Тэр ихэмсэг бус эрхэмсэг бүсгүй

 

2010 оны Топ модель Энхчулууны Сэлэнгээ....Эгэл даруухан хүүхэд зангаараа тэгсэн хэрнээ хэрсүү ухаалаг энэ бүсгүйтэй хэдэн хором ярилцахдаа түүнийг өөрийн эрхгүй хүндэтгэн биширмээр сэтгэгдэл надад төрсөн. Тэр ихэмсэг бус эрхэмсэг бүсгүй. Сэтгүүлч миний бие Сэлэнгээтэй уулзах газар, цагаа тохирсон болохоор болзсон газраа түрүүлэн ирчихээд цагаа байн байн харан түүнийг хүлээж суулаа. Сэлэнгээгээс“би таксинд явж байна, удахгүй очлоо та надад хуушууртай хар шөл захичихаарай" гэсэн мессеж ирэв. Би "загвар өмсөгчид ийм хоол иддэг юм байхдаа" гэж бодон гайхснаа нуух юун.

 

Тэр төд удалгүй инээмсэглэсээр орж ирлээ.

- Сайн байна уу? Шинэ оны мэнд?

-Сайн, сайн байна уу? танд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе.

- За шинэ оноо яаж угтав даа. Хоёулаа яриагаа шинэ жилийн тухай яриагаар эхлэх үү?

- Шинэ жил бол дэлхийн хүн төрлөхтний хамгийн том баяр. Миний хувьд ч хамгийн ихээр хүсэн хүлээж, догдолдог баяр. Хуучин ондоо “Баяртай” гэж хэлээд шинэ оноо “Сайн байна уу” гээд угтах тэр агшин дэндүү сайхан. Би гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн шинэ жилээ угтсан. Энэ дашрамд emegteichuud.mn сайтын нийт уншигчиддаа Шинэ жилийн мэндийг хүргэе.

- Багадаа ямаршуухан охин байв даа? Хэзээнээс загвар өмссөн бэ?

- Миний бага нас бусад охидын л бага нас шиг өнгөрсөн. 13 настайгаасаа “загвар”-ын гэх томоос том ертөнцөд хөл тавьж, жаахан биедээ ахадсан ачааг үүрч эхэлсэн. Энд тэнд тоглолтоор явна, том цүнхээ чирээд л шүдээ зуугаад гүрийдэг байлаа. Ер нь би 13 настайгаасаа л биеэ дааж бүхнийг өөрөө хийхийг хичээдэг байсан. Загварын ертөнц бол өрсөлдөөний талбар, хэн овсгоотой чадвартай, хөдөлмөрч өөртөө итгэлтэй байж чадна тэр хүн амжилтанд хүрдэг.

- Загварынхныг жаахан муу нэртэй гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

- “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог” гэдэг дээ.  Ганц нэг хүний увайгүй байдлаас болж, загварынхныг хавтгайд нь муугаар хэлж болохгүй л дээ.

- Энэ жилийн “Гоёл” наадам хэр болж өнгөрөв. Топ моделийн шагнал нүдээ олсон уу?

-Топ моделийн шагнал үнэхээр нүдээ олсон. Би Ундраа эгчийг хүндэтгэдэг. Түүний хийж бүтээсэн ажил их бий. Тэр их хөдөлмөрч, бусдад үлгэр дуурайлал болж чаддаг, бас даруухан эмэгтэй. “Гоёл” наадмын хувьд жил ирэх бүр улам сайжирч, зохион байгуулалт нь дээшилж байгаа. Уралдаан гэхээсээ илүү фестиваль маягаар зохиогддог болсон. Олон шинэ загвар өмсөгчдийг хамарсан сайхан наадам болсон.

- Сэлэнгээ одоо юу хийж байна? Сурч байна уу, ажиллаж байна уу?

- Би ОУСДС-ийн Сэтгүүл зүйн дөрөвдүгээр курст сурч байгаа, удахгүй төгсөнө.

-Загвар өмсөгч байхын сайхан бас муухай талууд юу вэ?

- Сайхан зүйлүүд их бий. Муухай гэхээсээ илүү хүнд хэцүү байх үеүд зөндөө бий. Олон орноор явж тэмцээнд оролцож, янз бүрийн улс орны охидтой танилцаж найзалж нөхөрлөнө. Явсан орон бүрийнхээ сайн сайхан зүйлүүдээс суралцаж, эх орондоо ирээд хэрэгжүүлэх гэж хичээнэ.

- Монгол охид гадны орны охидоос юугаараа ялгаатай вэ?

- Манай Монголын охид царайлаг, гоё биетэй, өндөр хэнээс ч дутахааргүй. Харин жаахан бүрэг ичимхий, өөрсдийгөө илэрхийлэх тал дээр хэтэрхий даруухан юм шиг санагддаг.

- Сэлэнгээгийн мөрөөдөл юу вэ?

- Би олон мөрөөдөлтэй. Сайн сэтгүүлч болох, Монголдоо төдийгүй олон улсад нэртэй загварын агентлагтай болох гээд том жижиг мөрөөдлүүд олон бий, зарим нь нууц байг...

- Манай сайтын уншигчдад хандаж юу хэлэх вэ?

- Зөвхөн эмэгтэйчүүддээ зориулж ийм гоё сайт нээсэн сэтгүүлч бүсгүйчүүддээ юуны өмнө талархсанаа илэрхийлээд, ажлын амжилт хүсье. Монголынхоо нийт охид бүсгүйчүүддээ өөдрөг өнгөлөг байж, хамгийн гол нь эрүүл байж ихийг бүтээгээрэй гэж хэлье дээ.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Ярилцсан У. Чулуунчимэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.