Миний хоёр Бурхан
Бидний төрж өссөн Ховд аймгийн Цэцэг сум нь хуучнаар Засагт хан аймгийн Дархан Бэйлийн хошуу бөгөөд эх орны минь баруун хязгаарт Монгол Алтайн нурууны өндөр уулсаар хүрээлэгдэн Цаст богд Сутай уулын өвөрт оршдог.
Агь шаваг, таана, хөмүүл арцны үнэр ханхалсан аргал угалз, янгирын сүрэг сүлжилдсэн, усны шувууд зэллэн ганганаж үзэсгэлэнт нууруудаа тойрон эргэлдсэн бахархаад баршгүй баян бүрд юм. Бидний ээж, аав хоёрын минь бага балчир, хүүхэд нас Алтайн өндөр уулс, Цэцэг нуурын хөвөөнд хурга ишиг хариулж, тоглож, наадаж өссөн.
Аав ээжийнхээ тухай өгүүлнэ гэхээр тэднийг төрүүлж өсгөсөн буурлуудынхаа тухай цухас боловч дурьдахгүй өнгөрвөл алдас болох байх.
Аавын минь аав Ажаа гэж цагаан цайлган сэтгэлтэй, хурдан хөдөлгөөнтэй, хүүхэд зантай олонд хүндлэгдсэн хүн байсан. Тэрээр маш их бяр тэнхээтэй, одоогийн ойлголтоор сумо бөхийн дэвжээн дээр барилдуулж баймаар аварга хүчтэн байжээ. Тэр үед хошуу ноён хүртэл өвөөг наадамд барилдуулах зарлиг буулгаж байсан гэдэг. Цэцэг сумын зүүн даваанд өвөөгийн минь өргөж тавьсан чулуу одоо хүртэл байдаг. Сумын наадамд олон жил барилдсан болохоор үе тэнгийнхээ бөхчүүдийн тухай он дараалан хэн хэдэд үлдэж, хэн түрүүлж хэрхэн унасан, давсан тухай нэртэй, устай нь ярьдаг байжээ. Сүүлд зодог тайлсан хойноо бөх үзэж суухдаа “дотуур хутга, хавир, дэгээд, гуд тат” хэмээн хашгирч “ээ халаг жаахан дутлаа, гэнэн байна даа” гэхчлэн амаа барин гуяа алгадан суудагсан. Ер нь их хөнгөн, хурдан шалмаг хөдлгөөнтэй хүн байсан. Ямартаа л ач, зээ бид нартайгаа 70 гарсан хойноо гүйдэг маатк тоглодог байлаа. Агентаас 70кг-ын гурилыг ажигч үгүй үүрээд гэртээ ирчихнэ. Тийм л бяр чадалтай, хөнгөн шингэн нэгэн байжээ.
Аавын минь ээж Бужаа гэж олонд авгайлагдсан сайхан буурал самган байсан. Хүүхдийг хүүхэд гэлгүй олон зүйлийг ярьж, хөлсөө бурзайлган хийцтэй цай чанаж, ойр тойрныхоо хүмүүсийг дайлж суудагсан. Эмээ бидэнд “аав чинь их энхрий хүүхэд байсан юм. Гурван нас хүртэл нь айлд оруулаагүй, морин дээр гаргаагүй, нүүдэл хийхдээ үүрч явдаг байсан” гэж ярьж билээ. Эмээгийн минь дүр төрх, ярьж байсан зүйлс одоог хүртэл бидэнд тодхон санагдаж байна.
Миний аав Баттулга үг дуу цөөтэй, эгэл даруухан, ухаалаг, цэвэрч нямбай нэгэн. Ёстой нөгөө гүндүүгүй, жинхэнэ Монгол эр хүн гэвэл аавыг минь л хэлэх байх. Аав хоёр буурлынхаа гал голомтон дээр 1950 оны хавар төрөөд найман нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр өсөж бойжин 1958 онд Мөст сумын бага сургуульд элсэн оржээ. Тэгээд 1962 онд Дарханы ТМС-д сантехникийн ангид элсэн орж төгссөн. 1969-1972 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд хилийн цэрэгт алба хааж ирээд Цэцэг сумандаа сантехникчээр 15 жилийн турш ажиллаж байгаад 1987 оноос тус сумын дунд сургуульд жолооч, 1991-1996 он хүртэл ШТС-д түгээгч хийж байгаад 1996 оноос одоо хүртэл хувиараа аж ахуй эрхлэн мал маллаж байна. Биднийг хүнд байнга тусалж яв, Хүний итгэлийг битгий алд! За гэж хэлсэн бол заавал биелүүлж бай! гэж дандаа захидаг. Ямартаа л дэлгүүрт оочерлодог байхад хүний өмнөөс өдөржин зогсож өгөөд ирдэг байхав дээ.
Аав маань удмаа дагасан бяр тэнхээтэй бөх хүн. Залуу насандаа ойрын сумдыг шуугиулсан сайн бөх байсан. Наадам, цагаан сарын барилдаанд байнга барилдана. Ихэвчлэн түрүүлнэ хаа нэг үзүүрлэнэ. Сумын наадамд 5 удаа түрүүлж 8 удаа үзүүрлэж цол чимэг бүгдийг гүйцээсэн. Цагаан сарын бараг бүхий л барилдаанд түрүүлдэг байсан санагддаж байна.
Улсын баяр наадмын бөхийн барилдаан, цагаан сарын барилдааныг гэртээ сууж байгаад л хэн хэнтэй барилдсан, давсан, унасан гээд л бүгдийг нэр устай нь тэмдэглэж үздэгсэн. Их нямбай, цэвэрхэн гоё бичигтэй. Аавын анхны багш нь том хүргэн ах нь болох Дүүдэй. Гоё бичдэгээ ах Дүүдэйгийн ач гэж ярьдаг билээ.
Аав хүүхдэд их хайртай. Биднийг ер аашилж загнадаггүй, харин эрхлүүлж, энхрийлж л өсгөсөн дөө. Одоо хүртэл хэдэн ач, зээ нарыгаа эрхлүүлээд л, ширгэн дээр суучихсан барилдуулж байхдаа үнэхээр жаргалтай харагддаг. Хэдэн багачуулдаа бүжиг хүртэл заадаг гээд бодохоор үнэхээр гайхалтай сайн аав, бас өвөө. Өөр нэг бахархмаар зүйл гэвэл архи уудаггүй. Аавын минь үлгэр дууриаллаар хоёр эрэгтэй дүү минь огт архи уудаггүй.
Биднийг багад аав ээжийг жижүүртэй байх үед нь хэдэн авдраа нааш цааш өргөн ар талынх нь хог шороог цэмбийтэл цэвэрлэдэг байсан. Ийм л цэвэрч, нямбай хүн дээ.
Аав зунд тарвагачилна. Бид ч бүгдээрээ тарваганы маханд дуртай. Ихэвчлэн тарвагаа сахиж агнадаг болохоор нэлээд удаж ирнэ. Нэг сахьсан тарвагаа гарч иртэл нь хэвтээд агнаж ирдэг байсан. Энэ нь бас аавын минь аливаа зүйлд туйлбартай, тууштай ханддагийн нэг илрэл байж болох юм. Бөхийн спортоос гадна гар бөмбөг, теннис их тоглодог байсан. Гэрийнхээ үүдний шалан дээр дэгээ төмрөө тавьж байгаад теннис яаж тоглохыг зааж өгдөг сөн.
Аав надад гитар, мондалин, баллайк, гармон хөгжмийг хэрхэн тоглох талаар зааж анхны мэдэгдэхүүнтэй болгосон болохоор би аавыгаа хөгжмийн урлагийн анхны багш минь гэж боддог. Биднийг жаахан байхад орбитоор Песня-85, өглөөний одод гэх мэт оросын ая, дууны наадам гардаг байхад шөнөжингөө сууж үзээд л алдартай дуучдыг нь нэр усаар нь мэддэг болчихсон, бүр зарим дууг нь сурчихсан дуулна.
Ээжийг маань Шатарбалын Цэлээ гэдэг. Ээжийн аав бидний өвөөг Шатарбал гэх бөгөөд нутгийн олон бишрэн хүндэлдэг номтой лам байсан юм. Лам ах гэж ахайлан дуудна. Өвөө ажигч гярхай, номтой, ухаалаг бас чамин нандин зүйлд дуртай, үнэт эдлэл их хэрэглэдэг байжээ. Найман хүүхэдтэй айлын ганц хүү гэдэг. Бага насандаа лам байж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэс хар болсон. Бидний сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр их анхаардаг байсан нь санагддаг. Модон дээр янз бүрийн хөлөгт тоглоом хийж тоглуулах, юүлэлтийн бодлого бодуулах гэх мэт. Шатар их сайн тоглодог сэтгэхүй сайтай, насан өндөр болтлоо шатар тоглосон доо.
Биднийг сурсан юм хэзээд хэрэг болно. Байсан юм хэзээд хэрэг болно гэж сурган сурах, хэмнэхийн ухаанд сургадаг байсан. Үр ач бидэндээ үлгэр байнга ярьж өгнө. Баруун хязгаарт дайнд явж байсан түүхээ нүдэнд харагдтал дүрслэн ярьдаг
сан. Мэдээ байнга сонсоно,тиймдээ ч тэрүү гадаад орнуудад суугаа элчин сайдууд болон гадаадын ерөнхийлөгчдийн нэрийг бараг бүгдийг мэддэг байж билээ.
Ээжийн минь ээж Онио үг дуу цөөнтэй, даруухан, ажилсаг хөдөлмөрч нэгэн. Хоол, цай хийхдээ гаргууд. Хуруу шиг бүдүүн хэрчсэн гурилтай, шар тостой цуйванг салахын аргагүй амттай хийнэ. Үлдэгдлийг нь өглөө босоод цайнд хийж идвэл бүр ч янзтай. Уутаа нэвтэртэл тос нь гоожсон ямааны шаргал ааруулаа орсон гарсан хүн бүхэнд таваглаад л... Амтыг нь авсан замын жолооч нар манайхаар тасрахгүй. Ер нь идэж уухаар халгиж, цалгисан буянтай нэгэн буурал байсан юм.
Энэ ажилсаг номтой буурлуудын охин болсон миний ээж хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ажилч хичээнгүй, цовоо сэргэлэн хүн. Тухайн үедээ сумын урдаа барьдаг сэхээтнүүдийн нэг явсан. Ээжийн оролцохгүй, хийхгүй ажил гэж байхгүй. Ажлын төлөө төрсөн хүн гэвэл ээжийг минь л хэлэх байх. Сумын сувилагч, бага эмч, эх баригч, аймгийн хурлын депутат, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, үйлдвэрчний эвлэлийн дарга гээд л хийгээгүй ажилгүй. Эх баригч хийж байхдаа 650 гаруй хүүхдийг эх барьж авсан өрлөг ижий.
Бидэнд ном уншихын гайхамшгийг мэдрүүлсэн хүн бол аав ээж минь. Төрсөн өдрөөр үргэлж ном авч бэлэглэнэ. Сонин сэтгүүл байнга захиалж уншина. Цог сэтгүүлийг дандаа захиална. Шинээр гарсан ном болгоныг худалдаж авдаг байсан. Олон олон гоё номтой байж билээ манайх.
Ээж цагийг маш үр бүтээлтэй өнгөрөөдөг хүн. Сувилагч хийж байхдаа жижүүрийн ээлжтэй шөнөө нэг дээл эсгэж авч яваад ажлынхаа завсраар оёж дуусгачихдаг байсан. Юм оёхоос гадна хатгамал их хатгана. Орны тор, малгай, бидний формын хувцасны зах гэх мэт нэхэж, оёж болох бүхнийг өөрийн гараар урладаг байв. Ээж бидэнд “зарим ажлыг шөнө, орой амжуулж бай, өглөө босоход хүн хийгээд өгсөн юм шиг сайхан байдаг юм” гэж хэлдэг. Сумын хүүхнүүдийн хуримын дээл оёж уран гэгддэг байв. Ойр тойрны ах дүү нарын хүүхдүүд их сургуульд орох ,сургуулиа төгсөж ирэхэд шинэ дээл оёж өгч бэлэглэнэ. Ур ухаанаа охиддоо ч гэсэн зааж сургасан. Сувилагчийн ажилдаа маш чадварлаг, нярай хүүхдийн судас тариа хийлгэхээр байнга дуудагддаг. Одоо ч гэсэн ойр тойрныхоо хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлсээр байгаа. Бид заримдаа гэртээ тоглож тоглочихоод ээжийг ажлаас ирэх цаг болохоор хурдхан гэгч гэрээ цэвэрлэчихээд угтдаг сан. Тэгэхэд ээж биднийг хэр зэрэг тоглосон хэн юу хийсэн гээд бүгдийг мэдчихсэн байдаг. Ээж маань холын бодолтой хүн бидний өвөл өмсөх хувцсыг зунд нь, зун өмсөх хувцсыг өвлөөс бэлтгэдэг, дэвтэр үзгийг 2-3 жилийн нөөцтэйгээр, гурил будааг хэд хэдэн шуудайгаар нь нөөцөлдөг байв.
Баяр болгоноор бидэнд шинэ хувцас авч өгч өглөө босоход ор орных нь өмнө өмсөх хувцсыг бэлдээд тавьчихсан байдаг. Ээжийн маань бидэнд зааж сургасан олон зүйл бий. Хувцас, ном, дэвтэр, хичээлийн хэрэгслээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгахыг зөвлөдөг сургадаг байсан нь өөрийнх нь хүүхэд үеэсээ өвлөж авсан төрөлх хүмүүжил нь. Аливаа юманд нягт нямбай хандаж байхыг амьдралын хэвшил болгосон гэж боддог. Эргэн санахад аав ээж хоёр минь биднийг үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлдэг байжээ. Аав ээж хоёр минь эрс тэс зан араншинтай ч хоорондоо гайхалтай дотно байдаг.
Аав ээжээсээ бид тавуулаа төрж өсөөд улс, эх орондоо бусдын нэгэн адил ажиллаж тус бүрдээ сайхан амьдарцгааж байна. Бидний сайхан амьдарч байгаа нь аав ээжийн минь л ач буян. Тэднийхээ ач буяныг бага ч болов хариулахыг хичээж, сэтгэж явна даа бид.
Аав ээж хоёр минь таван ач, зургаан зээтэй өнөр өтгөн амьдарч байна. Одоо цаст Сутай уулынхаа өвөрт ач нар нь цуг байгаа.
Хотод байгаа бид хэд ажил амьдрал гэсээр аав ээж дээрээ очих нь цөөрч жилдээ л нэг очиж байна даа. Ээж минь бидний төлөө санаашраад л аав маань битүүхэн чагнаж дотогшоо урсаж суугаа даа. Хааяа нэг аав ээждээ очиж тэднийхээ бүтэн хайрыг мэдрэх бүртээ ямар их санаж, сэтгэл нь хагсарсныг илүү ихээр ойлгодог.
Хүний орчлонд хийж бүтээсэн бүхнийг чинь үр хүүхдүүд чинь үргэлжлүүлж байна. Үр хүүхэд бидэнтэйгээ олон олон жил хамт амьдарч, урт насалж биднийгээ баясгаж явахыг хүсэж, залбирч явна.Та хоёрын үргэлжлэл бид.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







