9 настай Шилдэг унаач охины яриа

М. Оюунгэрэл:Том хүүхдүүд жижиг хүүхдээ дээрэлхээд нүүр лүү нь ташуурдаад байдаг



Манай сайтын сурвалжлах баг  баяр наадмын төв цэг болсон Хүй долоо худгийг зорьсон юм.Тэнд бид Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Алдарт уяач Н.Амарбаясгалангиийн уяан дээр зочилж,  9 настай унаач охин Оюунгэрэлийг наадмын хүндэт зочиноор урьсан юм. Улсын наадамд, ялангуяа эмэгтэй бага насны хүүхэд төрийнхөө наадамд торгон жолоо өргүүлэн орж ирж байсан түүх сүүлийн 20 жилд тохиолдоогүй аж . Харин Оюунгэрэл охин наймхан насандаа буюу өнгөрсөн жилийн баяр наадмаар тэрхүү түүхийг давтаж хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан нэгэн.



Ингээд түүнтэй танилцацгаая


Намайг Мөнбатын Оюунгэрэл гэдэг. Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумынх. 9 настай 6 настайгаасаа морь унасан.

Маргааш наадам болно гэхэд ямар санагддаг вэ? Наадмын өглөө эрт босдог байх.

Шөнөдөө бараг уньдаггүй. Их догдолдог. Өглөө өөрөө эрт босдог.  Эсвэл аав намайг зарим наадам дээр эрт морь унахаар бол дуудаж босгодог.

Морь унахын хамгийн гоё нь юу вэ? Бас хэцүү зүйл байдаг уу?


Айрагдаж түрүүлэх нь гоё.Хэцүү зүйл бараг байхгүй ээ...Гэхдээ улсын наадамд том том хүүхдүүд нь жижиг хүүхдийгээ дээрэлхээд ташуурдаад байдаг. Бас өвлийн уралдаанд жаахан даардаг

Тэгвэл зөндөө олон удаа айраг түрүү авч байсан биз...Хамгийн том амжилт

Өнгөрсөн жил даагандаа улсын баяр наадамд хул даага маань түрүүлсэн.  Говь шанх бас аймгийн 80 жилд түрүүлсэн гээд олон удаа айрагдаж байсан.

Улсын наадамд хэд дэх жилдээ ирж байна. Энэ жил хэдэн нас унасан бэ? Морь нь хурдан байна уу?

3 дахь жилдээ ирж байна. Хоёр нас унаж байгаа. Хязаалан маань 61-т орсон. Маргааш өнгөрсөн жилийн түрүүлдэг хул даагаа эрлийз адууны уралдаанд унана.



Өнгөрсөн жилийн маш их амжилттай байсан. Зарим хүн чамаар бахархаад уйлж байсан байна. Улсын баяр наадамд түрүүлээд орж ирэх мөч хамгийн сайхан даа!

Ээж минь утсаар яриад баяр хүргэе гээд уйлж байсан.  Би даагаа унах гэж өмнөх өдөр нь онгоцоор ирж байсан. Ер нь өөртөө бас хул даагадаа итгэлтэй байсан. Надад тэгэж анхнаасаа санагдаж байсан. Бариан дээр хүмүүс баяр хүргээд их гоё байсан. Морь унах хамгийн гоё нь тэр байсан.



Төрийн их наадамд түрүүлэн ирж буй агшин



Улсын наадамд маш олон морь уралдддаг шүү дээ. Гараанаас гарах тэр мөчид миний дүүд айдас төрдөг үү? бас Унаач хүүхдүүд замын дунд их ядардаг байх.

Жаахан айдаг. Гэхдээ дотроо морио сайн унанаа гэж боддог. Морь унах үед тэвчээр их шаарддаг. Хааяадаа ядардаг, хааяадаа ядардаггүй.

Мориноос унаж байсан тохиолдол байна уу, Хамт уралдаж буй хүүхдүүд чинь унахыг харахад чамд хэцүү байдаг биз!

Ноднин 6 сарын 2-нд Хязаалан унасан. 4 дээр ирж яваад 3-ийн морийг дайрах гээд ахиулж байсан чинь морь маань хажуу тийшээ хадуураад олсонд тээгдэлэж унаж байсан. Тэгэхдээ гайгүй бэртсэн. Ер нь зөндөө хүүхдүүд ойчиж байгааг харж байсан. Их аймаар байдаг. Сая Хязаалан насан дээр 3 хүүхэд өнхөрч ойчсон. Ойчихдоо аймаар хүчтэй ойчиж байгаа юм шиг л харагдаж байсан.


Ямар уяачын морийг унадаг
билээ?

Ханбогд сумын Нэхийд ах, алдарт уяач Амарбаясгалан ахын морыг унадаг. Тэр хоёр хүний уяач нь Энхсайхан ах. Тэгээд өөрийнхөө морьдыг унадаг.


Гэрээсээ хол айлын морь унаад явахад гэрээ санадаг уу..Дандаа аавтайгаа явдаг гэсэн. Ээж нь юу хэлж захидаг вэ?

Гайгүй ээ. Морио сайн унаарай морио унахдаа мэдээтэй явж байгаарай.

Аавын хамт


Оюунгэрэл аавдаа эрхэлж байна



Айлын хэд дэх хүүхэд вэ?

Нэг дүүтэй, нэг эгчтэй. эгч маань бас морь унадаг байсан.

Говьд эмэгтэй хүүхдүүд их морь унадаг гэсэн. Морь унадаг хүүхэд, унадаггүй хүүхдийн ялгаа байдаг уу?
Морь унадаг хүүхдүүд их тэвчээртэй болдог.


Хэддүгээр анги вэ? Хичээлдээ ямар сурдаг вэ? Хичээлтэй үед уралдаан их болдог биз. Багш нар нь яаж ханддаг вэ?

Ирэх намар 5-р ангид орно. Дунд зэрэг сурдаг. Математик дээрээ В гараад бусад хичээл дээрээ онц гарсан. Багш нар чөлөө өгдөг.

Унаачын цол шагнал гэж байдаг. Эгчийн дүү авч байсан уу?


Аймгаас шилдэг морь унаач хүүхэд гэсэн шагнал авч байсан

 
Хэдэн нас хүртлээ морь унах бол!
Олон жил уная гэж боддог. Хэрвээ мориноос хасагдахаар болвол муухай санагдах байх өө.

Хамгийн хайртай морь
Салхин цэгээн гээд манай шүдлэн үрээ байдаг.  Тэгээд түрүү жил түрүүлгэсэн хул үрээг унах дуртай.





Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ? Эмэгтэй уяачид байдаг шүү дээ. Чи уяач болоё гэж бодож байсан уу?

Ээж намайг эмч болгоно гэдэг. Би өөрөө сайн мэдэхгүй байгаа. Хэрвээ би том болчих юм бол морь уяж чадна гэж боддог.

Том уяачид, томчуудад унаач нарынхаа өмнөөс юу хэлмээр байна?

Хэлэх юм байхгүй ээ. Том унаач хүүхдүүд жаахан ташуурдах гээд байдаг нь хэцүү байдаг.
Бас өвөл даарах муухай.










Ийнхүү өхөөрдөм басхүү, бумагар хацар дээр нь жаахан сайр тогтсон унаач охинтой ярилцаж суулаа. Та бүхний мэдэх хөдөөний, хэрсүү хүүхдүүдийн жинхэнэ жишээ энэ охин. Бас их няхуур асуусан асуултанд хариулж мэдэхгүй бол шуудхан нь үнэнээ хэлчихнэ. 9 настай гэхэд аль хэдийнээ ухаан суусан болох нь хэвлүүхэн ярианаас нь харагдаж байсан юм.
Ингээд түүний уяач Н.Энхсайхантай ярилцлаа


Энхсайхан ах хэдэн жил морь уяж байна вэ, Оюунгэрэлийг яагаад унаачаа болгосон юм бэ?


5 наснаасаа морь унасан. 13 настайдаа морь уяах гэж оролдож эхэлсэн дээ. Оюунгэрэл
Миний хамгийн том эгчийн охиных нь хүүхэд юм байгаа юм. Сайн унаач.
Анх морины хүүхэд байхгүй. Бүгд том болцгоосон. Оюунгэрэл тэр үед дөнгөж морь унаж сурч эхэлж байсан.  Анх унуулахад би их айж бас хаширлаж байлаа. Унаж чадах болов уу үгүй болов уу гээд... Айлын жаахан хүүхэд, тэгээд охин хүүхэд.  Гэвч их сэргэлэн. Хүмүүс ч чадна гэсэн. Өөрөө ч чадсан.

Уяач Н.Энхсайхан


Морь уяах нь унаачаас их шалтгаалдаг гэдэг. Оюунгэрэл яагаад сайн унаач болов?


Тийм шүү. Оюунгэрэл өөрөө их сэргэлэн. Анхнаасаа морь унаад л айраг түрүү авч байсан хүүхэд шүү дээ. Тэр жилдээ Говь шанх, Аймгийнхаа 80 жилийн наадамд хоёуланд айраг түрүү хүртсэн..


Эмэгтэй унаач, эрэгтэй унаач хоёрын ялгаа. Уяач хүний ажигласнаар....

Эмэгтэй хүүхэд их хариуцлагатай. Зорилготой, харин эрэгтэй хүүхэд зоригтой гэхдээ сэтгэлийн хөөрөл ихтэй байдаг.
Эмэгтэй хүүхэд ялангуяа Оюунгэрэл хэлсэн үгийг яг л дагана. Тэр нь их сайн.

Эмэгтэй хүүхэд морь унахад ямар эрсдэлтэй учрах вэ? Оюунгэрэлийн хэлж байгаагаар хүүхдүүд бие биенээ ташуурддаг гэх юм.

Эмэгтэй хүүхэд морь унаснаар өөрт нь гоо сайханд нь ямар нэгэн муу үр дагавар байхгүй ээ. Харин морь унаснаар бөөр нурууны өвчин тусдаггүй гэж хууччуул ярьдаг. Харин зарим ёс суртахуунгүй хүүхдүүд бие биенийгээ өмнөө гаргахгүй гэж тэгэж муу үйлдэл гаргадаг. Үүнийг уяачид сайн хэлэх хэрэгтэй.

Энэ жилийн наадмын өнгө

4 дэх жилдээ ирж байна. Төрийн наадамд 2 жил туршлагажисаны үндсэн дээр 3 дах жилдээ ирээд даагаа түрүүлгэж байсан. Энэ жил наадам үнэхээр сайхан болж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
сарнай (202.179.27.217) 2014-07-14 21:27:00
мундаг хөөрхөн сэргэлэн охин байна
(92.224.184.226) 2014-07-14 07:42:22
unaach gedeg ug mongol helend bhgui huuliin sanal oruulsan mongol hel yos zanshil meddeggui yumnuudiin zohioson ug hariult chini dandaa mori undag morinii huuhed gej yarij bgaag anzaarch bna uu ene asuusan baagii
N (182.160.3.133) 2014-07-13 19:11:51
Nutag usnii ner yadaj zuv bicheechee Bas tomoor bichij bolohgui yu Arai l denduu aldaatai yumaa Umnugovi aimag Tsogt tsetsii shude