Уран бүтээлч ээж хүү хоёр

Венди Цао гэгч канад эмэгтэйд тоглоомын дэлгүүрээс тоглоом авах хэрэг гардаггүй гэнэ. Бүсгүй дөрвөн настай хүүгээ саатуулах сайн арга бодож олсон аж. Венди дөрвөн настай хүүгийнхээ зурсан зураг болгоныг амилуулж, тоглоом хийж өгдөг гэнэ.

Мөрөөдөмтгий хүүгийн төсөөллийн ертөнцөд амьдардаг тэдгээр хачин жигтэй хаана ч байдаггүй амьтдыг Венди чихмэл тоглоом болгон хувиргадаг аж. Хүүгийнхээ зурсан зургийг Венди анхааралтай ажигласны дараа нэхмэлийн зүүгээ авч, нэхэж, оёж, нүд чих хийж өгдөг байна.

Хүүхдийн төсөөлөл ер бусын, гайхамшигтай, давтагдашгүй болохыг олж харсан Венди 2007 онд Хүүхдийн студи нээж, дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг бяцхан жаалуудад зориулж, хэдэн зуун чихмэл, нэхмэл тоглоом бүтээжээ.

Канад бүсгүйн жижиглэн урлан захиалгадаа дарагдсан тул тэрбээр хэсэг хугацаанд захиалгаа зогсооход хүрч байжээ. Венди хүүгийнхээ төсөөлөлд амьдардаг ягаан бүжингээс авахуулаад дөрвөн гартай роботыг бүгдийг нь бүтээсэн юм.

Хүүгийн гайхамшигтай санааг олзуурхсан эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зурсан зургийг Вендид илгээж, тоглоом хийж өгөхийг хүсдэг болжээ.Гайхамшгийг бүтээхэд Вендид ердөө харандаа, нэхмэлийн зүү утас, даавууны өөдөс л хэрэгтэй. Түүний уран бүтээлийн онгод нь хүүгийнх нь ер бусын элдэв зурагнууд.
Н.Рэй






