Эвлэрлийн баяр – “Цагаан сар”

 

Урин хавар, ирж яваа цагаа угтан баярладаг Монголчуудын уламжлалт “Цагаан сар”-ын баяр.

Би “Цагаан сарыг” тэр чигээрээ билэгдлийн шинжтэй баяр гэж ойлгодог. Бидний өвөг дээдэс үнэхээрийн ухаалаг ард түмэн байжээ. Жилийн дөрвөн улирал, од гаригийн байрлалаар ажил, амьдралаа зохицуулж, өв уламжлалаа хэзээ ч алдалгүйгээр өдий хүрч чадсан ухаалаг ард түмэн гэвэл Монголчуудыг гэж би итгэлтэй хэлэх байна.

Цагаан сараар өглөө босоод, гэрээсээ гарахаас эхлээд ёс жаяг, утга учиртай бас билэгдэлтэй. Зүг мөрөө зөв гаргаж, сэтгэл санаагаа тайван байлгаж, шинийн нэгний өглөөг угтаж, тэр өдрийн бүхий л үйлийг ёсоор нь хийж гүйцэтгэвэл, тухайн жилдээ тийм л байдаг аж.

Нэгэн гадаадын хүнээс Монголчуудын Цагаан сарын баяр бол эвлэрлийн баяр, ийм баяр Дэлхийд хаана ч байхгүй гэсэн үгийг сонсоод нэгийг бодлоо. Нээрээ л шинийн нэгний энэ өдөр хэн ч муухай үг хэлж, бие бие рүүгээ муухай харц чулууддаггүй. Ам муруйж муудалцсан хүмүүс энэ өдөр тааралдвал, гар зөрүүлэн золгож амар мэндээ мэдэлцдэг. Цагаан сарын өдөр муу, муухай хар бүхнийг цайруулж цагаатгадаг.

Харилцаа холбоо хөгжсөн өнөө үед хүмүүс нүүр тулан уулзалдах нь ховор болсон. Утсаар ярьчихна, и-мэйл биччихнэ, мессенжер, facebook гээд хоорондоо амар хялбараар харилцаа үүсгээд ажил төрлөө амжуулчихдаг болсон орчин үед Цагаан сараар л жил уулзаагүй хүмүүс уулзаж нүүр нүүрээ харцгаадаг нь худлаа биш ээ.

Тийм ээ! Дэлхийд байхгүй монгол баяр “Цагаан сар”... Эеийг хичээж Эвтэй амьдарцгаая! Монголчуудаа!

У.Чимэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.