УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хууль тогтоолцох үүргээ 100 хувь биелүүлсэн

Сонгуулийн нээлт

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир нарын сонгуулийн сурталчилгааны нээлт энэ сарын дөрвөнд боллоо. Сонгуулийн нээлтэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Завхан аймгийн МАН-ын байгууллагын удирдлагууд оролцсон юм. Завхан аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Жамъянтив нэр дэвшигчид болон сонгогч түмэндээ хандаж үг хэллээ. Тэрбээр “МАН энэ удаагийн сонгуульд иргэнд тэгш боломж нийгэмд шударга ёс гэсэн уриатайгаар оролцож байна. Туулай жилийн сонгуульд нэр дэвшсэн ардын намын хоёр нэр дэвшигч тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу хүмүүс билээ. Хоёр нэр дэвшигчийн хувьд нэр цэвэр, авилгаас ангид буян хишгээ зөв дааж яваа хүмүүс. МАН-аас УИХ-ын сонгуульд Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлэхдээ хэд хэдэн үзүүлэлтийг үндэс болгосон. Түүний хувьд өндөр боловсролтой хууль тогтоох ажилд мэргэшиж баялаг туршлага хуримтлуулсан нэр цэвэр төрийн түшээ хүн. Тэрбээр чөлөөт хэвлэлд нээлттэй ардчилсан улстөрч төдийгүй эмэгтэйчүүдийн болон нийгмийн салбарын тэргүүлэх зүтгэлтэн, боловсролын салбарт өөрчлөлт авчирсан чадварлаг улстөрч. МАН-аас дэвшүүлж буй цогцлоон хөгжүүлэх зорилго бүхий хүн төвтэй нийгмийн бодлогын үр шимийг төр улсын үндэс болгож, өрх гэрийн амьдралд хүртээх боловсрол, туршлага, ур чадвар нь өв тэгш бүрдсэн ард түмний амьдралыг хамгийн сайн мэдэх улстөрч эмэгтэйг УИХ-д дахин сонгохыг уриалж байна” гэсэн юм.

 Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “УИХ-ын гишүүдийн хамгийн том үүрэг нь хууль тогтоох үйл ажиллагаа байдаг. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүрэн эрхийнхээ хугацаанд энэ үүргээ 100 хувь биелүүлж ажилласан. Түүнийг улстөрийн түвшинд ямар их өсч байгааг завханчууд анзаарч байгаа байх. Д.Оюунхорол гишүүн нийгмийн салбарын томоохон хууль тогтоол, тэр дундаа хүний төлөө гэсэн агуулгатай хуулиудыг батлууллаа. Түүний баталсан хуулиудын ачаар эмэгтэйчүүдийн одонгийн мөнгө нэмэгдэж, эхчүүдэд олгох тэтгэлгийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн, их дээд сургуулийн оюутнууд сар бүр 70 мянган төгрөг авч байна. Мөн ахмадуудын тэтгэвэр хоёр дахин нэмэгдэж, тэдний  тэтгэврийн зөрүү арилсныг үзвэл ард түмний амьдралд нэн шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг чуулганаар батлуулсан нь тодорхой байна. Түүний батлуулсан хуулиуд та бүхний амьдралд нөлөөлж байгаа бол Завханы ард түмэн энэ эмэгтэйгээ дэмжих хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зарим зүйл заалтуудаас сонгогчиддоо танилцуулсан юм. Тэрбээр “МАН орлого багатай өрх ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорилтот халамжийн тусламжинд хамруулж халамжийг хавтгайруулахгүй гэсэн чиг барьж байгаа 40 мянгаас доошгүй айл өрхөд хувийн аж ахуй эрхлэх хоршоо нөхөрлөл байгуулж таваас доошгүй сая төгрөгийн зээл олгох зорилтыг тавьж байна. “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгох 21 мянган төгрөгийг 18 нас хүртэлх хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа иргэддээ үргэлжлүүлэн олгоно. Гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх  мөнгөн урамшууллыг олгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн амжиргааг дэмжихэд төрөөс халамж үзүүлнэ. Олон улсын стандартад нийцсэн ахмадын асрамж сувилалын газар байгуулна. Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон авто замын сүлжээ бий болгоно. Энэ мэтчилэн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгалаа. Өнгөрсөн жил батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулиар ажилгүй орлогогүй байсан малчдыг нийгмийн даатгалд хамруулж тэтгэвэр тогтоолгох шийдвэр гаргасныг иргэд сонгогчиддоо мэдээлж Завхан нутгийн сонгогч түмэн, Богд Очирваань хайрхан минь намайг ивээлдээ багтааж өмнөх сонгуулиар төрд илгээсэн итгэл найдварыг би биелүүлсэн гэж үзэж байгаа. Ард түмнийхээ итгэлийг дааж УИХ-ын гишүүний эрхэм үүргийг дахин биелүүлэх бололцоо олговол та бүхэнтэйгээ хамтран төрөө түшилцэхэд бэлэн байна” гэв.

Энэ үеэр МАН-ын дэргэдэх намын зүтгэлтнүүд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хандаж үг хэллээ. МАН-ын ахмад зүтгэлтэн Б.Дашдондов: “Хийсэн ажилтай хэлсэндээ хүрдэг эрхэм гишүүнийг ард түмэн дэмжээсэй. Манай намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тухайд хийсэн ажил санаачилсан хуулиудыг нь яривал багагүй хугацаа шаардагдана. Завхан аймагт байтугай улс даяар нэр алдар нь түгсэн эрхэм гишүүндээ Завхан аймгийн ард түмэн саналаа өгөхийг уриалж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ямар хүн яах гэж сонгогдох гээд байгаа юм бол оо гэж айх гайхах хэрэггүй. Түүнийг парламентад илгээснээр монгол түмэн бид алдахгүй. Хийсэн ажилтай, хэлсэндээ чармайж хүрдэг төрийн түшээгээ нутгийн ард түмэн минь дэмжээсэй гэж уриалж байна”.

МАН-ын Бага хурлын гишүүн, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, Идэр сумын Засаг дарга Г.Цэцэгээ: “Төрөлх нутгийнхаа эмэгтэйчүүдийн төлөө үргэлж санаа тавьж ажилладаг НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхоролыг МАН манай аймагт дахин нэр дэвшүүлсэн нь оновчтой сонголт болжээ гэж үзэж байгаа. Д.Оюунхорол гишүүнийг хүнийх нь хувьд, төрийн түшээгийнх нь хувьд хэн бэ гэдгийг сонгогч та бүхэнд тайлбарлах хэрэггүй байх гэж бодож байна. Энэ эмэгтэй 2000 оноос хойш завханчуудтай ойр дотно ажиллаж гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд өөрийн гэх хувь нэмрээ оруулсан гэж үзэж байна. Д.Оюунхорол гишүүн эмэгтэйчүүд, нийгмийн асуудал, боловсролын салбарын асуудлыг хамгийн сайн мэдэрдэг  төдийгүй энэ салбарын хуулиудыг санаачилж батлуулсанд нь завханы эмэгтэйчүүд үргэлж талархдаг. Д.Оюунхорол гишүүн манай аймагт олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга бариулсан. Түүний хийсэн ажлуудыг тоочоод барахгүй. Монголынхоо эмэгтэйчүүд тэр дундаа завханы эмэгтэйчүүдийн төлөө үргэлж санаа тавьж байдаг эрхмийг төрөлх нутгийн минь эмэгтэйчүүд дэмжихийг хүсч байна”. 

 

Улиастай Чигэстэй, Жаргалант баг

Чигэстэй Жаргалт багийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Чигэстэй, Жаргалант багийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байв. Чигэстэй багийн иргэд уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилсан ахмад настны тэтгэврийн зөрүү арилгах тухай хууль, Боловсролын тухай хууль, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хууль гэх мэт хуулиудыг санаачилж батлуулсанд нь талархаж “Бидний амьдралд нэн шаардлагатай эрхзүйн орчинг бүрдүүлхэд энэ эмэгтэй багагүй идэвх чармайлт гарган ажиллажээ” хэмээн сайшааж байв. Ер нь Д.Оюунхорол гишүүний батлуулсан хуулиудыг харахад эрчүүдийн хайхралгүй үлдээдэг, өрх гэрийн амьдралд хамгийн хэрэгцээтэй, эгэл хүний амьдралд наалдацтай асуудлуудыг эмэгтэй хүний соргог ухаан гярхай нүдээр харж, энэ чиглэлийн хуулиудыг санаачилж батлуулсан байна. Түүний санаачилж батлуулсан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал олгох тухай хууль батлагдсанаар улсын хэмжээнд 142400 ээж алдарт эхийн одон авсан. Ингэснээр эхчүүдийг үнэлэх үнэлэмжийг өсгөж чадлаа. Манайх шиг цөөхөн хүн амтай улс орон хүн ам зүйнхээ бодлогыг сайн боловсруулж хүн амынхаа өсөлтийг дэмжмээр байна. Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж 1995 оноос өмнө тэтгэвэр нь тогтоогдсон ахмадуудын тэтгэврийг дурдсан оноос хойш тэтгэвэр тогтоогдсон тэтгэвэртэй адилтгасан. Ингэж зөрүү арилсанаар улсын хэмжээнд 160 гаруй мянган ахмад тэтгэврээ нэмүүлж, 183000 төгрөг болж өссөн байна. Завхан аймагт тэтгэврээ нэмүүлсэн ахмад 6080 ахмад байдаг юм байна. Уулзалтын үеэр тус багийн иргэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд хандаж үг хэлж, сонгуулийн ажилд нь амжилт хүсэхийн зэрэгцээ Улиастай хотын хэмжээнд тулгараад байгаа зарим асуудлыг хөндлөө.

Жаргалант багийн иргэн М.Бадарч: “Хүмүүс шал дэмий хөрөнгөө зараад цагаан хаалга барьсан. Цагаан хаалгыг барихдаа дөнгөж цаана нь байгаа жалгыг бетоноор хучаад барьчихаж болоогүй юм уу, банкны зээлд хамрагдаж чаддаггүй олон хүн байдаг. Банкны зээлийг хөрөнгийн барьцаа шаардалгүйгээр ганц хоёр сая төгрөгийг шууд хүүгүйгээр олгож болдоггүй юм уу. Хатуу хучилттай зам тавихдаа чанарын шаардлага хангасан зам тавих хэрэгтэй шүү дээ” хэмээн анхааруулж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Стандартын хэмжээний зам баригдаж байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллах ёстой. Ард иргэд ч гэсэн давхар хяналт тавих хэрэгтэй. Өнөөгийн ардчилсан төрд хамгийн хүчтэй хяналтыг иргэд бүх салбарт тавих чадвартай болсон эрхзүйн орчны боломжоо бид ашиглах ёстой юм. Зам барих төсвийг бид шийдвэрлүүлсэн. Аймгийн тамгын энэ ажлыг гардан хийлгэж байгаа. Цагаан хаалганы тухай асуудлыг аймгийн удирдлагууд тодорхой хариултөө өгөх ёстой. Бид тэр хөрөнгийн эх үүсвэрийг гаргаагүй учраас сайн мэдэхгүй юм. Ажил хөдөлмөр хийе, жижиг бизнес эрхэлье гэж байгаа иргэдэд яг үнэндээ банкны зээл олдохгүй байгаа. Манай аймагт хүү багатай урт хугацаатай зээл олгоход зориулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор жил бүр 6,5 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг ирүүлдэг. Мөн 100-гаас дээш сая төгрөгийн зээл хүссэн иргэдийн асуудлыг УИХ-аас тавьж шийдвэрлүүлсэн” гэж хариуллаа.     

Чигэстэй багийн иргэн Т.Ичинхорлоо: “Д.Оюунхорол гишүүний хийж бүтээсэн ажлын үр шимийг хүртээгүй өрх гэр манай аймагт байхгүй. Хийсэн ажилтай хэлэх үгтэй Д.Оюунхорол гишүүндээ дахин сонгогдохоор ирж байгаад  талархаж байна. Түүний хийж бүтээсэн ажлын үр шимийг хүртээгүй өрх гэр байхгүй. Д.Оюунхорол гишүүний аав ээжийг багаас нь сайн мэднэ. Би ахтай нь нас чацуу гишүүний ах дүүс бүгд боловсролтой оюунлаг улсууд байдаг”.  

    

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.