Миний аав зохион бичлэг
Би өнөөдөр анх удаагаа сургуулийнхаа зохион бичлэгийн уралдаанд оролцож байна. Бүх хүүхдийг “Миний аав” сэдвээр зохион бичлэг бичих даалгавар өглөө. Хүүхэд бүхэн аавтай болохоор энэ сэдвийг багш нар сонгож бичүүлж байгаа энд аавынхаа тухай бичих ёстой гэдгийг ч би ойлгож байна. Гэвч би аавыгаа танихгүй учраас юу гэж бичихээ сайн мэдэхгүй байна. Хэрвээ надаас хамгийн муу хүн хэн бэ гэж асуувал би “Хүүхдээ хаяад явсан аав” гэж хариулна. Өөрийнхөө үр хүүхдийг, мөнгө, хөрөнгө, архиар солиод хаяад явсан тэр аавуудыг хэлнэ. Тэднээс өөр муу хүн яавч байхгүй.
Би багадаа л их аавыгаа нэхэж ээжийгээ зовоодог хүүхэд байсан гэж ээжийн найзыг ярьж байхыг сонссон юм. Ухаан суусан цагаасаа аав гэж нэхдэгээ больсон. Гэвч уралдаан тэмцээнд түрүүлэх, онц дүн авах бүртээ хаа нэгтэйгээс аав намайг хараасай гэж хүсдэг. Олны дундаас цаг үргэлж аавыгаа л хайдаг. Ээж минь намайг аавыгаа битгий хайж бай гэж хэлдэг ч бусдын аавыг хараад өөрийнхөө аавыг хайхгүй байж тэсдэггүй. Хүүхэд насны минь жаргалтай цагуудад та дэргэд байгаагүй ч одоо амьд мэнд байдаг бол нэг л удаа аавыгаа харахыг хүсдэг. Ганц л удаа харчихвал дүр төрхийг нь тогтоож аваад надад сайн хандсан хүн бүрийг миний аав мөн болов уу гэж горьддогоо болино. Энд тэндээс аавыгаа хайдаг сэтгэлийнхээ эрэлд цэг тавьна.
Би аавыгаа Санги ахтай нэг кинон дээр гардаг шиг өөр хүүхэдтэй болоод явчихсан юм болов уу гэж боддог юм. Гэхдээ тэр кинон дээр гардаг аав, хичнээн охиноо орхиод явсан ч төрсөн өдрөөр нь ирж, ээжид нь бэлэг өгч баярлуулдаг шүү дээ. Гэтэл ямар аав гэхээрээ хүүхдийнхээ төрсөн өдрийг ч мэддэггүй бас ээжийг минь ч баярлуулдаггүйд гайхдаг. Ээжийгээ баярлуулж, хамгаалах юмсан гэж бодохоор хурдхан том болох хүсэлд өдөр бүр автаж, хүлээтэй юм шиг хүүхэд наснаас залхдаг.
Миний хамгийн жаргалтай мөч бол ээжийн минь инээмсэглэл, тийм ч учраас хэн нэгэн ээжид минь бэлэг өгөөсэй, ээжийг минь баярлуулаасай гэж би хүсдэг.
Ээж минь ч таныг их санадаг байхаа надад л хэлдгүй болохоос. Ээж миний дэргэд уйлж байгаагүй ээ. Сэтгэл зүрхэндээ л уйлдаг байх. Хэрвээ миний дэргэд уйлвал би ээжийнхээ нулимсыг арчаад, тэвэрч тайтгаруулна. Сэтгэлдээ уйлахаар хэн нулимсыг нь арчиж тайтгаруулах вэ дээ. Хүү нь хурдан том болоод ээжийгээ алган дээрээ бөмбөрүүлж амьдарна аа. Аавгүйгээр ээж бид 2 зөндөө ганцаардсан. Аав та их муу хүн байх, үнэт эрднээр сольшгүй миний ээжийг гомдоогоод, өөрийнхөө хүүг орхиод нэг ч удаа эргэж хараагүй. Гэхдээ над шиг ээжтэйгээ л амьдардаг, аавгүй хүүхдүүд олон байдаг юм билээ. Тэр хүүхдүүд ч бас над шиг аавтай минь уулзуулаач гэж хүслээ шивнэдэг байх даа. Харин би хурдхан том болоод энэ ээжүүдийг бүгдийг нь баярлуулна гэж хүсдэг.
Ээж минь “Миний хүү, мэддэг зүйлээ мэдсэн шиг мэд, мэдэхгүй зүйлдээ битгий мэдэмхийрч бай” гэж хэлдэгийг санаад мэдэхгүй зүйлээ бичихийг хүсээгүй ч гэлээ, “миний аав” үнэхээр миний мэдэхгүй сэдэв ч гэсэн, энэ уралдаан учраас заавал бичих ёстой. Ингээд аавынхаа талаар мэддэг бүхэн минь л энэ.
Эцэст нь аавдаа “та намайг орхиод, мартсан ч би таныг нэг өдөр нэг цаг, минут ч мартаж байгаагүй. Аавгүй өссөн ч гэлээ таны өмнөөс чадах бүхнээ хийсэн ээжид минь талархаарай” л гэж хэлэх байсан байх даа.
2012 оны 9 сарын 10 өдөр
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







