Үндэсний хөгжмийн шилдгүүд тодорчээ

Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн хоёрдугаар уралдааны шилдгүүд тодорлоо. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 7-10-нд Улаанбаатар хотод болсон бөгөөд 105 хөгжимчин морин хуур, хуучир, эвэр бүрээ, лимбэ, шанз, ёочин, ятга гэсэн долоон төрлөөр ур чадвараа сорьсноос 39 нь дараагийн шатанд шалгарч үлдсэн юм.

 

Хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 14-15-нд Орхон аймагт болж, морин хуурчдаас Морин хуурын чуулгын хөгжимчин Н.Жигжиддорж, эвэр бүрээчдээс ҮДБЭЧ-ын хөгжимчин О.Чинбат, ятгачдаас Морин хуурын чуулгын хөгжимчин О.Мөнхтогтох, лимбэчдээс ХБК-ийн багш Г.Нямжанцан, шанзчдаас ХБК-ийн оюутан Д.Энхбилэг, хуучирчдаас ҮДБЭЧ-ын хөгжимчин Ч.Отгонбаяр нар авьяас, чадвараараа онцгойрч, тэргүүн байр эзэлжээ.

 

Ёочингийн төрөлд нэгдүгээр байрт орох хүн байгаагүй гэж шүүгчид үзсэн учраас энэ байрыг эзэнгүй үлдээж, тус чуулгын хөгжимчин Б.Болорцэрэнг хоёрдугаар байрт шалгаруулсан байна. Шилдэг хөгжимчид өчигдөр орхончуудад зориулан нэгдсэн тоглолт хийлээ.

 

Уралдааны шүүгчээр ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд, хөгжим судлаач, доктор Д.Энхцэцэг, хөгжим судлаач С.Энхбулаг, ХБК-ийн багш Одонтунгалаг, Морин хуурын чуулгын удирдаач А.Түвшинсайхан нар ажиллажээ.

 

“Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгч төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн алдрыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах үүднээс 2008 онд Монголын урлагийн ажилтны холбооноос түүний нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааныг санаачилж, дөрвөн жил тутамд зохион байгуулахаар болсон юм. Энэ удаагийн уралдааны цар хүрээ өргөжиж, оролцогчдын ур чадвар дээшилсэн байна” гэж зохион байгуулагчид ярьсан.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.