Дөргөнэ хатан

 

Эзэн Богд Чингис хааны гутгаар хүү Өгэдэй /1185-1241/ хаан 1229 онд  Монголын их хааны ширээнд заларчээ. Түүний хатан Дөргөнэ хааныг  нас барсны дараа 1242 оноос 1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм.

Дөргөнэ  Мэргид аймгийн ноён Тогтох бэхийн ууган хүүгийн гэргий байжээ. Гэтэл Чингис хаан Мэргэдийг байлдан дагуулахдаа түүнийг олзолж хөвгүүндээ өгснөөр хаан ширээ залгамжлах болсон Өгэдэйн зургаадугаар хатан болсон амуй.

Дөргөнэ Өгэдэй хааны хатан болоод Гуюг, Годан Хүчүх, Холчар, Хадаан хэмээх таван хөвүүн төрүүлсэн тухай түүх сударт тэмдэглэсэн нь бий. Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргөнэ бусад  хатдаасаа илүү хааныхаа хайр сэтгэлийг булааж чаджээ.

Тиймээс ч Өгэдэйн хатадын дотроос нэн эрхэм Дөргөнэ байжээ.

Өгэдэй хаанчлалынхаа сүүлийн үед бор дарсанд орж төрийн хэргийг цалгардуулах болсон тул Дөргөнэ хатан төрийн хэргийг орлон эрхлэх болжээ. Тэрээр лалын худалдаачдыг дотночлон тэдэнд зүйл бүрээр тусалж дэмжиж байсан аж. Ялангуяа лал худалдаачин Абдурхман, хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль татвар хураагч түшмэл болон дэвшсэн байдаг.

1241 оны арванхоёрдугаар сарын 11-нд учир битүүлэг нас барсан Өгэдэй хааныг бусдад хорлогдсон ч байж магадгүй хэмээн үздэг. «Юан улсын судар» зэрэг зарим сурвалж бичигт хаан хээрийн ордондоо Абдурхмантай шөнө орой болтол дарс зооглож байгаад өөд болсон гэдэг мэдээ бий.

Өгэдэй хаан нас барж Их Монгол Улсад үлэмжийн их гарз учирч улс даяар хэдэн сар үргэлжилсэн гашуудал болж «Дээдсээс аваад доод хүртэл цөм ихэд гашуудав» хэмэн түүх сударт бичсэн байдаг. Өгэдэй хаан гэнэт нас барсан учир Чингис хааны адил ширээ залгамжлуулах хөвгүүнээ нэр заан албан ёсоор гэрээслээгүй. Дэргэдээсээ салгадаггүй хайрт хатан Мөгэ хатандаа: «...чи төрийн хэрэг хамаар. Ширэмүнийг дэмжиж хаан ширээ залгамжлуул» гэж нэг биш удаа захисан тухай зарим ном сударт тэмдэглэсэн нь буй. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг байсан байна. Гэвч харамсалтай нь тэр ч удаан насласангүй, Өгэдэйг таалал төгссөний дараа өвчнөөр удалгүй нас баржээ. Ширэмүн энэ үед хаан ширээнд сууж, төрийн хэрэг жолоодоход балчир байлаа.Тиймээс Өгэдэй хааныг тэнгэрт халимагц Монгол гүрний хаан ширээ булаацалдах тэмцэл хямрал эхэлжээ.

Дөргөнэ хатан нөлөө бүхий хэсэг ноёд язгууртнуудыг зарлан цуглуулж, Далан даваа гэдэг газар хуралдаан хийж шинэ хааныг өргөмжлөх асуудал хэлэлцүүлжээ. Эл чуулганаас хэнийг хаанаар өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгүй Дөргөнэ хатанд төрийг хамааруулахаар тогтжээ. Ийм шийдвэр гаргахад Цагаадай гол үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Цагаадай Чингис хааны хөвүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр их байв. Нөгөө талаар төрийн эрхийг гартаа авахын тулд Дөргөнэ хатан өөрөө ч зарим нэг арга мэхийг хэрэглэсэн байдаг. Энэ тухай Персийн түүхч Рашид-Ад дин : «Ахмад хөвгүүдийн эх Дөргөнэ хатан арга заль хэрэглэж хааны ураг садангуудтай зөвлөлгүй өөрийн дураар төрийн эрхийг авсан. Тэр, элдэв бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир, цөм түүний зүг хандаж эрх мэдэлд нь их орсон байх» гэж таамаглан бичсэн байдаг. Хунтайж Ширэмүний балчрыг Дөргөнэ хатан ийнхүү далимдуулсан нь тэр буй за.

Энэ явдалд Өгэдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонхи ихэд дургуйцжээ. Ялангуяа их хааны дотнын түшмэл, монгол гүрний баруун этгээдийн их сайд Чингай чинсан, лалын мөргөлт нөлөө бүхий түшмэл Мухамед Ялавач, Өгэдэйн хоёрдугаар хүү Годан нар бусдаас илүү дургуйцэн эсэргүүцэж байжээ.  Дөргөнэ хатан ч зүгээр суусангүй.

Чингис хаанаас Өгэдэйн дараа хаан ор суух хүнд нэр нь цохогдож байсан Годан, Хөх нуурын газрыг захирч байв. Дөргөнэ хатныг эсэргүүцэгчид Годанг тойрон хүрээлж, Годан ч тэднийг зүйл бүрээр хайцаалж байсан нь эх хүү хоёрыг төрийн эрх булаалдаж далдуур сүрхий тэмцэлдэхэд хүргэжээ.

Дөргөнэ хатны ажил явуулагад түүний дотны хамсаатан лалын шашинт Фатима гэдэг эмэгтэй чидэвхтэй тусалж байсан нь Персийн Туси хотоос олзлогдон ирсэн маш зальтай, ов мэхт нэгэн байжээ. Өгэдэй хааны амьд сэрүүн ахуйд Фатима нууцаар Дөргөнэ хатантай сүлбэлдэн ойртож, хов жив зөөж, хутган үймүүлдэг ажил хийдэг гол хүн нь болсон ажээ. Тэрбээр хатны амин ба албан хэрэг, ялангуяа улс төрийн хов жив зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж байв. Чингай, Ялавач нарын зэрэг төрийн үнэнч сайд, түшмэдүүдийг гүтгэн Дөргөнэд худал үг зохион мэдүүлж өстөн болгосон гол эзэн бол тэр эмэгтэй байлаа. Годангийн үхсэнийг Фатимагийн нэртэй холбож түүхэнд тэмдэглэсэн байх ба Годан өөрөө ч биеэ Фатимад далдуур хорлогдлоо гэж үхэхийнхээ өмнө ярьж байсан гэдэг мэдээ байдаг.

Дөргөнэ хатны төр барихыг эсэргүүцэж байсан өөр нэг хүчтэй хүн бол Чингис хааны отгон дүү Отчигин байв. Тэрээр Буйр нуур, Далай нуур хоёрын хавьцаа нутаглаж байсан бөгөөд хаан «ширээг эзлэхээр» их цэрэг удирдан хөдөлжээ. Отчигины цэрэг авч Хар Хорумд ирсэнийг түүхэнд хоёр янзаар зөрөөтэй тайлбарладаг. Нэгдэх нь: хаан ширээ булаан авах, хоёрдах нь: Дөргөнэг зайлуулж хэн нэгээр, болвол Гүюгээр яаравчлан их хааны орыг суулгаж төрийг түвшитгэх зорилготой байжээ. Гэвч Отчигин ноён би төрийн эргэлт хийх санаа өвөртлөөгүй Өгэдэй хааны таалал төгссөн ойн уй тайлах ёслолд оролцохоор ирэв гэж хэлээд  цэргээ гэдрэг татсан гэдэг.

Дөргөнэ хатны ахмад хөвгүүн Гүюг ч дотроо мөн тийм бодолтой ч төрүүлсэн эхийн өмнөөс босох зориг үл хүрэх авч басхүү өөр хэн хүнд хаан ширээ эзлүүлэхийг тун хүсэхгүй байсан тул энэ өрсөлдөөнд оролцохоор шийдэж цэргээ хөдөлгөв.

Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлсэн Ширэмүнийг амьд сэрүүн байхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч, нөгөө талаар нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх эрмэлзлэлтэй байсан учир Дөргөнэ арга буюу бусдын шахалтаар их хуралдайг хуралдуулах болов.

Дөргөнэ хатан төрийн эрхийг барьж байсныхаа хувьд Ширэмүнийг балчир гэдэг нэрийдлээр хаан ширээнд суулгалгүй, Гүюгийг их хаанд өргөмжлүүлжээ.

 Чингие хааны ахмад хөвгүүн Зүчийн хүү Бат ба отгон хөвгүүн Тулуйн угсааныхан Гүюгийг хаан суух явдлыг эсэргүүцэж, харин Өгэдэй, Цагаадайн угсааныхан Гүюгийг хүрээлэн дагасан байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед Чингис хааны Алтан ургийнхан хоёр хэсэг хагарчээ. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх хуралдай Дөргөнэ хатны дэмжлэгээр их хааны зуны ордонд 1246 оны зун эхлэв. Дөргөнэ хатан хэдэнтээ элч томилон шахамдуулсан атал Зүчийн хүү Бат энэ тэр хэмээн шалтаг хэлсээр ирсэнгүй тул их хуралдай Батын ирэхийг хүлээлгүй эхэлжээ. Хуралдайд олон зэрэг дэвийн ноёд оролцов. Энэ их хуралдайгаар Гүюг их хаанаар өргөмжлөгдсөн нь Дөргөнэ хатны төрийн эрх барихыг эцэслэсэн боловч Дөргөнэ хатны нөлөө, эрх сүр нь бүрмөсөн буураагүй аж. Энэ явдал нь хааны эрхийг бүрнээ гартаа оруулж, эрх сүрээ бадраахыг хүсч байсан Гүюг хаанд тушаа болсон тул тэрбээр эн тэргүүнд төрийн эрх мэдлийг авахаар өрсөлдөн тэмцсэн хүмүүсийг нэг нэгээр нь замаасаа зайлуулсаар, Дөргөнэ хатанд хань хамсаатан болж, төрийн хэрэгт оролцож байсан лалын шашинтнуудыг баривчлан, Годан ноёныг хорлон алахад оролцсон гэж ял тулган алжээ. Дараахан нь хааны эрхэнд санаархаж байсан Отчигин ноёныг цаазалж, эцэст нь Дөргөнэ хатан ч удалгүй гэнэт нас баржээ.

Нэгэн үед Монголын төрийг барьж нэр цуутай явсан Дөргөнэ хатны амьдрал улс төрийн тэмцлийн шуурганд ийнхүү эцэслэсэн түүхтэй.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.