Дэд хурандаа Л. Лхагвацэрэн “Ураа гэж орилоод л ухаан алдаад унаж билээ”

Монгол Улсын Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр эрчүүдээс дутахааргүй алба хааж, амьдралынхаа гарааг хил хамгаалах байгууллагаас эхэлсэн нэгэн хүндэт бүсгүйг ярилцлагынхаа зочноор урьсан юм. Энэ бол Хилийн 0151-р ангийн Холбоо мэдээлэл технологийн байгууллагын дарга, Дэд хурандаа Л.Лхагвацэрэн. Тэрээр их шулуун шударга зантай бөгөөд "Мэдлээ гүйцэтгэе" энэ л командынхаа дагуу ёс журамтайгаар амьдралынхаа түүхийг бичиж явна. Ингээд түүний сонирхолтой, сэтгэл хөдөлгөм яриаг танд хүргэе!


Анх цэргийн амьдралтай та хэрхэн холбогдсон бэ? Энэ талаар яриагаа эхлэе.

Би 8-р ангиа төгсөөд 1986 онд Улаанбаатар хотын Холбооны техникумийн Радио релейны ангид орсон. Ингээд Өмнөговь, Дорноговь аймгуудад Монгол телевизийн нэвтрүүлэг дахин дамжуулах станциас ажлынхаа гарааг эхлэж байлаа. Гэвч удалгүй ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хотод шилжих шаардлага гарсан. Хотод ирээд удаагүй байтал  хилийн 0151-р ангид  холбооны мэргэжилтэй хүмүүс шалгаруулж авна гэсэн зар гарсны дагуу шалгаруулалтанд оролцож тэнцсэн. Ингээд анх Хилийн 0151-р ангид холбоочноор орж байлаа. Ийнхүү хилийн цэрэгтээ амьдралаа холбоод  20 дахь жилтэйгээ золгож байна.

Гэр бүлд тань цэрэг цагдаагийн хүн байсан уу? Багаасаа л ийм хүн болно гэж боддог байв уу?

Аав маань цэргийн хүн, гурван ах маань цэргийн нэгдсэн дээд сургуульд сурдаг сонсогч нар байсан. Гэсэн ч би цэргийн хүн болно гэж огт бодож байгаагүй. Би аав ах нарынхаа бүх хувцасыг угааж индүүдэх ажлыг хийдэг байсан. Тэгээд би хэзээ ч цэргийн хүн болохгүй гэж боддог байлаа шүү дээ. Тэр үеийн хувцаснууд чинь одоогийнхоос их өөр. Индүүдлэгийг нь удаан байлгахын тулд савангаар зурж байгаад дээрээс нь сонин тавьж индүүддэг байсан. Хувцас нь байнгын индүүдлэгтэй, хроммон гутал нь гялалзаад л байх ёстой. Тэр хэмжээнд байх үүргийг би гүйцэтгэдэг байсан. Харин миний хамгийн их хүсэж байсан мэргэжил бол эмч. Гэвч би өнөөдөр хүний эмч биш ч гэсэн техникийн эмч болсондоо баяртай байдаг. Холбоочин мэргэжил  сайхан .

Мэргэжил бүхэн өөр өөрийн гэсэн онцлог мөн чанартай хийгээд эрхэмлэн дээдлэх бахархам түүхтэй байдаг шүү дээ. Тэгвэл таны мэргэжлийн онцлог, бахархал нь юу вэ?

Цэргийн амьдрал намайг их өөр хүн болгосон гэж боддог. Би багадаа их өвддөг, нялцгар, сулбагар хүүхэд байсан. Цэргийн амьдралтай амьдралаа холбосноороо зөв алхаж гишгэх, бие бялдарын хүмүүжлийг эзэмшсэн. Зан төрх минь ч гэсэн их шулуухан болсныг хүмүүс хэлдэг. Арван жилийнхэнтэйгээ уулзахаар нөгөө нялцгай их өвдөж хавдаад байдаг байсан хүүхэд түс тас яриатай шулуухан болжээ гэж хэлдэг. Эрчүүдээс дутахааргүй бүх зүйлсийг адил хэмжээнд хийх ёстой байдаг учраас бие бялдарын  хүмүүжил болон сэтгэл зүйн суурьтай болсон  гэж боддог.

Хил хамгаалах байгууллагад эмэгтэйчүүд хэдэн хувийг эзэлж байна вэ?

Хил хамгаалах байгууллагын  нилээдгүй хувийг  эмэгтэйчүүд эзэлдэг.   Хилийн заставын амьдралыг эмэгтэйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэдний хийсэн бүтээснээр үргэлж бахархаж явдаг. Манай хилийн 0151-р анги бол их онцлогтой. Хил хамгаалах байгууллагын холбоог хангаад зогсохгүй  олон төрлийн сургалтуудыг явуулдаг онцлогтой анги юм. Тус ангид холбоочин эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Холбоочин бүсгүйчүүд улс орон нутгийн чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор ирсэн.


Олон жил ажилласан туршлагатай хүний хувьд энэ мэргэжлийг сонирхож буй залуустаа хандан ямар зөвлөгөөг өгөх вэ? Магадгүй гоё сайхан талыг нь харж сонгочихоод дараа нь шантрах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй юм.


Бага дунд сургуулиас эхлээд багш нар эх орон гэдэг үгийг их хэлдэг байсан. Харин энэ чиглэлээр яваад “Эх орон” гэдгийг өөрийнхөө сэтгэл зүрхэнд тод томруунаар харж, жинхэнэ утгаар эх оронч үзлийг өөртөө шингээж чадсан. Хамгийн эхэнд эх оронч үзэл сууж эхэлсэн. Энд цэргийн мэргэжлээс гадна дотроо олон төрлийн тусгай мэргэжил бий. Би холбоочин мэргэжлээрээ ажиллаад явахын хажуугаар цэргийн хэргийн мэдлэгийг байнга хэрэгжүүлэх ёстой.  Бие бялдарын тал дээр хэцүү зүйл их тохиолдоно. Залуу үед шантрах зүйл нилээдгүй гарна.

Гэхдээ залуу хүн юмыг сурахдаа амархан байдаг. Сурсныхаа дараа бол маш сайхан. Эрчүүдтэй адилхан гүйгээд, буудлага тактикийн бүх элементүүдийг хийж сураад  ирэхээр өөрөөрөө их бахархана. Мэргэжлээ сонгоогүй, энэ чиглэлээр сурч ажиллах, ажилаа олоогүй байгаа залуучуудад "Хэрэв энэ мэргэжлийг сонговол зорьсондоо хүрээрэй" гэж захидаг. Сонгон шалгаруулалтанд тэнцээд орсон хүн алзахгүй. Хил хамгаалах байгууллага бол сайхан айл, Сайхан алба

Анхны хүүхдээ 30 , Дараагийн хүүхдээ  38 настайтайдаа төрүүлж байсан гэж сонслоо. Хилчин эмэгтэйчүүд хувийн амьдралдаа хэр их цаг зав гаргах боломжтой байдаг юм бол?

Анх 0151-р ангид ахлагчийн бүрэлдэхүүнд орох гээд даргын зөвлөлийн хурлаар орох гэж байхад “За та манай хил хамгаалах байгууллагад орлоо. Цэргийн хүн болох гэж байна. Та дор хаяж 5 жил дадлагажин ажиллах ёстой. Энэ хугацаанд хүүхэд  гаргаж болохгүй” гэж манай ангийн захирагч хэлж байсан.

“Ойлголоо гүйцэтгэе” би яг энэ журмаараа л явсан. Гэрлээд таван жилийн дараа хүүхдээ төрүүлсэн. Гэвч хүний амьдралын урсгалыг өөрчилж болохгүй. Ороод нэг хоёр жил болоод хүүхэд гаргах тохиолдол ч байна.  Гэхдээ тухайн үед хамт ажилд орж байсан дөрвөн бүсгүй маань ч гэсэн үүнийгээ л дагасан. Харин хоёр хүүхдийнхээ дунд завсарлах зай бол миний хувийн амьдралаас шалтгаалсан.


Албаа хаагаад, ажилаа хийгээд явж байхад тань гарч байсан мартддаггүй хөгжилтэй үйл явдалаасаа хуваалцаач?




1997 онд манайх хээрийн сургуульд сар болгоны дадлага гэж хийдэг байлаа. 11 сард их хүйтэн өдөр би баг удирдаад 25 эмэгтэйг камондлаад явсан юм. Урт шинээл өмсчихсөн, буу зэвсэгтэй үүргэвчээ үүрчихсэн их ачаатай  явж байлаа. Ингээд орбитын талбайд буудлага тактикийн элемент хийж, элэг 4 өөр мөлхөөд бүх элементүүдээ дуусгаад маш их ядарчихсан үг дуугарч чадахгүй болсон байхад:
“За одоо ингээд дайны талбар руу орлоо. Чи салааны дарга нь шдээ. Юу гэж хэлэх вэ?
Ураа хашгираад тасгаа аваад урагшаа” гэсэн чинь би ураа гэж хашгираад л ухаан алдаад унаж билээ. Энийгээ ёстой мартагддаггүй юм.

Хүч хөдөлмөрөөрөө авсан зүйл хамгийн үнэтэй байдаг. Та авч байсан шагнал урамшууллаасаа дурьдвал?

Цэргийн хүний хувьд авдаг шагналуудыг ерөнхийд нь авсан. Одоо цэргийн гавъяаны одон, хүндэт хилчин л дутуу байна даа.

Хил хамгаалах байгууллагынхны хувьд төр засгаас юун дээр илүү анхаараасай гэж боддог вэ?


Эмэгтэйчүүдийнхээ хувцасыг арай нэг эмэгтэйлэг байдлаас урлаж хийвэл зүгээр санагддаг. Дээхэн үед Оросын хувцасыг өмсдөг байхад их сайхан санагддаг байсан.Одоо өмсөж буй энэ хувцасыг энгийн хүмүүс ч өмсөж байхтай их таарч байна. Хувцасны загвар дизайн чанарыг  анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг.


Хилчин эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ынхаа тухай сонирхуулаач?

Би энэ холбоогоо 2010-2014 хүртэл удирдсан. 2015 оноос зөвлөхөөр ажиллаж байна.
Хилчин эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, хилчидийн гэр бүл эмэгтэйчүүддээ чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг. Хилийн анги салбаруудын эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зөвлөх, тэднийг удирдан зохион байгуулах   чиглэлээр ажилладаг.
Хилчин эмэгтэйчүүдийн холбоо нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын холбооны гишүүн байгууллагууд дундаас   ажлын  дүнгээрээ 2011 онд 3-р байр, 2012он, 2013 онд  1-р байрыг эзэлсэн амжилттай ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн  асуудлыг хил хамгаалах байгууллагын удирдлага боломжоор нь дэмжин шийдэж ирсэн.  Саяхан манай хилчин эмэгтэйчүүдийн холбоо Монгол улсыг тойрон байгаа хилийн бүх ангиудынхаа 2014 оны ажлыг дүгнээд байр эзлүүлээд шагнал урамшуулалыг хүргүүлсэн байгаа.


Таны хэлэх дуртай үг, баримталж явдаг үзэл бодол тань юу вэ?

Би хүнтэй үерхвэл чин сэтгэлээсээ үерхэхийг хүсдэг. Шударга үнэнч байхыг эрмэлздэг.   Юмыг хурдан хугацаанд  хийж амжуулахыг хүсдэг. Хүнд тустай дэмтэй явахыг боддог. 

"Уул уулын оройд хүслээ шивнэж тэмүүлээрэй
Ус усны тунгалагаас биеэ уусгаж ариусгаарай
 Хүсэл хүслийн тэнгэрт хүслээ шивнэж тэмүүлээрэй
Хүн хүний төлөө сэтгэлээн зориулж амьдраарай"
гэж хэлэх дуртай.

Ийм л сайхан бахархам амжилттай, хэлэх дуртай үг нь хүртэл цаанаа л өвөрмөц, эгэлгүй ачлалт Монгол ээж, Эрхэм сайхан гэргий, Эрэлхэг дайчин Дэд хурандаа бүсгүйн ярилцлагыг танд хүргэлээ. Монголынхоо нийт эрчүүд,эрэлхэг дайчид, тэдэнтэй мөр зэрэгцэн алба хааж яваа бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе!




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Oyu (202.179.20.123) 2015-03-19 10:43:39
Daichin Mongol emegteichuudeeree baharhj bnshuajliin undur amjilt husey