М.Энхтуяа: Би Ардын дуундаа хайртай

МҮДИН-ын ардын дууны төрөлд оролцож байгаа хамгийн бяцхан оролцогч 12 настай Энхтуяатай цөөн хором уулзлаа. Жижигхэн биетэй хэрнээ хэвлүүхэн ярих тэр авъяаслаг охин үндэсний урлагаа гойд эзэмшиж яваа нь бахархах сэтгэл төрүүлсэн юм.
-Миний дүү өнөөдөр ямар дуугаар оролцож байна? Ардын дууг хэнээс сурсан бэ?
-Би өнөөдөр баруун монгол ардын дуу дуулж байгаа. Таван дууны эвлүүлэг дуулахаар бэлдсэн. Энэ ардын дууг багшаасаа сурсан. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын дуу хөгжмийн багш Дарьсүрэн зааж өгсөн.
-Энхтуяа маань хэзээнээс дуулж эхэлсэн бэ? Гэрийнхэнд нь дуулдаг хүмүүс бий юу?
-Би гурав дөрөвдүгээр ангид байхдаа улсад ирж дуулах тэмцээнд оролцсон. “Уран сэтгэл” гэдэг номинаци авч байсан. Тэрнээс хойш олон тэмцээнд оролцсон. Манай аав ээж хоёр онцгой дуулдаг хүмүүс биш, өөртөө таарсан энгийн сайхан дуулдаг хүмүүс байдаг.
-Чиний хүсэл мөрөөдөл юу вэ?
Ер нь бол урлагт дуртай. Дуулж бүжиглэх мөрөөдөлтэй. Орчин үеийн дуу хөгжимд тийм ч сонирхолгүй, харин үндэснийхээ дуу хөгжмийг сонирхоод энэ олон ах эгч нартайгаа мөр зэрэгцэн явж байгаадаа маш их баяртай байна. Хэрвээ багшгүй байсан бол би ийм амжилт үзүүлэх байсан ч уу. Тиймээс багшдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Энхтуяа Монголын баруун хязгаараас ирж оролцож байна. Холын Ховд аймгаас ирээд Дууны наадмын дөрөвдүгээр шатны шалгаруулалтандаа орох гэж байна, сэтгэгдэл ямар байна даа?
-Надад их гоё байна, тайзан дээр гараад сандрахгүй өөрийнхөөрөө бүжиг дуугаа сайн хийгээд оролцоно доо.
-Миний дүүгийн дуртай хичээл юу вэ?
-Монгол хэл, монгол бичигт хамгийн дуртай. Яагаад гэхээр монголчуудын маань нандин өв соёл гэж боддог.
-Том болоод урлагийн хүн болно гэсэн, чиний хүндэлж явдаг дуучин хэн бэ?
-Миний хувьд Ардын дуучид дотроос дуучин Бурмаа хамгийн гоё дуулдаг. Том болоод Бурмаа эгч шигээ мундаг сайн дуучин болохыг хүсдэг.
-За миний дүү одоо гарах цаг чинь боллоо. Тайзан дээр гараад сандарч болохгүй шүү. Яг бэлдсэн шигээ сайн дуулаарай.
-Баярлалаа.
Ингэж ярилцаад Энхтуяа маань томчуулаас дутахгүй зоригтойгоор шалгаруулалтанд оролцоод тэнцсэн юм. Бүх шүүгчид түүнд ногоон гэрэгэ өргөсөн бөгөөд өхөөрдөм хайр татам түүний ховорхон заяах авъяасыг нь хөхүүлэн дэмжиж байлаа. Тэрээр өөрийн авъяас чадлаар УБ Паласын концертийн их танхимд дуулах эрхээ авсан бөгөөд Монгол Үндэстний дууны их наадмын шилдэг 35 оролцогчдын нэгээр шалгарч үлдсэн билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







