“Ганга нуурын чуулган” аялалын өдрүүд болно

Намрын намарт манай монголчууд хунгийн чуулганг үзэх гэж Сүхбаатар аймгийг зорьдог. Хунгийн чуулган бол байгалийн онцгой үзэгдэл юм. Ганга нуурын битүү хун шувуудаар дүүрч гайхамшигтай харагдах боловч энэ нь хагацлын цуглаан гэж хэлж болох бөгөөд холын замд гарах ээж аав нь нялх үрс болон хөгшин ахмадаа үдэж ядан ганганалдан эргэлдэнэ...

“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа юм.

Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлэх цогц хөтөлбөрт нүүдлийн шувуудын гайхамшиг болсон Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулж, мод тарих, гол усаа аргадах, шашин урлагын зан үйлийг нуурын хөвөөнд зохион байгуулж, Дарьганга уламжлалт соёлыг харуулсан сумдын нүүдлийн үзэсгэлэн, Дарьгангын түүх соёл, мөнгөн урлал, байгаль экологийн эрдэм шинжилгээний хөтөлбөр, уул усандаа зориулсан дуу хуурын тахил, Дарьганга адууны соёл, Жаахан шарга дуугаар бэлгэ дэмлэг болгосон урлагийн тоглолт, Дарьгангын түүх соёлын дурсгалт газруудаар хийх аялал зэрэг олон үйл явдлуудыг багтаажээ. 

Энэхүү түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын төсөл нь  байгаль экологи – түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьганга ёс заншлыг сэргээхэд чухал алхам болох Монгол нутгийн нэгэн гайхамшигт баян бүрд болох Ганга нуурыг хамгаалах нь бүх нийтийн анхаарлыг хандуулахад уг хөтөлбөрийн нэгэн чухал зорилт ажээ.

“Ганга нуурын чуулган” соёл, аялал жуулчлалын өдрүүдийг жил бүрийн намрын дунд сард Ганга нуурын орчимд төвлөрөн, нийт Дарьганга нутгийг хамруулан зохион байгуулах бөгөөд энэ нь Монголын аялал жуулчлалын нэгэн томоохон брэнд болох нь дамжиггүй хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Хөтөлбөр хээр тал нутгийн өглөөн наранд цай сүүнийхээ дээж өргөх Наран тахилгаар эхэлж, Ганга нуурыг аргадах, хун шувуудыг урих шашин соёлын зан үйл, Ганга нуурын эко системийн хамгаалалт, ойн зурвас байгуулах бүтээлч ажлаар өндөрлөх аж.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Ганга нуурын чуулган” фэйсбүүк хаягаас авна уу?
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (202.126.89.251) 2014-08-11 13:36:09
ene yag hediid bdog be