“Өмхий” үнэртэй бөмбөг
Удахгүй хүүхдийн баяр болно. Томчууд бид хүүхдээ хэрхэн баярлуулах вэ гэж дор бүрнээ нэгийг бодож байгаа нь лавтай. Бяцхан үрс маань чихэр жимс амттанд бас өнгө алагласан тоглоомуудыг хараад хамгийн их баярладаг. Миний жаахан охин хүүхэлдэй, бөмбөг, гал тогооны хэрэглэл, номоор өдөржингөө уйдалгүй тоглодог . Хааяа бүр хүүхэлдэйгээ өлгийдөөд мээмээ өгч байна гээд суучихдаг юм. Хүүхдээ ийнхүү тоглохыг хараад өхөөрдөн суудаг ч тоглож байгаа тоглоом нь охины минь эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлдөг бол гэсэн айдас үргэлж намайг зовоодог. Саяхан охин маань дэлгүүрт явж байгаад “бөмбөг авна” гэж зүтгэсээр авлаа. Би тухайн үед юу ч бодолгүй аваад л өгсөн. Харин гэртээ орж ирсэн хойно нэг л эвгүй үнэр ханхалаад ер болдоггүй. Энд тэндэхийн булан тохой, сав суулга гээд үнэрлэж, шиншлээгүй газар алга. Гэтэл харин охины минь дурлаж авсан алаг бөмбөг үгээр хэлэхийн аргагүй муухай үнэртэй байсан юм...
...Би хүүхдэдээ тоглоом худалдаж авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг нь лавлаагүй бөгөөд шинжилгээний бичиг ч шаардаагүй. Муухай үнэртэй энэ бөмбөгнөөс үүдэн би хүүхдийн тоглоомыг хэрхэн сонгож авах ёстой талаар мэдсэн зүйлээ тантай хуваалцъя.
Хүүхдүүд насанд хүрэгчдийг бодвол хортой зүйлд өртөхдөө амархан байдаг. Жаахан хүүхдийн минутанд амьсгалах тоо олон, бодисын солилцоо эрчимтэй явагддаг учраас амархан хорддог байна. Түүнчлэн дархлаа, мэдрэлийн систем хангалттай хөгжөөгүй байдаг тул бага хэмжээний хортой байсан ч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг. Түүнчлэн харшилтай болохоос гадна насан туршийн өвчтэй болоход ч хүргэдэг байна.
Хүүхдийн тоглоом ямар байвал аюулгүй вэ?
Хамгийн түрүүнд тоглоомын хэлбэрийг анхаар. Хүүхдийн тоглоомыг хурц өнцөг, ирмэгтэй эсэхийг шалга. Бага насны хүүхэд тоглоомыг амандаа байнга хүргэдэг. Хэрэв тоглоом уяатай бол богино уяатай байх ёстой. Учир нь хоолойг боомилох аюултай. Мөн тоглоом бөх бат байх ёстой. Хүүхэд тоглоомоо унагах, шидэх үед жижиг ирмэгтэй болж бутарч хагарахааргүй байх хэрэгтэй. Мөн хэтэрхий жижиг хэсгээс бүрдсэн тоглоомыг хүүхэд задалж амандаа хийх аюултай байдаг. Үүнээс гадна жижиг хүүхэлдэйг худалдан авах хэрэггүй. Учир нь гоёл чимэглэл нэрийн дор худалддаг учраас хүүхдэд хортой нөлөө үзүүлбэл хариуцлага хүлээдэггүйг анхаараарай.
Өнгө
Бяцхан үрдээ хэт хурц тод өнгийн тоглоом бүү авч өг. Хараанд муугаар нөлөөлдөг. Мөн хар болон хэт бараан өнгийн тоглоом хэрэггүй. Цэнхэр, шар, ногоон зэрэг саармаг өнгүүд тохиромжтой. Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна хүүхдийн чинь танин мэдэхүй төдий чинээ сайн хөгжинө. Ой хүрээд хүүхэд өнгө ялгаж, тоглоомын зориулалтыг мэдэрч эхэлдэг.
Үнэр
Хүүхдийн тоглоомонд хурц үнэр байх ёсгүй. Хэрэв ямар нэгэн тааламжгүй үнэр байвал хортой химийн бодис агуулсан байж болзошгүй. Мөн үнэртэй тоглоом нь хүүхдэд харшил өгнө.
Зөөлөн тоглоом
Хүүхдэд байгалийн гаралтай органик бодисоор хийсэн тоглоомыг сонгох хэрэгтэй. Мөн та хүүхдийнхээ тоглоомыг долоо хоногт хоёроос доошгүй удаа угааж байх хэрэгтэй. 0-2 насны хүүхдэд үслэг эдлэлээр хийсэн тоглоом бүү авч өг.
Хуванцар тоглоом
Хуванцар тоглоом нь гормонд нөлөөлөх химийн бодис агуулах магадлалтай тул заавал шинжилгээ хийлгэсэн тоглоом авах шаардлагатай. Тухайлбал, зарим хуванцар тоглоом хүнд метал болон бусад хортой бодис агуулдаг.
Тоглоом үйлдвэрлэгчид аюулгүйн шаардлага хангасан гэдгийг баталсан тэмдгийг бүтээгдэхүүний шошгон дээр тавих ёстой байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тоглоом худалдаж авахдаа шошгон дээр нь хүүхдийн насыг заагаагүй бол бүү аваарай.
Хамгийн гол нь тоглоом нэртэй хямд үнэтэй хорыг өөрийн гараар хүүхдэдээ бүү өгөөрэй эцэг эхчүүд ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







