Грек орноор...

Бүгд Найрамдах Грек улс нь 12 сая гаруй хүн амтай, нийслэл хот нь Афин бөгөөд хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг байна. Зүүн өмнөд европийн бүсэд оршдог Грек нь европ, ази, африк тивийг холбодог гүрэн юм. Грекийн орлогын гол бизнес нь аялал жуулчлал, мөн далайн тээвэр хамгийн том бизнес нь бөгөөд усан боомтын эзэн, усан онгоцны эзэд хамгийн хөрөнгөтэй хүмүүс байдаг ажээ. Нийслэл Афинд газардмагц ямар сайхан цэвэр тунгалаг агаар вэ, зам харгуй сайтай, тод нь ногоорч цэцэглэсэн, юун хямрал гэж бодогдов. Бид Афинд 4 хонохдоо замын түгжрэлтэй таарч үзээгүй, хэдийгээр нарийхан замтай боловч гэрлэн дохио нь нэг өнгөн дээр нилээд удаан асдаг төдийгүй тэдний замын дүрмэнд учир их байгаа санагдсан.

 

Архелогийн үнэт өв Акрофолис

Грекийн хамгийн алдартай түүх дурсгалын газрын нэг нь Акрополис ажээ. Яагаад Акрофолис хамгийн чухал нь вэ гэвэл хүн төрөлхтөний түүхэнд төр засагт улс гүрэн байгуулагдсан анхны улс орны эртний барилга гэдгээрээ дэлхийд алдартай. Өндөр ууланд байрладаг уг дурсгалт газар нь тэр чигээрээ архелогийн үнэт өв.  Гол хэсэг нь пелопонессианы дайны өмнө баригдсан Фидиагийн цогцолбор хэсэг. 1686 онд Туркуудын дайралтад өртөн эвдэрч байсан бол 1836-1842 онд  сэргээн засварлагдсан байна. Акрополис нь 5-р зууны Афины улс төр, соёлын томоохон төв байсан бөгөөд халдашгүй ариун сүм хийд энэ уулны эргэн тойорнд баригдаж байжээ.

Акрополисийн  бас нэгэн гайхамшиг нь Ромын эзэнт үед баригдсан Херод Аттикус театр бөгөөд үүнийг өнөөдөр хүртэл сонгодог дуурь, балет зэрэг өндөр зэрэглэлийн соёлын арга хэмжээнд  ашигладаг байна. Энэ нь дэлхийн хамгийн анхны чулуун театр бөгөөд 2003 онд анхны рок когцерт болж байсан ажээ. Биднийг сонирхож байх үед ч  грекчүүд тус цогцолборыг сэргээн засварлаж, тордож байсан нь түүхэн үнэт зүйлээ байнгын хайрлаж хамгаалдаг, зохистойгоор ашиглаж чаддаг туршлагатай хүмүүс хэмээн атаархаж байлаа.

 

“Нууцалмаар” бэлэг дурсгал

Энд тааралдаж байгаа бэлэг дурсгалын зүйлсийн сэдэв нь их содон, насанд хүрэгсдийн сэдвээр дагнасан байх юм. Эрэгтэй хүний бэлэг эрхтнээр дүрсэлсэн савтай ундаа, дарс онгойлгогч, үсний хавчаар, төрөл бүрийн байрлал үзүүлсэн барималууд, бас болоогүй амьдтыг хүртэл хос хосоор нь “байрлуулсан” байв. Хөзрийн зураг, и- мэйл захидал бол энүүхэнд юм билээ.

Арааны шүлс асгарам исгэлэн жимснүүд

Грекчүүд дунд сургуульдаа англи хэлийг үзчихдэг, захын дэлгүүрийн худалдагч, таксиний жолооч англи хэлээр хангалттай ойлголцох бөгөөд үйлчилгээндээ ихэд үнэнч ханддаг юм билээ. Эдний жимс, жимсний цэвэр жүүс, хүнсний ногоог бахдаад дийлэхгүй. Салат навч гэж гашуурсан ногоон навч монголд байдаг бол тэнд хазахад шархийсэн шинэ, олив тос төрөл бүрийн бяслагаар амтлаад л салшгүй сайхан салат. Фреш гэж тэрийг л хэлнэ. Шинэхэн хураасан багавтар хөөрөгний чинээтэй гүзээлзгэнэ, наборны дотроос л олж иддэг черри жимс, арааны шүлс асгарам исгэлэн тоор жимс гудамдаа 1-2 еврогийн үнэтэй.

Санторини арал

Грекийг зорьсон хүн арлыг нь сонирхох нь зүйн хэрэг. Бид жуулчдын тоогоор гректээ толгой цохьдог Санторини арлыг сонгон Хөх од нэртэй 8 давхар далайн хөлөг онгоцоор 8 цаг газар дундын тэнгисээр аяллаа. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг уст далай үнэхээр үзэсгэлэнтэй. Боомт дээр ирмэгц өнөөх хөлөг онгоцноос маань том том ачааны тэрэг, жижиг машин олноор урсан гарах нь бидэнд их л сонин санагдаж байв. Хүн төрөлхтөн гэж агуу зүйл ихийг бүтээх юм даа.

Санорини арал мөн л өндөр уулан дээр тогтсон, галт уулын дэлбэрэлтээс үүссэн ажээ. Эгц уулыг хярлан тавьсан нарийвтар замаар зочид буудлынхан өөрсдийн унаагаар уулын оройд аваачдаг юм байна. Уулын нэг талыг зам болгож, нөгөө талыг хот болгон сүндэрлүүлжээ. Эгц хад, гантиг чулууг тэр чигт нь засварлан орон байр, ресторан хийсэн байх юм. Энд таарсан хүн бүр биднийг хаанаас ирснийг сонирхож, Монгол хүнийг анх удаагаа харлаа гэж байв.

Цэнгэг устай тэнгисийн ус их шорвог, доош шумбаж харвал далайн ургамлууд тэр доор туялзанхан, олноороо явдаг загас хөл доор бужигнаж, том алган загас сүлжилдэн сэлж, тохойн чинээ алаг нарийхан загас надтай хөөцөлдөх шахам байх юм. Хоймор хүрэхгүй зайд хөлгүй гүн цэнхэр далай, аймаар ч юм шиг, биширмээр ч юм шиг. Урьд нь тэнгисийн амьдралыг нүдээр үзээгүй надад дуу алдам сайхан санагдана. Хар элстэй эрэг дээр бид хагас өдөр өнжиж сайхан амарлаа.

Санторини арал нь дэлхийд үзэх хэрэгтэй үзэсгэлэнт газруудын жагсаалтад дээгүүр ордог бөгөөд үнэхээр үзэслэгэнтэй, үзэх харах зүйл ихтэй тэр дундаа хосуудын арал юм билээ. Эндхийн шүтээн нь илжиг. Энэ өндөр ууланд үзэсгэлэнт гантиг цагаан хот байгуулахад илжиг л бүгдийг үүрсэн болоод тэр биз ээ.

Үнэхээр бахадмаар түүхтэй, бишрэм сайхан үзэсгэлэнтэй Грек оронд бид сайхан аяллаа. Халуун дотно сэтгэлээр хүлээн авч, мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн Грек оронд баярлалаа.

 

 

 

 

 

 

Тэмдэглэсэн: Сэтгүүлч Ш.Ариунаа

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.