Амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг аваад одсон

Жил бүр зохиогддог урлагийн үзлэг болоход хэдхэн хоног үлдсэн байлаа. Анги бүр л түрүүлэхийн төлөө эрмэлзэж, өдөр бүр бэлтгэлдээ шамдана. Тэр өдөр бэлтгэлээ тараад гэртээ харихаар сургуулиас гарлаа. Том томоор ширхэглэн орж буй цас гудамжны гэрэлд тэнгэрээс бууж буй цэцэгс мэт улам гоё харагдаж байсан юм.

Би газарт зузааран тогтсон шинэхэн цасан дээгүүр туулайн мөр гарган их л зугаатайгаар зам бараадан алхав. Гадаа хэдийнээ харанхуй болсон ч шинэхэн цас, сарны гэрэл тас харанхуйг гэрэлтүүлж байсан юм.

Ноосон малгай, өдөн куртка өмссөн нэг эрэгтэй хүн миний өөдөөс ирж яваа харагдлаа. Гэнэт гүйж ирээд намайг чирж гудамжны буланд шахаад “Хашгирах юм бол ална шүү!” гэж хэлэх тэр мөчид надад юу тохиолдох гэж байгааг би ойлгож амжаагүй юм.

Би ухаан алдсан байлаа. Сэрээд хартал намхан таазтай, шавар байшинд нүцгэн шахуу хэвтэж байсан юм. Миний толгойноос цус гарсан, хамаг бие минь хөндүүрлэж, энд тэндгүй хөхөрсөн, хөдөлж ч чадахааргүй хөшсөн байлаа. Байдаг чадлаараа хашгирч, цурхиран уйлахыг хүссэн ч надаас дуу ч, нулимс ч гарахгүй байсан юм. Би аймшигтай, хэрцгийгээр хүчиндүүлсэн гэдгээ мэдсэн ч, тэр хүн миний биеэр хэрхэн даажигнасныг мэдээгүй.


Тэр аймшигт явдал болсноос хойш 2 сар өнгөрөхөд миний сарын тэмдэг ирсэнгүй. Эмэгтэйчүүдийн эмчийн гадаах хүлээлгийн өрөөнд сууж байхдаа “Бүх зүйл сайхан болно оо” гэж өөртөө итгүүлэхийг хичээж байлаа. Гэсэн хэдий ч ”Чи жирэмсэн болжээ” гэх эмчийн хэлсэн үгс миний амьдралын гэрэл гэгээтэй бүхнийг бүр мөсөн аваад одсон юм Хэд хоногийн дараа би үр хөндүүлэхээр нэгэн хувийн эмнэлэгийг зорьсон нь өөрт тохиолдсон аймшигтай бүхнийг багахан ч болов мартахад тусалсан зоригтой алхам болсон юм

ГҮНЖЭЭГИЙН ЗӨВЛӨМЖ
Энэ түүх мөн л өмнөхтэй адил “үл таних хүний зүгээс үйлдэгдэх хүчин” буюу гудамж, тайлбайд үйлдэгддэг хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон өсвөр насны охины тухай өгүүлж байна.
Бяцхан гүнжүүдээ хүчирхийлэгчийн бохир савраас аврахын тулд зөвхөн эцэг эхчүүд, асран хамгаалагчид анхаарал хандуулах ёсгүй. Сургуулийн захирал, нийгмийн ажилтан, ангийн багш, цаашлаад хорооны засаг дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмнэлэгийн эмч гээд олон хүмүүс хамтран ажиллах хэрэгтэй.
Хүүхдүүд өдрийн ихэнх цагийг сургууль дээрээ, ангийнхаа хүүхдүүдтэй хамт өнгөрүүлдэг. Сургууль хүүхдүүдэд боловсрол олгодог байгууллага хэдий ч бас тэднийг хамгаалдаг байх хэрэгтэйгээ мартах ёсгүй юм. Харамсалтай нь охид сургуулийнхаа хашаан дотор, сургуулийнхаа ойролцоо бэлгийн хүчирхийллийн золиос болсоор байна.
Гүнжээ сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, багш нарт зориулан бяцхан зөвлөмж илгээж байна.
- Сургуулиа хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин байлгах тал дээр анхаарал хандуулаарай! Сургууль болон түүний эргэн тойрон айдас түгшүүргүй, хүчирхийлэлгүй, эрүүл орчин байх ёстой шүү.
- Бага насны хүүхдүүдээ заавал эцэг эх, асран хамгаалагчийнх нь гарт хүлээлгэж өгөөрэй! “Манай анги өдөр тардаг юм чинь хамаагүй ээ” гэж хэнэггүй бүү хандаарай! Хүчирхийлэгч өдрийн цагаар ч гэмт хэрэг үйлдэхэд бэлэн байдаг.
- Хичээл нь оройн цагаар тардаг хүүхдүүддээ илүү анхаарал хандуулж, хэнийг ч ганцааранг нь бүү явуулаарай! Сурагчийн аюулгүй байдал хамгаас чухал шүү дээ.
- Сургууль дээр хүүхдүүдийг хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг ч аль болох харанхуй болохоос өмнө бүх ажлуудаа дуусгахыг хичээж байгаарай!
- Ангийнхаа хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн утасны дугаарыг тусгай дэвтэрт тэмдэглэж, тэдэнтэй байнга харилцаа холбоотой байгаарай!
- Өмнө нь харж байгаагүй хүн танай ангийн хүүхдийг авахаар ирвэл эцэг, эхээс нь тодруулж асууж заншаарай!
- Хичээлийн цагаар гадны хүн сургуульдаа оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Сургууль зөвхөн хүүхдүүдийн л орчин байх учиртай.
- Зарим тохиолдолд өсвөр насны хөвгүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Тиймээс хөвгүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх тал дээр олон сонирхолтой ажлуудыг сургуулийн зүгээс зохион байгуулж болох юм.
- Энэ чиглэлээр ажилладаг байгууллагуудтай холбогдож, тэднээс энэ талаар илүү ихийг суралцаарай! Та бүхэнд хэрэгцээтэй зөвлөмж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Цөөнгүй тохиолдолд өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлдэг. Мэдээж хэрэг хүсээгүй хүүхдээ тээнэ, төрүүлнэ, өсгөнө гэдэг төсөөлөшгүй бэрх даваа. Хэрвээ жирэмсэн болсон гэдгээ эрт мэдсэн бол баталгаатай эмнэлэгт, мэргэжлийн эмчээр үр хөндүүлэх шийдвэр гаргаж болно шүү дээ. Энэ алхам огтхон ч тэр охины буруу биш гэдгийг ойлгоорой!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





