“Усан оргилуурын бичсэн захидал”

Сайн байна уу? Их хотын сайхан бүсгүйчүүд ээ. Би хэдхэн хоногийн өмнө Их дэлгүүрийн урд сүндэрлэсэн гайхамшигтай сайхан усан оргилуур байна. Миний хажуугаар гоо сайхнаа гайхуулан, тансаг үнэрээ үнэртүүлэн алхдаг бүсгүйчүүд та нартаа л гэж гомдол мэдүүлэх гэсэн юм.
Би саяхан мэндэлсэн. Яагаад гэнэт мэндлэх болсныг минь намайг ирж сонирхсон хоёр буурай ийнхүү ярьсан юм. “Ээ дээ, дөрвөн жилд ганц удаа л ийм сайхан усан оргилууртай болох юм, уг нь энэ сонгууль гээч нь жил бүр болдог бол манай Улаанбаатар ч гарж өгөх нь ээ. Жирийн ард бид нар нь дийлэхгүй элгээрээ мөлхөх байлгүй” гэснээ л инээлдэж байх юм. Би ч үг хэлж чаддаг сан бол “үгүй ээ, намайг сайхан сэтгэлтэй аав минь төрүүлсэн” гэж хашгирмаар санагдсан. Заавал яагаад сонгуулийн үеэр л мэндэлсэн бол сурталчилгаа болох ёстой гэж...?
Энэ дэлхийд мэндлээд миний хамгийн их айж, гайхсан зүйл бол хүмүүс миний усаар хирээ угааж эхлэсэн явдал юм. Ердөө ганцхан минутын дотор л таван хүн толгой хүзүү, гар нүүрээ угаачихсан. Би чинь их хотын үзэсгэлэнт байдлыг нэмэх гэж төрсөн гайхамшигт усан оргилуур болохоос хүмүүсийн хирээ угаадаг крантны ус биш шүү дээ.
Хүмүүс минь, намайг хайрлаач. Миний дэргэдүүр өнгөрөх тоолондоо намайг гайхан магтаж, намайг дорд үзсэн хэн бүхэнд ус бол чандман эрдэнэ гэдэг ухаарлын үгийг сургаж байгаач.
Захидлыг минь хүлээж авч уншсан бүсгүйчүүддээ баярлалаа. Түр баяртай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа






