Хаана амарч, сувилуулахаа шийдээгүй байна уу?

Сувилалд амрах уу?

Наадмын дараа ихэнх хүмүүс ээлжийн амралтаа авдаг. Харин та амралтаа хаана өнгөрөөхөө хараахан шийдээгүй байгаа бол дараах мэдээллийг уншаарай. Амрангаа сувилуулах бас сайхан шүү.


МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН 20 ГАРУЙ РАШААН СУВИЛАЛ БИЙ

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг рашаан, сувилалын газруудыг тоолбол 100 хүрнэ гэлцдэг. Харин холбогдох газар нь гэрээ хэлэлцээр хийгээд, зохих ёсны зөвшөөрлөө авсан газруудыг тоолбол 30 гаруйхан гэх. Түүн дотор магадлан итгэмжлэгдсэн, манайхны өнөөх хөнгөлөлт авах эрх нь бүрдсэн рашаан сувилал 20 гаруйхан байдаг аж. Ямартай ч бидний бэлтгэсэн дараагийн мэдээлэл таны алдагдсан энерги, орхигдсон эрч хүчийг нөхөхөд бага ч болов хувь нэмэр оруулна гэж бодож байна.

ГЭДЭС, ХОДООД, ДОТРЫН ӨВЧНӨӨ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛ

Бидний дунд хоол зохидоггүй, ходоод гэдэс нь байсхийгээд өвддөг, хямардаг, элэг, цөсний өвчтэй, хүн олон байдаг. Ийм зовиур шалтгаан тоочдог хүмүүст дараах сувилалын газруудыг санал болгож байна. Ингэхдээ нэг зүйлийг анхааруулъя.

Эмчилгээний хувьд эдгээр рашааныг ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн үрэвсэл, бодисын солилцооны өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн, даралт ихдэлтийн өвчин II ба түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаараарай.

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт байрладаг. Байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг аж. Тус байгууллагын Чанарын менежер С.Ихзаяа: "Манай сувилал Эрүүл мэндийн яамнаас гаргасан журмын дагуу өвчтөнүүдээ хүлээж авдаг. Нэг өвчтөн 10-14 хоног хэвтэж эмчлүүлдэг. Хоногийн төлбөр нь эрүүл мэндийн даатгалтай бол 16500 төгрөг, даатгалгүй бол 21960 төгрөг байдаг. Хотын төвд байрладаг учраас хэвтэж эмчлүүлэх хүмүүс нийтийн тээврээр
 ирдэг" гэж байв.

Энэ сувилалд цөсний хүүдий, ходоод, хос гэдэсний шархлаа, зүрхний болон бамбай булчирхайн мэс засал хийлгэсний дараах үе, зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн эмгэг өөрчлөлт зэрэг сэргээн засах эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай хүмүүс ирж хэвтэж эмчлүүлдэг аж. Рашааныг уухаас гадна рашаанд орох, ходоод, гэдэс угаах шавших зэргээр хэрэглэнэ. Мөн шавар тавьж болно гэнэ. Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 341152, 342093, 342096, 342092 дугаарын утсаар холбоо бариарай

АР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 70 км зайд, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Эмчилгээ, үйлчилгээнийх нь талаар тодруулж асуувал "Манай сувилалд ходоод, цөсний үрэвслийг намдаадаг рашаан эмчилгээ, зүрх уушигны үйл ажиллагааг сайжруулдаг агаар эмчилгээ болон өвдөлттэй хэсгийн өвдөлтийг намдааж ядаргааг тайлдаг бариа засал, физик эмчилгээ, усан болон тосон, шавар эмчилгээнүүдийг хийж байна.

Магадлан итгэмжлэгдсэн учир тэтгэмжийн болон тэтгэврийн насныхан тус сувиллаас шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлээд харьяа дүүргийнхээ Халамжийн төвөөс төлсөн төлбөрийнхөө 50 хувийг эргүүлэн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол том хүн хоногийн 12800, хүүхэд 9800 төгрөгийн төлбөртэй" гэж сувиллын төлөөлөгч Ж.Цогзолмаа ярив. Ар жанчивлангийн рашаан сувилал руу долоо хоног бүрийн даваа, пүрэв гаригт "Тэнгис" кинотеатрын урдаас автобус явдаг аж. Нэг талын зардал 3000 төгрөг гэнэ. Та 99041639, 99889891,88119252 утсаар холбогдоорой. 

ҮЕ МӨЧ БОЛОН АРЬСНЫ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ХААНА ХАНДАХ ВЭ?

Одоо гол төлөв суугаа ажил эрхэлдэг, хөл, гар, хүзүү толгой нь хөшдөг, үе мөчний өвчтэй хүмүүс хаана очиж ямар эмчилгээ хийлгэж болохыг хэлье. Мөн мэдрэлийн гаралтай болон эмэгтэйчүүдийн зарим өвчинд эдгээр рашаан сувилал тустай гэдгийг сануулъя. Эсрэг заалт нь дээрхтэй бараг адил. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндэрсэн явцтай зүрхний шигдээсийн дараах үе, аневризм, артерийн даралт ихдэх өвчин болон зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэл, элэг, цөсний хүндэрсэн архаг өвчний үед хэрэглэхийг хориглоно.

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт оршдог. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэдэг. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчнийг анагаах чадвартай. Хүмүүсийн биеийн байдлаас шалтгаалан эмчилгээний арга барил өөр. Гэхдээ бусад сувилалын адил шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар эмчилнэ. Энд эмэгтэйчүүд, мэдрэл, хүүхэд, чих, хамар, хоолой, мэс засал болон ЭХО оношлогооны эмч нар ажиллаж, мэргэжлийн тусламж үзүүлж, зөвлөгөө өгдөг.

Тус сувилалд Эрүүл мэндийн даатгалтай бол 14.500-22.500 төгрөг. Хужирт рашаан руу даваа, лхагва, баасан гаригуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс автобус явдаг. Утас: 01322-26507, 91913860,99093324

ЭЛМА ХУЖИРТ

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагг байрладаг. Халуун рашаан. Ваннд орох, хоолойгоо зайлах, шавар тавих зэр-гээр хэрэглэнэ. Үе мөч, арьсны өвчин, гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн
өвчний үед ууж болно. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчилнэ. Нийт 50 ортой бөгөөд хоногийн 20,000-25,000төгрөг. Утас: 99092120

ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Отгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд дотор нь орох хэлбэрээр ашигладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй.

Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг. Утас: 01462-21620, 99059022, 99468182

АВАРГА ТОСОН СУВИЛАЛ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг. Улаанбаатар хотоос 203 километр зайтай. Тосон нуурын рашааныг уух, зайлах, шавших, шавар тавих, нууранд орох, элсээр хучих гэх мэтээр хэрэглэнэ.
Ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой. Шавар эмчилгээг хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаараарай.

Улирлын байдлаар буюу зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ныг хүртэл ажилладаг. Нэг ээлжинд 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай.

"Нэг хоногийн төлбөр өрөөнүүдээсээ шалтгаалан янз бүр. Тухайлбал дүнзэн люкс хоёр ортой ерөө нь 29.800- 32.500 төгрөг. Хагас люкс, хоёр ортой өрөө нь 22 мянга. Зочны байр 2-3 ортой нь 20.500, зочны гэр нь 3-4 ортой 16.500 төгрөг. Долоо хоногт хоёр удаа автобусаар үйлчилдэг" гэж байгууллагын менежер н.Ууганцэцэг хэлэв. Утас: 99198078, 70153033, 70153034.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Үүрээ (202.55.191.130) 2017-07-28 11:13:44
Амралтын газраас мэдээлэл авах гэж залгалаа наад захын харилцааны соёл мэдээллээ хүмүүст өгч чадахгүй л юм байна Манайд үйлчилгээний соёл алгаа