Ш.Булган: Цэвэршилт бол айдас биш

Уншигч бүсгүйчүүдээ энэ удаагийнхаа зөвлөгөө буландаа эмэгтэйчүүд бүхэнд тохиолддог цэвэршилтийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Бүсгүйчүүд ээ! Та бүхэн энэхүү бичил ярилцлагыг нөхөртэйгөө хамтдаа уншаарай. Учир нь гэвэл цэвэршилт нь зөвхөн эмэгтэйчүүдэд бус эрчүүдэд ч тохиолддог физиологийн процесс юм байна. Ингээд Иойнсей–Найрамдал эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Ш.Булгантай ярилцсанаа хүргэе.
-“Цэвэршилт” гэж юуг хэлдэг юм бэ?
-Цэвэршилтийн процесс гэдэг нь эмэгтэй хүний амьдралын мөчлөгийн нэг цаг хугацаа. Түүнээс биш цэвэршилт нь айдастай цаг хугацаа биш, хөгшрөлт ч биш. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид сар бүр нэг удаа өндгөн эс боловсруулах чадвартай байдаг. Энэ нас нь 15-49 насанд явагддаг. Эмэгтэй хүн өндгөн эсээ боловсруулж чадахгүй болох буюу жирэмслэхгүй болох энэ үе л цэвэршилтийн процесс юм. Нэг үгээр хэлбэл эмэгтэй хүн жирэмслэх чадвараа алдах процессыг л цэвэршилт гэж нэрлэж байгаа хэрэг. Цэвэршилт явагдлаа гээд эмэгтэй хүн эмэгтэй хүн байхаа болино гэсэн үг биш.
-Тэгвэл хүмүүсийн дунд ийм яриа байдаг. Цэвэршчихээр уур уцаартай болдог. Хөгширөлт хурдан явагддаг, бэлгийн харьцаанд орохоо больдог гээд... Энэ үнэн үү?
- Энэ бол маш буруу ташаа ойлголт. Цэвэршилтийн үед тухайн эмэгтэйн биеийн байдал онцлогоос шалтгаалаад багахан хэмжээний эмгэг өөрчлөлтүүд л гардаг. Энэ нь юу вэ? гэвэл хөлрөх, уур уцаартай болох, нойргүйдэх, халуун оргих гэх мэт мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед буюу эдгээр эмгэгүүд илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, өөрт тохирсон эмийн ба эмийн бус эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
-Эрт цэвэршихгүй байхын тулд эмэгтэйчүүд ямар арга хэрэглэх вэ?
-Цэвэршилтийг удаашруулах буюу эрт цэвэршүүлэхгүйн тулд сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулахгүй эмийг ууж болно. Өндгөвчний үйл ажиллагааг дэмждэг ургамлын гаралтай эм бэлдмэлийг мөн хэрэглэж болно. Эм бэлдмэлийг ууснаар цэвэршилтийг бүр мөсөн алга болгоно гэсэн үг биш. Харин энэ үйл явцыг удаашруулж, хойшлуулна гэсэн үг. Цэвэршчихлээ гэхээр сарын тэмдэг огт ирэхгүй гэсэн үг бас биш. Хүн хүний онцлогоос шалтгаалаад заримынх нь нэг хоёр сар өнжөөд ирж байх, зарим хүмүүсийнх жилийн дараа ирдэг байх жишээтэй. Сарын тэмдэг ирэхгүй байх эдгээр үед дээрх эмгэгүүд илэрдэг. Эм бэлдмэл хэрэглэснээс зовиураас ангижирч болно.
-Цэвэршилт явагдаж байгаа эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орж болдоггүй гэсэн ойлголт манай эмэгтэйчүүдийн дунд байдаг?
-Энэ бас л буруу ойлголт яваад байна. Цэвэршлээ гэдэг нь сарын тэмдэг ирэхгүй, жирэмслэхгүй л гэсэн үг. Түүнээс биш бэлгийн харьцаанд орох чадвараа алдсан гэсэн үг ерөөсөө биш. Бэлгийн дур хүсэл урьдынх шигээ хэвээрээ байдаг.
-Цэвэршилт хэдэн наснаас, хэдий хэрийн хугацаанд үргэлжилдэг үйл явц вэ?
-Цэвэршилтийн процесс 45-аас дээш насанд явагддаг ба энэ нь 5-10 жилийн хугацаанд үргэлжилдэг. Өнөөдөр сарын тэмдэг зогсчихлоо гээд цэвэршиж байгаа юм биш шүү. Нэг хоёр сар, магадгүй жилийн дараа ирж болно.
-Сүүлийн үед цэвэршилт залуужлаа гэсэн таагүй зүйл сонсогдох болсон. Энэ талаар?
-Цэвэршилт зарим хүмүүст эрт үзэгдэх болсон. Энэ нь сүүлийн үед нийгмийн талын стрессүүдтэй холбоотой болж байна. Мөн хувь хүний сэтгэл зүйн онцлогоос ихээхэн хамаардаг. Асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа байдал нөлөөлдөг. Мөн гэр бүл салалт маш ихээр нөлөөлж байна. Ганц бие эмэгтэйчүүд уур бухимдал ихтэй байна. Бэлгийн харьцаагүй байгаа асуудлууд цэвэршилтэнд хүчтэй нөлөөлж байна. Хүн гэдэг амьтан чинь байгалиасаа хосоороо амьдрах жамтай шүү дээ. Зөвхөн бэлгийн харьцаанд орсноороо таашаал авдаг бус хосууд бие биендээ халуун дулаан үг хэлдэг, энхрийлж таалдаг байх нь бас нэгэн таашаал юм. Үүнээс үүдээд эмэгтэйлэг байдлаа хадгалдаг, эмэгтэйчүүдээс хайрын гармони ялгарч байдаг. Гэтэл ганцаараа хань ижилгүй амьдардаг эмэгтэйчүүд бие физиологийн болон сэтгэл зүйн таашаалгүйн улмаас эрт цэвэрших байдал ажиглагдаж байна.
-Эрчүүдийн хувьд цэвэршилт байдаг юм болов уу?
-Их оновчтой асуулт байна. Бидний дунд зөвхөн эмэгтэйчүүдэд л цэвэршилт тохиолддог гэсэн ойлголт байдаг. Харин эрчүүдэд ч энэ үйл явц явагддаг. Эрчүүдийнх бүр залуу үед нь ч тохиолдох явдал байдаг. Эрэгтэй хүний цэвэршилт сарын тэмдэг ирдэггүйгээрээ л ялгаатай. Эрчүүдийн хувьд бэлгийн гармони даавар ялгарах нь мууддаг ба ингэснээрээ бодисын солилцоо нь багасаж бас л эмгэг өөрчлөлтүүд илэрдэг. Эрчүүдийн цэвэршилтийг хөгшрөлт гэж ойлгоод байдаг. Эрчүүд өөрсдийгөө цэвэршдэг гэдгийг мэддэггүй. Бараг тийм ойлголт байдгийг ч мэдэхгүй. Үс нь цайж, үс хумс нь хугарамтгай болох, уур уцаартай болох, нойргүйдэх, ядарч сульдах, бэлгийн дур хүсэл нь багасах гэх мэт сэтгэхүйн өөрчлөлтүүд илэрдэг.
-Эрчүүдийн цэвэршилтийн нас?
-Эрчүүдийн цэвэршилт эмэгтэйчүүдийнхээс эрт эхэлдэг. Эмэгтэйчүүдийнх 45-55 насны хоород байдаг бол, эрчүүдийнх 40-50 насанд тохиолддог. Энэ насандаа эрчүүд дааврын болоод биеийн дархлаагаа дэмжих, чалх сайжруулах эм бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хосууд хоорондоо илэн далангүй байж, бие биендээ хайрын халуун үгсийг харамгүй хэлж, хүний амьдралд эр эм гэлтгүй тохиолддог цэвэршилт гэдэг энэ үйл явцыг хялбар туулаад гарах эрч хүчийг нэг нэгэндээ өгцгөөх хэрэгтэй гэж хэлмээр байна даа.
-Манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн танд талархсанаа илэрхийлье.







