Охид хөвгүүдийн төлөвшүүлэх арга зүйн зөвлөмж

Ахмад сурган хүмүүжүүлэгч Л.Дааданхүү

(цуврал нэгдүгээр хэсэг)

Хүүхэд ертөнцөд мэндлэхдээ аав ээжийгээ баярлуулан яма сүртэй ирдгийг юу эс андах вэ? Хүн анх эх дэлхий элгэн садантайгаа уйлж хашгирсан дуу авиагаар мэндчилдэг. Анхны энэ мэндчилгээний дараа амгалан нойрсож, хөдлөх, яраглах, уйлагнах зэрэг ялимгүй хөдөлгөөн бүрээр эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэж, эцэг эхийн хоорондын харьцаа эхэлдэг. Хүүхэд тайван нойрноосоо сэрж уйлах нь эцэг эхээс ямар нэг хэмжээний дэмжлэг туслалцаа шаардсаны билэгдэл бөгөөд энэ үед эх нь хөхүүлэх, хуурайлах зэрэг арчилгаа үзүүлэх нь шинэ хүний орчинтойгоо харьцах эхлэл боловч уйлах бүрд нь авч хөхүүлэн бүүвэйлэн унтуулаад байвал нойрсох хугацаа багасч, уйлах дуу улам чангарна. Эндээс л дэг журам, цагийн хувиарийн анхны зөрчил эхэлдэг байна. Энэ зөрчилдөөнөөс уйлан эхийгээ эрхэндээ оруулсанаар хүүхдийн анхны “ялалт,, эхэлдэг байна. Гэхдээ хүүхдийн уйлах бүрийг анзаарахгүй бай гэсэн үг биш.

Уур уцаарыг нь хөдөлгөхгүйн тулд аятай тавтай байлгах гэж янз бүрийн байдлаар хандаж, хүүхдийн зан аашинд гарч байгаа өөрчлөлтийг ажиглах нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх анхны үндэс болдог. Тогтоосон дэглэм журамгүй, тухайн үед нь зохицуулах байдлаар хүмүүжүүлсэн хүүхэд аажимдаа аливаа зүйлийг өөрийн санаснаар гүйцэтгэх гэж зүтгэж, зөрүүд гөжүүд байдал гаргаж эхэлнэ. Энэ үед зарим нэг эцэг эхийн тэвчээр бухимдал уур уцаараар солигдож, алганы амт үзүүлэх, сүрдүүлэх аргад шилждэг. Гэхдээ хүүхдийг дэг журамтай, ахмад хүмүүсийн нүдний харцаар, дуулгавартай болгон өсгөх гэж хэт хязгаарлагдмал байдалд хүүхдийг байлгах буруу. Хүүхэд тоглож наадаж ахуй орчинтойгоо танилцдаг. Энэ нь тэдний нэг ёсондоо хөдөлмөр нь юм. Хүүхэд насанд хүрэгчидтэй түүний дотроос эцэг эхтэйгээ тоглохыг маш их хүсдэг. Тиймээс хамтарч тоглосноор хэрхэн зөв тоглох, тоглоомоо ариг гамтай эдлэх дадалд сургана. Тоглож дуусаад тоглоомоо хураадаг болгосон нь таны хүүхдийг хөдөлмөрт бэлдэхийн эхлэл.

Тоглоом л байвал боллоо гэж бодож болохгүй. Хүүхэд чинь яаж наадаж байна, тоглоомдоо хэрхэн хандаж байна гэдгийг сонирхож түүний дур сонирхлыг харгалзаж байх хэрэгтэй. Хүүхэд цэцэрлэгтээ тоглоомоо хурааж, багш нартай мэндэлж орж баяртай гэсээр гарч ирдэг хэрнээ гэртээ ирээд тэр л сайн зан чанаруудаа гаргадаггүй байвал энэ нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой. Орчноосоо сурч байгаа хүмүүжлийн нөлөөллийг эцэг эхчүүд удирдан зөвийг хэвшүүлэн бурууг засч өгч байх хэрэгтэй. Найз нөхөддөө хүүхдээ давруулан ярьж зочид нь шан амлан, хүүхдийг дургүй байхад албадан дуу, шүлэг уншуулах явдал байдаг. Ийм хүүхэд “би чадна” “мэднэ” гэж өөртөө хий хоосон эрдэж, үеийн нөхөддөө гайхуулан сайрхаж улмаар бие тоох, бусдыг үл хүндэтгэх байдалд  хүрч болзошгүй тул их хянуур, зөв харьцах явдал хүмүүжлийн чухал ач холбогдолтой. Хүүхэд нь төлөв даруу хүмүүжилтэй айлуудын байдлыг ажиглахад эцэг эхийн шахалт шаардлага байхын зэрэгцээ, гэр орны дотор төдий ажиглагддаггүй тогтуун, ойр дотно харилцаа, бие биений төлөө хариуцах хариуцлагад л гол нууц нь оршдог байна. Зөв дэс дараатай, ухаалаг уужуу тайван тэвчээртэй харьцаж чадвал бидний үр хүүхэд хүн болж төлөвшинө.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.