Гэмтлийн эмнэлгийн “гэмтэн”
/ тэмдэглэл /

Яаруу сандруу гүйж ирэн хамгийн эхэнд шагайсан хаалга “хүлээн авах” гэсэн бичигтэй байлаа. Өрөөний хойморт гурван цагаан халааттан суусан байх юм. Жижүүр эмч нар бололтой. Эмчээ хөлөө хугалсан хүн... хөлөө хугалсан хүн... яах вэ? гэсэн асуултад “аваад ир” гэсэн хариулт өгөөд цааш харлаа. Айсан сандарсан надад энэ хариулт хангалтгүй, авч ирээд хаашаа оруулах вэ? дараа нь яах вэ? яаж оруулж ирэх вэ? гээд л... Харин өдөр бүр энэ асуудалтай хэдэн зуугаараа тулгардаг эмчийн хувьд хариулт хангалттай байлаа.
20 минутын дараа – Өөрөө өөртөө үйлчлэх хууль
Эмнэлэгийн хонгилд байсан түрдэг тэргийг дур мэдэн авч өвчтөнг гаднаас оруулж ирлээ. Эмчээ яах вэ? гэхэд “зургаа авахуул” гэж хэлээд ахин цааш харлаа. Хаана очиж, хэнээр авахуулах вэ? гэдгийг асуух боломж байсангүй. Үнэндээ, надад тайлбарлаж өгөөд, дагуулаад явах цаг түүнд байгаагүй нь мэдээж. Гэхдээ, бид цаг алдсаар л. Өвчтөнийг хүлээн авахын хонгилд ганцааранг нь тэргэн дээр хэвтүүлж орхиод зураг авах өрөөг эмчийнх нь хамт хайж одов. Өвчтөн ёо ёо, ёо ёо... хэмээн ёолсоор л, түүнийг хэн ч тоосонгүй.
Ганцхан минутын дараа ойлгож чадахгүй хар зураг миний гар дээр ирэв.
-Одоо хаачих вэ?
-Эмч дээрээ оч...
Ингээд л тэргээ, өвчтөнгөө чирээд эмнэлэгийн хонгилоор хэсүүчлэнэ. Эмчээ олно гэдэг “зүү хайх шиг”. Танил эмчийн бараа харагдвал нулимс цийлэгнэнэ. Эмчээ, эмчээ... гэж баярлан очиход гартаа хэд хэдэн бэлэг барьсан эмч минь хажуугаар хээв нэг зөрж өнгөрөв өө. Эмчээ... эмчээ...
40 минутын дараа – Өвчтөний түүх хөврөв
Овог, нэр, нас... гэсээр хэд ч юм бүү мэдээ, олоон олон хуудас мэдээлэл хөвөрсөөр. Хэвтэнэ, хэвтэж эмчлүүлнэ, яс нь хугарсан гэв. Эмчээ, эмчээ... гэж ойртоход эмч цааш нугдайн надаас холдсоноо, аль дүүргийн аль хороо вэ? гээд доош харав. Бурхан шиг харагдсан эмчээс минь архи ханхлах чинь? Үгүй дээ, энэ эмнэлэгийн спиртийн үнэр, спиртийн л үнэр гэж өөртөө итгүүлээд “оюутан” гэж хэлэв. Өвчтөний түүхийн хуудсанд “оутан” гэж бичигдэв. Тэр спиртийн үнэр биш байлаа.
Гэвч эмч минь нааш, цааш гүйж, олон өвчтөний асуудлыг шийдэж байлаа. Үзлэгийн өрөөнд орж, нүдний гэм болсон шарх сорвийг өөрийн улаан гараар л эмчилж, оёж, нөхнө. Үнэндээ, оюутан гэж бичиж чадахгүй байгаа сэхээтэн маань өөрийн ажлыг хамгийн сайн хийсээр л. Эрүүл байсан бол илүү сайн байхсандаа бурхан эмч минь...
60 минутын дараа – Тавдугаар давхарт тавтай морил
Үзлэгийн өрөө лүү авч орсон өвчтөн хөлөө цоолуулчихсан гарч ирлээ. Тавдугаар давхарт хэвтэнэ, тооцоогоо дараа надтай хийгээрэй... Тооцоо...?
Цахилгаан шатны хаалга нээгдэж тавдугаар давхарт ирлээ. Сувилагч тосч аваад хаашаа ч юм түрэн явснаа, хонгилын үзүүр дэхь цонхны хэсэгт ирээд, хөнжил гудсаа авч ир, өрөө байхгүй энд хэвтэнэ гээд мөн л цааш одов.
Хонгилд манай өвчтөнөөс гадна ор авчирч тухалсан хижээл насны нэг эмэгтэй байна. Мөн ижлээсээ хоцорсон ганц ишгийг тойрон эргэх хэдэн цөөвөр шиг шинэхэн өвчтөнийг ойр хавийн хөлтэй хөлгүй эмэгтэйчүүл бүчив. Зарим нь бүр сандалаа авчираад тухлаадахав. Бид чив чимээгүй... Харин тэд хаанаас ирэв, яагаад хугалав, хаанаа цуурав гээд л зэрэг шаагилдана. Энэ ч юм сайн, тэр ч юм эдгээнэ, одоо эмч ингэнэ, сувилагч тэгнэ гэж мэдэмхийрнэ. Тэд хүний мөрөөсөл болжээ. Удалгүй тэд бидэнд туслаж эхлэв, байгаа байгаа зүйлээ барьж гүйнэ, өтгөн шингэнээ гаргахад туслана, зөвлөнө. Үнэндээ тэд, анх хүлээж авсан эмчээс минь илүүтэй “эмч” болсон хүмүүс байлаа.
Харин маргааш болоход би ч мөн шинэхэн өвчтөний дэргэд “цөөвөр” мэт зогсох аж. Би ч мөн хүний мөрөөсөл болжээ.
Шөнө – Хана уйлах цаг
Бүрэнхий нөмөрсөөр, эмнэлэгт холхилдсон хүмүүс тасаг тасагтаа орж бүгэв. Эл хуль хонгилд салхи салхилна. Хаа нэг хүмүүсийн ханиалгах, ёолох дуу сонсогдож байснаа, харанхуй нөмрөх цагт хүмүүсийн хашгирах, уйлах, гэнгинэх дуу хучин авлаа. Эмнэлэг тэр чигтээ айдас хүйдэс, зовлон шаналалын орон болов.
12 цагийн өвчин намдаах тариа тэдний туйлын хүсэл болжээ. Урд өрөөний шилбээ хугалсан эмгэн байн байн чангаар орилно. Тэгснээ уйлна. Тэнгэр бурхан өршөө, өршөөж хайрла хэмээн хайлна. Насанд хүрэгчдийн клиник гэж хэлэмгүй, бүгд жаахан хүүхэд шиг нулимс унагаж, дэрээ норгоно. Тэдний зовлонг хэдэн арван жил сонссон эмнэлэгийн харанхуй хана, хонгилын салхи л ойлгох шиг, чив чимээгүй сонсож, түүнд шингэсэн хашгираан, энд үлдсэн хүмүүсийн сүнс гэнгинэн, гэнгинэн уйлах шиг... Эндхийн шөнө өдөр шиг бүх амьд болоод амьд бус зүйл хөдөлгөөнд орно.
Маргааш – Би энд байна.
Нар мандах хамгийн сайхан нь. Өвчтөнүүд жаал амсхийж унтах цаг. Бүгд нам жим, сахиурууд л босч цэвэрлэгээ хийнэ. Эмнэлэгийн цонхоор нарны бүлээн тусгал тусч, шөнөжин зовсон өвчтөнүүдийн хацрыг зөөлөн илбэж тайвшруулна, урссан нулимсыг нь хатааж аргадна. Өглөө болжээ.
Цонхоор ажихад, хүмүүс тэнгэр өөд харж сүүн цацлаа өргөнө... Бурхандаа залбирна. Өчигдөрийн шөнийн аймшиг үгүй болжээ. Би хаана байгаагаа мэдэрч, хэн гэдгээ ойлгох шиг болов.
Цагаан халааттай сувилагч дулаахан инээмсэглэж ирээд тасагтаа ороход бэлдээрэй, тариагаа хийлгэх цаг болсон шүү гэв. Хамгийн хуншгүй, хүн чанаргүй, удаан, хүнд сурталтай хүн бол цагаан халаатангууд гэсэн бодол энэ шөний дараа ор мөргүй алга болж, хайгаад ч олдохгүй хаа холын газарлуу нисэн одов оо... Бурхан эмч, сувилагч нар минь өглөөний нар шиг бүлээн ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







