“Хүний бараа” (Батсүмбэр дэх улсын асрамжийн газраас бэлдэв)
Нийслэлээс 3 цагийн зайтай орших Батсүмбэрийн асрамжийн газрыг зорьсон өглөө бороо уйлагнаж, тэнгэр нэг л “царайгүй”. Чи хаашаа явах нь вэ? гэсэн шиг Улаанбаатар минь уйтай гэгч дүнсийн хоцров.
Зам хол, дэндүү хол, даанч их бартаатай. Үр хүүхдээ хүлээн суудаг өндөр настнууд дээр ирнэ гэдэг замдаа ядрахын нэр. Харах, асрамжлах чадалгүй гэсэн юм чинь энэ холруу ирнэ гэдэг бүр ч амаргүй. Гэхдээ өндөр настнуудад нэг их ээлтэй биш нийслэлд амьдарснаас уул усаа түшсэн уудам сайхан талд амьдарч байгаа шүү гэж бодохлоор санаа амрах шиг. Ойртох тусам санаад байнаа гэдэг шиг энд бид, тэнд хөгшид биенээ хүлээх нь үр хүүхдийн сураг тавих их дуудлага гэлтэй.
Сайн байна уу? эмээ.
Зорьсон газар хол ч зориглосон ажил дөтхөн. Төв аймгийн Батсүмбэр дэх улсын асрамжийн газарт ирлээ.

Өвөө, эмээ нар биднийг ирнэ гэдгийг мэдсэн учир чадахаараа гоёжээ. Одон медальтай нь одон медалиа, сайхан малгайтай нь малгайгаа, торгон алчууртай нь торгон алчуураараа. Бид хотоос цүнхэлж ирсэн бэлэг сэлт, ном дэвтрээ бэлдэж хөгшчүүлийн гарыг багахаан хүндрүүллээ.

Ингээд л бидний хооронд элдвийн яриа өрнөсөн юм.
Сайн байна уу? эмээ гэж очсон анхны настан намайг өөрийн өрөөндөө урив.
Тэдний өрөө маш цэвэрхэн, эмх цэгтэй, хүн бүр өөр өөрийн гэсэн шүүгээ, сандал, ортой. Шал нь паркет, цонх нь вакум. Өрөөний гадна талд оршин суугчийн нэр болоод зураг нь байна. Галсанжав гэх энэ эмээ Ховд аймгийн уугуул. Энд ирээд хэдэн жил болсноо ч мартаж орхиж дээ гэсэн. “Хэзээ нэгэн цагт эндээс явах юмсан гэж боддог, гэхдээ энэ үг минь асрамжаа муу муухай гэсэн үг биш юм шүү. Асрамж маань биднийг хоол ундаар дутаахгүй, цэвэр сайхан орчинд, юунд ч санаа
зовохгүй амьдрахад тусладаг. Гэхдээ хүүхдүүдээ, нутаг усаа их санах юмаа. Шөнө хааяа нутгаа зүүдлэдэг шүү” гэж ярьж билээ. Нээрэн л жаргал байвч зовлонгоор дутдаг хорвоо хойно, хүн гэгч хэн нэгнийг үгүйлэн гансарч санаж мөрөөддөг байх. Хархан бага нас, хажуу айлын эгч, урд голын чулуу гээд насны эцэст хийх ажилгүй хэвтэхдээ нутгаа санахаас өөр яах ч билээ дээ.
Эмээ харшилтай. Юуных ч юм бэ? Бүү мэд. Үсээ ургуулж чадахгүй байгаа шүү гэж инээгээд л. Эмээ нутаг усны чинь зураг байгаа юу? гэхэд “үгүй ээ хүү минь, зураг нь байтугай нэрийг нь ч мартах дөхсөн байна шүү дээ” гээд л инээнэ. Би танд нутгийн чинь зургийг олж явуулнаа, та санаж байгаа нэрсээ надад хэлээч би тэмдэглээд авъя гэсээр миний өврийн дэвтэрт “Ховд аймгийн Алтай сум, Хар тогоо, Арал, Алаг тэхтэй уул” гэсэн нэрс хөврөн бичигдвэй.
Манайд орвол шоколад өгнө шүү
Эмээд тавьсан өр өвөрт тэмтрэгдээд өрөөнөөс нь гарахдаа “явах арай болоогүй, ахиад айлчилна аа” гэсээр гарлаа. Гэтэл үүдэнд нэг хүн зогсож байна, тэгснээ “охион, манайхаар айчилвал шоколад өгнө шүү” гэж яг л чихрэнд дуртай бяцхан охиныг дуудах мэт намайг хөтлөн орууллаа.
Өрөө мөн л эмх цэгцтэй, өөр өөрийн эзэмшил газартай. Гэвч хэн нэгнийг хүлээсэн эл хуль салхи мэдрэгдэн, нүүр амыг илнэ. Баруун орны толгойд зул барьсан харагдав. “Хүүе та хэнд зул барьсан юм бэ?” гэж тоомжиргүйтэж, асуучихсан хойноо амаа барьж, гараа сунгаад үгээ бариад авдагсан бол гэж харамсав.
“Би хараагүй юмаа охин минь, надад туслаж, нүдний минь оронд нүд, гарны минь оронд гар болдог өвөө минь байдаг байсан, өнгөрчихсөндөө хөөрхий, миний зул барих гэж юу байхав? Зул барина гэж үглэхээр эмч надад тусладаг юм” гэв. Нэгэнт амнаас гарч, барьж чадаагүй үгийнхээ гэмшил болгож би Дашка эгчид зулын гол ороож өгөхөөр болов. Хажуу орны жоохон Цэцэгмаа эгч, Дашка эгч хоёр хоёул хараа их муу юм. Тэгсэн хирнээ зулын гол ороож суугаа миний хажууд сандлаа татаж авчираад хараад суучихна. Яг л харж байгаа юм шиг. Тэгээд л чи их мундаг юмаа, хаана ингэж сураа вэ? миний дүү эгчдээ их буян болж байна даа гээд л байн байн үглэнэ. Нилээд хөвөн имрэнгээ бид гурав “жиг жуг” хийв. Тэгснээ миний ороосон голыг сонингийн буланд хийгээд нямбайлан далд хийв.
Хажууд сууж байсан жоохон Цэцэгмаа эгч ( энэ эгч их жоохон биетэй, асрамжийн газрынхан түүнийг ингэж дууддаг ) одоо миний ээлж гэсээр жижигхэн дэвтэр бариад хүрээд ирнэ. Энд утасныхаа дугаарыг бичээд өгөөч, би хот орохоороо чамайг зөвшөөрвөл уулзана шүү гээд л инээнэ. Би ч бас инээнэ.
Зулынхаа голыг далд хийхээр явсан Дашка эгч аль хэдий нь дэргэд ирээд зогсчихож, бас нэг ном барьчихаж. Яасан бэ? Дашка эгчээ гэтэл, “би ч бас чөлөөгөөр явахдаа чамтай уулзаж болох уу? Энэ миний дэвтэр” гээд хавтас нь урагдаад үгүйрчихсэн, нимгэн ном бариад зогсож байлаа. Ээ, тэгэлгүй яах вэ? Дашка эгч минь, алив дэвтрээ аль, би утасныхаа дугаарыг бичээд өгье гэж өнөөх номыг шүүрэн авлаа. Ай, хаана нь гэж бичихээ би мэдсэнгүй. Үнэндээ түүнд энэ чинь дэвтэр биш, ном байна шүү дээ гээд хэлчих зориг ч байсангүй. Их л хуучны орос шрифттэй, шугам зураг болсон ном байх юм. Ирсэн хүн бүрийн дугаарыг энэ “үсэгтэй” дэвтэр дээр бичүүлдэг юм бол, их л олон дугаар зай зайвсаргүй байгаадаа, гэвч нэг ч дугаар байсангүй. Ирсэн гийчин худал хэлж дугаараа тэмдэглэсэнгүй юу? эсвэл утасны дугаар авсан анхны хүн нь би байв уу? Үгүй л баймаарсан. Номын хамгийн арын хуудсанд жижигхэн зай байсанд “Би хамгийн ард нь дугаараа бичсэн шүү, олон дугаартай хольсонгүй” гэж хэлээд жижигхэн зайнд өөрийн нэрийг утасны дугаарын хамт бичээд үлдээв. Дашка эгч баярлаад л, шүүгэндээ хийгээд хураачихна. Тэгснээ миний жижигхэн хар дэвтрийг аваад “Би зүгээр л дугаарууд харж байна шүү” гээд нүдэндээ наах шахам барьчихаад “Ямар олон дугаар вэ?, энэ хэний дугаар вэ?” гэж байн байн асууна.
Энэ хооронд өрөөний хаалгаар таяг тулсан бор эмээ байн байн ирж шагайна. Дараа нь манайд орно шүү гэнэ. Тэгнээ эмээ, би заавал орно гэхээр “заавал биз?” гэж нягтлаж асуугаад цааш одно. Тун удахгүй ахиад л шагайна. Ахиад л “заавал биз?” гэж асууна.

Жоохон Цэцэгмаа эгч “би чамд тараг өгье. Уухуу? Ууна биз дээ? Хар даа би аягаа угааж байна, хар даа би халбагаа угааж байна, хар даа би шинэ нойлын цаасаар аяга халбагаа арчиж байна” гэсээр тараг хийж өгнө. Намайг сэжиглэхвий гэж их л айна. Зүгээр дээ би ингээд л уучихна гэж аягатай таргийг авч хэд хэд балгаадахав. Өмнө Галсанжав эмээгийнд орж хоёр аяга сүүтэй цай “шахуулсан” болохоор тараг ууна гэдэг хэдий хүнд ч жоохон Цэцэгмаа эгчийн инээдтэй боловч их л дулаахан царай нүдэнд харагдаад ер болсонгүй. Таргийг дуустал нь уув.
“Хүүе яасан сайн хүүхэд вэ?, ахиад уух уу? чи их дуртай юм байна? Ахиад уу...” гэж тулгав. “Үгүй ээ, та өөрөө хадгалж байгаад уул даа” гэхэд “Үгүй шүү, би чамаас харамлахгүй, ахиад уу” гэж яах ийхийн зуургүй аягалаадахав. Энэ удаа би эхнийх шиг хурдан ууж чадсангүй. Гэхдээ дуусгасан.
Гарахынхаа өмнө хоёр эгчийнхээ зургийг авчихаад, угаалгаж явуулахаар амлав. Жоохон Цэцэгмаа эгч намайг орж ирэхэд дээр нь гарч дэвсэх шахам байж түгжсэн хуучны орос чемоданаа гаргаж ирээд жигтэйхэн гоё дээл өмсөв. “Хүүе таны арайчүү хаасан чемодан шүү дээ” гэхэд “Өө би энийг чинь ингэж хаагаад сурчихсан юм шүү дээ, хэд үсрэхэд л болдог юм” гэж инээгээд дээлээ өмсөв. Цахилгааныг нь татаад бүсийг нь зүүж өгөв. “Бэлэн үү?” гэхэд “Хүлээгээрэй, эгч нь үсээ засчих уу?” гээд толиныхоо өмнө баахан эргэлдэнэ. Жижигхэн тайрмал үсээ зүүн тийш нь хагалаад гараараа баахан илнэ, тэгснээ номхон зогсоод толинд өөрийгөө харна. Жоохон Цэцэгмаа эгч хайр хүрэм, сайхан харагдаж байлаа.

Өрөөнөөс гарах гэж байтал Дашка эгч “миний дүү энэ олон дугаар хэнийх юм бэ? гэж жижигхэн хар дэвтрийг минь барьж ахиад л асуув. “Энэ миний найзууд, эцэг эх, гэр бүлийнхний минь дугаар юмаа” гэж нэмэх хасах үржүүлэн бодсон олон оронтой тоонуудыг зааж хэллээ.
Өршөөдөг өвөө
Нэг давхарт залуус овоорно. Чухам юу юм бол доо? гэж очиход асрамжийн газрын хөзрийн аврага өвөө хүүхдүүдийг нэг нэгээр нь хожоод л, дараагийнх нь... гэж инээнэ. Хажуухан талд нь цэвэрхэн өрсөн шатар байв. Шатрын ард суусан өвөөгийн урдаас хараад “Нүүх үү?” гэж инээмсэглэлээ.
Би шарын, өвөө харын тал. Ширүүхэн тулаан болов. Өвөө бодоод л сууна, инээгээд л нүүнэ. Тэгснээ яг хожих болохоороо намайг өрөвдөөд нүүдлээ ухраана, эсвэл идэхгүй өнгөрнө. Амархан хожчихвол ахиад ирэхгүй гэж бодсон юм болов уу? "Өвөө баярлалаа" гэж хичнээн хэлснийг бүү мэдээ. "Би чинь жаахан байхдаа аймагтаа шатраар тавд орж байсан шүү" гэж өвөөд гайхуулна. Өршөөдөг өвөө “Тийм байхаа, их ухаантай нүүж байна” гэж сэтгэлийг минь амраана. Үнэндээ миний шатар нүүх гэж юу байх билээ? Хоёр удаа цэвэр хожигдов.

Гэнэт нэг хүү намайг цааш түлхэж суулгаад оронд минь өвөөтэй “нүүв”. Асрамжийн газрын “аврага шатарчин” гэж өвөөг би дэмжив. Гэвч байдал эвгүйтлээ. Хүү хожив. Өвөө дув дуугүй босч явахад нь хажуу дахь хүүг “хожигдохгүй яасан юм бэ?” гэж нудраадахав.
Хажуу талд хөзөрчин өвөөгийн ширүүн тулаан үргэлжилж байлаа. Тэд бие биенийхээ дууг давж гарах гэж хашгиралдан, хажууд нь харж суугаа мань мэт хүртэл нэг мэдэхэд байдаг чангаараа ярьж байна. Гэнэт үүнийгээ мэдээд чимээгүй суугаад орчин тойрноо харахад анзаарсан хүн алга, бүгд л “чанга”. Харин түрүүхэн дуугүй босоод явчихсан “Өршөөдөг өвөө” маань ирчихсэн инээчихсэн зогсож байлаа. Сэтгэл нэг их сайхан уужирч билээ.
Хүн гэдэг насан өтөл болох тусам бяцхан хүүхэд шиг уйлах, инээх, уурлах гомдох амархан. Хэдий олон жил оймс ихийг илээсэн ухаан уудам боловчиг нялх хүүхэд шиг гэнэн, хайр татам, илэн далангуй зангаа олон жил нуусан зүрх сэтгэлийнхээ мухраас ухаж, ухаж гаргаж ирээд ил тавьчихдаг юм шигээ.
Би эргэж ирнэ
Ахмадуудын хамгийн хайртай “Хөдөлмөрийн өрөө”-нд бүрэн засвар хийж, шатны хоёр хажуугаар зураг зурж, гаднах талбайн цэвэрлэгээ, үер буусан зам дээр шороо асгаж нөхөх, хашаа будах гээд залуучууд энэ өдөр гар хумхисангүй. Дотоод цэвэрлэгээний хэсэгт бүртгүүлсэн бүлэг ажилгүй үлдэв, учир нь эндэхийн эмээ өвөө нар цэмцгэр суудаг тэгээд ч үйлчлэгч нар ажлаа маш сайн хийдэг. Нэгэнт туслах гэж ирсэн юм чинь ажил олно гэдэг тун амархан. Цэвэрхэн байсан ч хамаагүй гэж конторын хивснүүдийг хуу татаж, гол руу чирж одов. Дараа нь хашаан дээр тохож орхисон.
Ингэсээр бүрий болжээ, өглөө Улаанбаатараас угтсан бороо уйлагнаж эхлэв. Харих болоогүй юу? гэсэн шиг л.
Настнуудыг оройн хоолоо идэж дууссаны дараа бид хоолны танхимд орлоо. Хүн бүр л эргэж ирэхийн чин хүсэлтэй. Өвөө эмээ нар бидэнд зориулж дуу дуулна, бид ч мөн адил.

Эргээд ирэхийн хувьтай ерөөл ахин дахин дэвшүүлнэ. Үүдний дэргэд зогсоод хүн бүрийг үнсэж гаргах цав цагаан хувцастай, цэмцгэр эмээ “эргэж заавал ирээрэй” гэж дахин давтан хэлнэ.
Гадаа аль хэдий нь харанхуй нөмөрчээ. Бороо уйлагнана. Өдөржин гүйсэн хашаандаа, өрөө өрөө хэсч чихэр цай “буудсан” эмээ өвөө нартаа дасчихжээ. Ахлагч Цоомоо цагаан хоолойгоор “залуусаа машиндаа хурдхан суугаарай, бид оройтох нь” гэж байн байн сануулна.
Машиндаа суулаа. Цонх дагаж бороо урсана, чийгний үнэр хамар цоргиулна. Гадаа цагаан хоолойгоор шингэхэн дуутай Цоомоогийн үг бүдэг бадаг санагдана.
Ай, энэ хэдэн хөгшчүүлдээ тус хүргэх гэж ирээд өөрөө түүнээсээ их ухаарлыг өвөртлөөд буцлаа даа. Хүн хүнээрээ ямар их дутагддагийг, хүн хүнээ хэрхэн хүлээдгийг, хүн хүнээ хэрхэн хайрлаж болдгийг мэдсэн. “Хүний бараа... гэж”.
Гарт минь жоохон Цэвэлмаа эгч хамтааны минь сургийг заавал гаргаж өгөөрэй гэж өгсөн үрлэн чихэр байна. Ирсэн хүн бүрээс гуйгаад эргэж ирдэггүй, ирсэн хүн бүхэнд чихэр атгуулаад явуулдаг жоохон Цэвэлмаа эгч минь захисныг чинь мартахгүй ээ, дүү нь...
2012.08.20







