Гийнгоон түрлэгтэй Монгол” тоглолт болно
Энэ сарын 19-ны өдрийн 18 цагаас УДБЭТ-т Монгол үндэсний дууны их наадмын шүүгч, уртын дуучин Б.Эрдэнэцэцэг магистрын ажлынхаа хүрээнд “Гийнгоон түрлэгтэй Монгол” нэртэй тоглолтоо хийх гэж байна.
Тус тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд адуун соёлын нэг хэсэг болох гийнгоог анх удаагаа урлагийн хэмжээнд тайзан дээр амилуулан тавихын зэрэгцээ, “Уяхан замба тивийн наран” дууг концертын хэмжээнд мөн анх удаа гурван түрлэгээр дуулах гэж байгаагаараа онцлог юм.
Хэзээнээсээ Монгол түмэн адуун соёлоо хүндэтгэж, мориныхоо чанар чансаа, удам угсааг хадгалж ирсэн боловч түүний нэгээхэн хэсэг болох гийнгоог мартаж, ач холбогдол, утга учрыг нь ойлгохгүй явна гэж дуучин Эрдэнэцэцэг хэлж байсан юм.
Гийнгоо нь хурдан морины нуруун дээр суусан хүүхдийг хамгаалж, уул усаа аргадсан уяхан сайхан дуу бөгөөд шарын шашны томоохон ном судрууд үүнд багтсан байдаг. Нууцаас нууц, далдаас далд энэхүү өв соёлыг хадгалан үлдэж, түүний ач холбогдлыг ард түмэндээ сануулан сэргээх нь дуучны маань зорилго юм.
Мөн “Уяхан замба тивийн наран” хэмээх дуу урлагийн тайзан дээр гарч ирсэн цагаас нэг түрлэгээр дуулагдах болж, хөгжлийн явцад хэд хэд хувирсан байдаг гэнэ. Харин энэхүү тоглолтоор мартагдах дөхсөн ардын дуунуудыг тээн авч үлдсэн Дундговь аймгийн өв тээгч, УГЗ Даринсүрэн багшийнхаа хамтаар, “Уяхан замба тивийн наран” дууг эх аяар нь гурван түрлэгтэй дуулах юм.
Уртын дуу өөрөө үргэлжид амьд байж, Монгол нутгаар минь эгшиглэн байдаг. Харин дуучид зөвхөн түүнийг нь амьдруулж өгдөг юм гэж дуучин маань хэлж байсан. Тиймээс энэхүү тоглолт зөвхөн урлаг соёлын томоохон арга хэмжээ болоод зогсохгүй өв уламжлалаа авч үлдэх их үйл болох юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







