150 өнгийн ертөнцөд “аав”
Эмэгтэйчүүдийн цахим сэтгүүл нь “Аавуудаа гэртээ эрт хариарай” аяны хүрээнд Гурван тамир бүрэн дунд сургуультай хамтран зохион бичлэгийн уралдаан зарласан билээ. Уралдаанд бага, дунд, ахлах ангийн нийт 150 сурагчийн бүтээл ирсэн юм.
Сарын хугацаатай зарласан энэ аялалд бид айлын аавууд, цаашилвал үр хүүхдүүдийнх нь ертөнцөөр гүн гүнзгий аялалаа. Тэдний ертөнц тэс ондоо өнгө будгаар зурагдсан байх бөгөөд “Аавуудын ертөнц асар их хариуцлага, ажил төрлийн өнгөтэй” байхад “Алдрай үрсийн ертөнц агуу их хайр энэрлийн өнгөтэй” байх юм.

Сайн аав гэж хэн бэ?
Хүүхдүүд сайн аавын тухай бичжээ. Хэн ч аавдаа гомдож тунирхсангүй, гоморхож зэвүүцсэнгүй. Өглөө эрт явж, үүрийн заадсаар ирдэг шалтгааныг багачуул ч мэддэг. Тэр нь бяцхан үрийнхээ төлөө гэдгийг ч ойлгодог. Тэдний ертөнц үнэндээ биднийхээс илүү уудам, уужим, баялаг юм. Ухаантай сайн аав ажил хөдөлмөрөө сайн хийгээд эртлэн гэртээ ирж хүүхэдтэйгээ тоглож тэдний “сонин хачин”-г сонсдог гэжээ.
Аавууд сайн аавын тухай хэлжээ. Юуны түрүүнд тэд ямар их ажилтай байгаагаа гайхаж, энэ бүхэн хэний төлөө вэ? гэдгийг ахин дахин сануулдаг. Үнэндээ түүнийг нь бяцхан үр нь хүртэл ойлгочихсон байдаг. Захидлуудаас харах бизээ. Сайн аав хөдөлмөрлөхөд л хангалттай юм шиг л.
Аз жаргал гэж юу вэ?
Хүүхдүүд аз жаргалын тухай бичжээ. Аав гэртээ эрт ирээд бид гэр бүлээрээ ширээ тойрон хоолоо идэн, инээлдэн ярина. Аавдаа сургууль дээр болсон сонин хачинаа ярих юмсан, миний аавдаа яриагүй зүйлс эмээгийн уншиж чадаагүй өдрийн сонин шиг зузаарсаар л гэжээ. Ааваа би таньтай хамт дүүг унтуулж, баас шээсийг нь цэвэрлэмээр байна, ааваа би таньтай унтмаар байна, ааваа би таньтай машинаар зугаалж байхдаа цонхоо онгойлгомоор гэсэн захидлууд хөвөрсөөр. Тэдний хувьд туйлын аз жаргал гэдэг аавтай хамт юу ч хамаагүй хийж, өчүүхэн ч болтугай цагийг хамт өнгөрөөх ажээ.
Аавууд ингэж боддог. Аз жаргал гэдэг хүрч үл дийлэх гайхамшиг. Түүнд хүрэх хэцүү. Аз жаргалтай байхын тулд мөнгө хамгийн чухал бөгөөд энэ байж л миний гэр бүл аз жаргалтай байна гэжээ.
Эзгүй гэрт цонхоор харан зогсоо үрсийг дүрслэн бичсэн хүүхэд маш олон байсан. Тэдний зүрхэнд энэ зураглал ингэтлээ үлдсэн байна гэдэг харамсалтай. Аавуудын бүтээсэн аз жаргал үрсийн чинь ертөнцөд чухам ямар өнгө будаг болж очдог тухай та манай цуврал захидлуудаас хүлээн аваарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






