П.Нарантуяа:
Манай Эмэгтэйчүүд.мн сайт улс орондоо ихийг хийж бүтээсэн шилдэг эмэгтэйчүүдээ олон нийтэд танилцуулж “ярилцлага” буландаа урьдаг уламжлалтай билээ. Энэ удаагийнхаа зочноор ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” ОУБ-ын хүндэт зочдын танхимын ахлах зохион байгуулагч Паламын Нарантуяаг урьсан юм. Дэлхийн хэмжээний хүндэт зочдыг эх орныхоо хилийн дээсэн дээрээс угтан авч, үдэн гаргадаг түүний ажил сонирхолтой бөгөөд өндөр хариуцлагатай юм билээ.
-Юуны өмнө танд ардын хувьсгалын 91 жилийн ойн баяраар иргэний нисэхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнагдсан явдалд баяр хүргэе! Та ажил амьдралын гараагаа хэрхэн эхлэж байв аа?
-Баярлалаа. Би арван жилийн сургуулиа төгсөөд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Нисэхийн Иргэний Агаарын Тээврийн коллежид суралцан тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлийг эзэмшсэн. Мөн ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний Агаарын Тээврийн Академийг тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Төгсөж ирсэн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” ОУБ-д хорин хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-Монгол төрийн нүүр царайг гадаад, дотоодын төрийн өндөр албаныханд анхлан харуулдаг газар бол “Чингис хаан” ОУБ-ын хүндэт зочдын танхим буюу гадаад “ВИП”. Та өөрийнхөө ажлын онцлогийн талаар ярихгүй юу?
-1993 онд гадаад випийн зохион байгуулагчаар томилогдон ирж байлаа. Төр засгийн өндөр зиндааны зочин гийчинд улсынхаа нэрийн өмнөөс үйлчилж байна гэдэг нэг талаасаа бахархалтай. Нарийн дэг жаягтай, диполмат үйлчилгээ шүү дээ. Цаг барихаас авхуулаад, хувцаслалт, үс гэзэг, гадаад байдал, зан харьцаа, хэл ус гээд олон зүйл дээр анхаарах шаардлага гардаг.
-1993 оноос хойш гэхээр нэлээн хэдэн төрийн нүүр үзжээ. Мэдээж дэлхийн хэмжээний олон зочид төлөөлөгчдийг угтан авч, үдэн гаргасан байх. Тэр бүгдээс онцгойлон нэрлэвэл?
-Тэгэлгүй яахав. Тэдэн хүнд үйлчилсэн гэсэн баримжаа тоог бодож байгаагүй юм байна. Далай лам гэхэд манай эх оронд найман удаа айлчлан ирсэн. Үүнээс долоон удаагийн айлчлалд нь би байлцсанаараа бахархдаг. АНУ-ын тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон хоёр ч удаа ирлээ. Мөн Ричард Гир, Путин Стивин Сигал гээд л нэрлээд байвал нэлээн урт жагсаалт гарна.
-Танай байгууллага монгол төрийн нүүр царайны эхлэл болдог. Үйлчилгээний стандартаа хэрхэн баталдаг вэ? Чингисийн Монголыг илтгэсэн зүйл бий юу?
-“Чингис хаан” ОУБ бол Олон улсын ИАТ-ийн холбоо ИКАО-ийн гишүүн байгууллага учраас тэндээс гаргасан дүрэм журмыг дагаж мөрддөг. Гэхдээ өөрийн орны онцлогийг харуулсан үйлчилгээг дипломат ёсноос гажуудуулахгүйгээр нэвтрүүлэх боломжтой. Хүндэт зочдыг хүлээн авах аль нэг танхимаа үндэсний хэв загвартай, гэр хэлбэрээр тохижуулж, үйлчилгээний ажилчдынхаа дүрэмт хувцасанд уламжлалаа шингээж болохоор санагддаг. Мөн нислэг саатах үед хүнтэд зочдын сонирхолыг татах ямар нэгэн зүйл байх хэрэгтэй гэж боддог.
-Орон орны зочид гийчид ирэхэд тухайн орныхоо соёл зан заншлийг судлах шаардлага гардаг уу?
- Гаралгүй яахав. Ядаж л туг, далбааг нь сайн мэдэж байх хэрэгтэй. Зан заншил үүх түүхийг нь судална. Ямар өнгийг эрхэмлэдэг улс гүрэн бэ гэдгийг нь хүртэл мэдсэн байх хэрэгтэй. Санал бодлоо солилцох, ярилцах үе гардаг.
-Нисэхийнхэн их эртэч хүмүүс. Таны ажил хэдэн цагт эхэлдэг вэ?
-Онгоцны хуваарын дагуу өвөлдөө үүрийн 04 цаг, зундаа үүрийн 03 цаг гэхэд ажлын байран дээрээ бэлэн байдаг.
-Цаг завгүй энэ их ажлынхаа хажуугаар гэр бүлээ хэрхэн зохицуулдаг вэ? Таны ажлын цагийн хуваарьт гэр бүлийнхэн чинь хэрхэн дасан зохицдог бол оо?
-Өө манай гэр бүлийнхэн чинь бүгдээрээ нисэх хүчинд зүтгэж байгаа хүмүүс. Тийм болохоор бүгд л үүрээр гэрээсээ гарцгаадаг. Нөхөр маань МИАТ-ын БОИНГ-767 онгоцны нисэгч Адъяагийн Энхжаргал гэж хүн бий. Том хүү маань Аеро-Монголия компанид FOKKER-50 онгоцны нисэгч, бага охин маань арван жилийн сурагч.
-Таны хообий?
-Би онгоцны загвар цуглуулах дуртай. Мөн ОУ-н авиа компаниудын зурагтай аяга цуглуулдаг.
-Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Та дэлхийн хичнээн орноор аялж үзсэн бэ? Хамгийн сайхан дурсамжтай аялал гэвэл?
-Азийн бар гэгддэг улс орнууд, Орос болон Европын орнуудаар бүгдээр нь аялж үзсэн. Энэ дундаас Энэтхэгийн Таж-Махал үзсэн маань санаанд хамгийн тод дурсамж үлдээж дээ.
-Дэлхийн хөжилтэй орнуудаар аялж явахдаа ажилтайгаа холбоотой харж, санаж, сэдэж явдаг зүйл бий байх?
-Мэдээж тэгэлгүй яахав, Тухайн нисэх буудлын үйлчилгээг хамгийн түрүүнд хардаг. Үйлчилгээний соёл, ёс зүй гээд л. Жижиг гэлтгүй зүйлийг нь авч хэрэгжүүлэхийг боддог. Тухайлбал Германы Люуханза нисэх буудлаар үйлчлүүлж байхдаа инээмсэглэсэн дүрс бүхий онгоцтой энгэрийн тэмдэг миний анхаарлыг их татсан юм. Ирсэн даруйдаа үүнийг ажилдаа нэвтрүүлж байлаа. Одоо ч гэсэн буудлын санал авах хайрцаг маань ийм дүрстэй. ИНЕГ лого болгон ашигладаг. Мөн Зүүн өмнөд азийн орон болох Малдив улсын ОУБ –д хусан цэцгийг шилэн саванд хийж тавьсан байх нь маш гоё харагдсан. Манайх шиг хуурай оронд яг тохирсон тохижуулалт шүү.
-Ажил мэргэжлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





