“Хурц иртэй хуулийн цоорхой”

Эрхэм уншигч та бүхэн Мандал даатгал компаний Эрсдэл хариуцсан захирал Д.Дорждэрэмтэй уулзсан билээ. Өнгөрсөн хоёр хоногийн дотор “Мандал даатгал” компаний эмэгтэйчүүд бяцхан охин, буурай хоёрт эх хүний чин сэтгэлээр хандсан. Тэднийг хуульд оруулаагүй шиг орхигдуулж, нөхөн олговор олгосон болоод “оромдоод” орхичихсонгүй. Бидэнд хүртэл хандаж, нэгэнт байгаа хуулийн цоорхойг иргэдэд мэдээллэхийг хүссэн. Энэ утгаараа бид, уншигч авхай танд хэргийн тухай илүү дэлгэрэнгүй хүргэе хэмээн зорьсон юм.
Хотын захад байдаг талийгаачийн гэрт ирэх гэж нилээд хол замыг тууллаа. Тэнд очиход нийслэл Улаанбаатар хотын нэгэн хэсэг мөн гэж хэлэхэд хэл хальтрам дүр зураг угтсан юм. Яг л нэг мартагдсан сумын төвд ирчихсэн юм шиг, өвгөд хөгшид нь гадаа гарч хашааныхаа буланд сүүдэрлэж суугаад тамхиа нэрэнгээ дурангаар алсын бараа харж суух. Бид уулын бэлд барьсан хашаанд нь орох гэж хоёр нохойнд нь боргуулан байж, сандралдахад талийгаачийн эгч “хүүхдүүд ээ айхгүй алхаарай” гэж дотно инээмсэглэсээр гэртээ орууллаа.
Гэрэл муухан тууссан жижиг гэрийн хойморт талийгаачийн зураг, зул, зулын шар тос байна. Хойд орон дээр хөлдөө дөрөөвч зүүсэн бяцхан охиныг эгч нь харгалзана. Энэ өвөл тараасан “шахааны” утаагүй зуух гэрийн голд байна, хөдөө явахад л хаа нэг харагддаг дүр зураг үзэгдэж гэрийн шалан дээр хар шоргоолжнууд үй түмээрээ гүйлдэнэ. Буурай үүдний ойролцоо суугаад хэн ирж вэ? гэдгийг нэг л ойлгохгүй, чих тавьж суугаа харагдана. Хэвтрийн энэ буурай бүтэн хараагүй ажээ.
Хорооны “гашуун” тодорхойлолт
Гэрт ирсэн даруйд хорооны тодорхойлолт орвонгоороо эргэв. Талийгаачийн эгчийг “мэдрэл муутай, тахир дутуу, гэр орондоо ойр хавийн архичдыг цуглуулдаг үгээгүй архичин, харин талийгаачийг гэр орноо авч явдаг ганц хүн байсан юм шүү” гэж тодорхойлсон. Харин ажлаа тараад бидэнтэй уулзсан энэ эмэгтэй бодит байдал дээр оюун ухааны хувьд цоо эрүүл, ар гэрийн ачааг нуруундаа үүрдэг ганц хүн болох нь ил тод болов. Буурай нулимсаа арчиж “энэ хүн л биднийг авч явдаг юм даа” хэмээнэ. "Би толгой тархины өвчнөөр группд гарсан нь үнээн. Гэхдээ би боломжийнхоо хирээр ажил хийж энэ хэдийгээ тэжээдэг. Нийгмийн ажилтанаа би ямар хүн байдгийг мэдэхгүй, нэг удаа ч болов надтай уулзаж байгаагүй байж хүнийг ингэж хэлж болдог юм уу" гэсэн энэ эмэгтэйн үг нэгийг бодогдуулна. Үнэндээ, хорооны нийгмийн ажилтаны тодорхойлсон “архичин, оюун ухааны хомсдолтой хүн” талийгаач байсан нь тодорхой болов. Үр хүүхэд, настан ижийгээ тоохгүйн дээр хэрэг гарсан шөнийн нэгэн адил гадуур л хоноглодог байсан нь анзаарагдана. Энэ эндүүрэл үү? эсвэл үнэхээр иргэдтэйгээ ганц ч удаа уулздаггүй хороо юм болов уу?
Цаашилвал, бид хорооны тодорхойлолтыг сонсоод нэгэнт асран хамгаалагчгүй болсон энэ охиныг асрамжийн газарт хүргэгдэх байх гэж таамаглаж байсан. Хэрэв нийгмийн ажилтны үзүүлсэн баримтын дагуу дүгнэлт гарч ийм хэрэг болсон бол нэг бяцхан охины амьдралаар тоглох байжээ. Хайртай хүмүүстэйгээ хамт амьдрахгүйгээр барахгүй түнхний мултралтай энэ бяцхан охины ирээдүй хаашаа эргэх байсан бол? Эрүүл хүнийг “оюун ухааны хомсдолтой” гэж хээв нэг хэлсэн хорооныхон хэн нэгний амьдралаар ингэж тоглодог нь энгийн үзэгдэл харин ч бүүр гаршчихсан юм уу гэлтэй.
Хуулиас нэхсэн хариулт – Өвснөөс олдоогүй “зүү”
Хохирогчийн ар гэрийнхэн бүгд даатгалаас өгсөн нөхөн төлбөрийг захиран зарцуулах чадваргүй гэж тодорхойлсон тохиолдолд гарцыг зөвхөн хуулиас хайх нь зөв шийдэл байлаа. Гэвч...
Энэ тухай хуулинд байсангүй. Эрүүгийн хуулийн 508 дугаар заалтад хэрэгтэн хохирлыг барагдуулах ёстой. Үүнд, нэгдүгээрт оршуулах зардал гаргана, хоёрдугаарт өнчин хоцорсон хүүхдийг 18 нас хүртэл тэжээх ёстой. Харин даатгалын компаны хувьд хуулийн дагуу хохирол барагдуулах хамгийн дээд хэмжээний мөнгийг төлөх заалттай байна. Гэвч, гэр бүлийн гишүүд нөхөн төлбөрийг захиран зарцуулах чадваргүй тохиолдолд хороо эсвэл нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн газартай хэрхэн ажиллах нь хуулинд ер тусгагдаагүй байлаа.
Энэ нь өнөөх л эмзэг бүлгийн иргэдийг хуулиас гадуур орхидог шигээ энэ удаад ч даатгалын хуулийнд эмзэг бүлгийнхний асуудал орхигджээ. Тэдэнд очих ёстой нөхөн төлбөрийг хэрхэн олгох тухай хуулинд огт байсангүй. Ай даа, хууль гэдэг чинь хүн бүрт тэгш эрхтэйгээр очиж байж “хууль” гэдэг нэрэндээ хүрдэг байтал нийгмийн нэг хэсэг бүлэгт огт очиж чадахгүй байхад бид хэрхэн “хууль мөрдөнө, хууль мөрдүүлнэ” гэж ярих билээ дээ.
Эргэлзээ – “Анхны тохиолдол”
Нэгэнт хуулийн энэ цоорхойг ямар нэгэн байдлаар нөхөх нь Мандал даатгалын “үүрэг” болов. Тэд хамгийн эхний ээлжинд Албан журмын даатгалд “Бидний мэдлээс хэтэрсэн хэрэг болсон тул шийдвэр гаргах түвшинд туслана уу” гэсэн боловч энэ оны 1 дүгээр сарын 1-нд батлагдсан албан журмын даатгалын хэмжээнд анх удаа ийм хэрэг гарч байна, “бид яах ёстойг хараахан мэдэхгүй, судлах хэрэгтэй” гэсэн хариулт авчээ.
Гэвч... гэвч итгэмээргүй юм. Албан журмын даатгал батлагдаад 5 сарын нүүрийг үзжээ. Дээрх хэрэг гарсан шөнө л гэхэд үүнтэй ижил хоёр хэрэг гарсан. Ингээд бодоход таван сар гаруй хугацаанд амь нас нь хохирсон хүний ар гэрийнхэнд даатгалын компаний зүгээс нөхөн төлбөр өгч байгаагүй гэхэд итгэмээргүй. Мэдээж авто осол гаргасан хүн иргэний болоод эрүүгийн хуулийн дагуу тухайн хохирогчийн оршуулгын зардал зэрэг хуулинд заасан нөхөн төлбөрөө хувиараа төлнө. Харин түүнээс тусдаа ойлголт болох даатгалын компаний нөхөн төлбөр нэг ч удаа олгогдож байгаагүй нь “гайхмаар”. Эсвэл яг л “үлгэр шиг” үнэхээр хүн дайрсан тээврийн хэрэгслүүдийн нэг нь ч даатгалд хамрагдаагүй байв уу?
Яг тухайн хэрэг дээр замын хажууд согтуу хэвтэж байсан хохирогчийг согтуугаараа машины урдуур орсон, үүнд даатгуулагчийн буруу байхгүй хэмээгээд “гүрийхэд” үнэндээ шалгах эзэн байхгүй. Нөгөөтэйгүүр, иргэдийн даатгалын хуулийн тухай мэдлэггүйг нь ашиглаж нөхөн төлбөр олгодоггүй байсан ч юм билүү? Ялангуяа хотын захын дүүргүүдээр тарж суурьшдаг эмзэг бүлгийн иргэд л авто осолд хохирогч болж үлддэг.
Тэд хуулийн дагуу хэнээс очиж мөнгө аваад, асуудлаа хэрхэн зохицуулахаа ч мэддэггүй. Осол гаргасан тээврийн хэрэгсэл даатгалтай байсан уу? даатгалгүй байсан уу? гэдэг бүр ч сонин биш. Зүгээр л дайруулаад өнгөрсөн хүний буруу, энэ бол хувь заяа хэмээн “ажил явдлаа өнгөрөөдөг”.
“Бяцхан заяа”
Жижигхэн бор гэрийн “гэрэл” болсон бяцхан охины амьдрал өчигдөрхөн асрамжийн газарт очих дөхсөн. 78 настай, бүрэн хараагүй буурай өрөөлийг бүү хэл өөрийгөө харах чадваргүй юм чинь түнхний мултралтай нялх үрийг асрана гэдэг байж боломгүй.
Ой хүрсэн эрүүл хүүхдийн шүд ургаж гүйцсэн байдаг. Харин охин зөвхөн дөрвөн шүдтэй, түнхний мултралтай учир хөдөлгөөнгүй байсаар өсөлт нь зогсчээ. Тэр өнөөдөр биеэ дагаад сууж ч чаддагүй, дөрөөвчиндөө дөрөөлөгдөж амьдарсаар. Эмчилгээний мөнгө түүнд байхгүй, тэр өвдөж байна гэж хэлж ч чадахгүй.
Охин дөнгөж төрсөн цагаасаа л хэний ч хүсээгүй амьдралаар амьдарсан. Төрсөн эх нь дөнгөж төрүүлчихээд л эх нялхсын орон дээр уйлуулаад явсан, гэмгүй түүнийг зүгээр л голчихсон. Эх нялхсаас хэдэн өдөр дуудуулаад, талийгаачийн эгч бяцхан охиныг очиж авсан. Гэвч охиныг ээлжит “зовлон” нь тосон авсан нь тэр төрөлхийн түнхний мултралтай байсан юм. Эх хүн бие давхар гэдгээ мэдээд л үр хүүхдээ, биеэ гамнадаг байтал охин эхийнхээ хэвлийд байхдаа л аль нэг гудамжны мухарт согтуу эхийнхээ хамт хоноглодог байсан. Харин өнөөдөр тэр муу ч байсан, согтуу ч байсан “ижий минь” гэж насан туршдаа дуудахгүй болсон. Ядаж л түүний аав хэн гэдгийг энэ жижиг гэрт нэг ч хүн мэдэхгүй. Бяцхан заяа минь одоо хаа одно доо.
Үнэндээ нэгээр зогсохгүй хүүхэд хайртай хүмүүстэйгээ насан туршдаа амьдарч болох л байсан. Хэрвээ зам стандартын шаардлага хангахуйц өргөн байсан бол хоёр машин зөрөхийн тулд нэг нь замаас гарахгүй, олон улсын чанарын шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй байсан бол замын хажууд байсан хүнийг харах л байсан. Үнэндээ энэ зөвхөн жолоочийн хариуцлагагүй байдлынх биш, хөгжиж буй Монгол улсын зам, түүнийг засах ёстой эрхэм хүмүүсийн хам хэрэг ч юм шиг.
Шийдэл
Бид буурайгийн хүслээр шинэ гэр барьж өгөхөөр боллоо. Харин үлдсэн мөнгийг охины эмчилгээний зардал болгож дансанд хадгалуулна гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ гэр бүлийн амьдрал цаашид гэрэл гэгээтэй байх болно. Буурай, бяцхан охин хоёрын ирээдүй сайн хүмүүсийн буянаар цаашид амар амгалан, тайван байх болтугай.
Харин бид дараагийн удаад уншигч бүсгүйчүүддээ “Мандал даатгал” компани нөхөн төлбөрөө энэ гэр бүлд хэрхэн төлсөн тухайд сурвалжлан хүргэх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа




