Амлалт бүхнээ бичиж тэмдэглэж бай

Дэлхий дээр хэдхэн орон л эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай байна. Бразилийн Ерөнхийлөгч Делма Русеп, Германы Ерөнхий сайд Ангела Меркель, Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез нарыг дэлхий иргэдийн ихэнх нь мэднэ.

Харин өнөөдрийн зөвлөгөөг тэдний нэг БНСУ Ерөнхийлөгч хатагтай ПакГынхе өгөх болно. Тэрээр БНСУ-ын домог болсон Ерөнхийлөгч Пак Чун Хи-гийн охин, цагтаа БНСУ-ын хамгийн залуу тэргүүн хатагтай гэгдэж байсан. Түүний амьдрал хэн хүний даваад гардаггүй бэрх хэцүү, бас хариуцлагатай, мэдээж сонирхолтой байсан гэдэг. Алан хядагчийн суманд ээж нь өртөн алагдсаны дараа ээжийнхээ орыг залгаж тэргүүн хатагтай гэсэн эрхэм нэрийг зүүж байсан бол өдгөө аавынхаа орыг залж БНСУ-ын Ерөнхийлөгч болжээ.

Эцгийн эрхэт ёс гүн бат шингэсэн БНСУ-д эмэгтэй хүн Ерөнхийлөгч болсон нь нэгэн үзэгдэл байх байсан биз. Гэхдээ Пак Гынхе хатагтай Ерөнхийлөгч болоход гайхаж тээнэгэлзэх хүн тус улсад гараагүй биз ээ. БНСУ-д Ерөнхийлөгч Пак Гынхе-ийн аавыг дарангуйлагч гэж зарим нэг нь үздэг байхад, биднийг өдий зэрэгт хүргэж, дэлхийн хүчирхэг 20 орны тоонд ороход суурийг нь тавьсан хүн бол Пак Чун Хи Ерөнхийлөгч гэж хэлэх хүн ч байдаг. Ямар дэнсэн дээр тавьж яаж харахаа БНСУ-ын ард түмэн мэдэх бол бидний хувьд Пак Чун Хи Ерөнхийлөгч болоод Пак Гынхе Ерөнхийлөгч бол бахдам хүмүүс билээ.

Ерөнхийлөгч Пак Гынхе  “Бага байхад аав ээж хоёр маань байнга л тэмдэглэлийн дэвтэртэй явдагсан. 



Ялангуяа аав минь тэмдэглэлийн дэвтрээс  сална гэж үгүй. Түүндээ зөвлөхүүдийн ярь сан хэлснээс гадна ард түмний санал хүсэлтийг жирийлгэн бичээд зай завсар гарах бүр л эргүүлэн уншиж судалж суудаг байлаа. Хэлсэн ярьсан санасан бодсоноо мартаж болно. Харин цагаан цаасан дээр бичиж үлдээсэн зүйл бол 100 жил өнгөрсөн ч гэсэн хадгалагдана гэж ээж минь итгэдэг байлаа. Бага байхаасаа аав, ээжийнхээ бичиж тэмдэглэхийг харж өссөн болоод ч тэр үү би ч гэсэн бичиж тэмдэглэдэг. Тиймээс л надыг “Бичээч авхай” хэмээн хочилсон байх. Тиймээс аливаа хэлсэн ярьснаа байнга бичиж тэмдэглэж бай. Түүн дундаа өгсөн амлалтаа тэмдэглэж аваад, байнга эргүүлж, тойруулж уншин санаж байгаарай” хэмээн бидэнд зөвлөжээ. Дан ганц улс төрч хүн бус бизнесмэн та ч гэсэн хэн харилцагчдаа, түншдээ амлалт өгсөн бол даруйхан тэмдэглээд аваарай.

Жич: Хэрвээ та Ерөнхийлөгч Пак ГынХе-ийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Түүний өөрийн бичсэн намтар болох “Цөхрөл намайг хатуужуулж Найдвар намайг урагшлуулдаг” номыг уншаарай. Уг номыг “Нэпко” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.