Талархлын Гурван Дохио
Эмэгтэйчүүд.мн сайтаас бидний өдөр тутмын амьдралтай холбоотой нэгэн зүйлийг санаачилж буйгаа уншигч танд хүргэж байна. Бид өнгөрсөн хавар “Аавуудаа гэртээ эрт хариарай” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Нээрэн л ажил гэж гүйсээр үр хүүхэд, хань ижил, гэр орондоо зориулах цаг зав хомсхон болсон аавуудад маань энэ аян нэгийг сануулж чадсан юм. Ингэснээрээ олон гэр бүлийн уур амьсгал эерэг дулаан болж, сайн сайхнаар нөлөөлснийг манай редакцид ирсэн санал сэтгэгдлүүдээс бид хүлээж авсан. Харин энэ удаа бид ондоо сэдэв сонгож авлаа.
Хаа сайгүй улиг болтол уншигдаж нүдэнд дадал болсон “Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё!” гэсэн уриа байдаг даа. Гэвч жолооч бид дийлэнхдээ замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байж чаддаггүй. Улаанбаатарын авто зам бол соёлт хүний соёлыг ум марттал нервтүүлдэг “Дайны талбар” болоод удаж байна. Хүний амнаас гарч болох хамгийн шилдэг гэсэн хараалын үгс тэнд л хэлэгддэг. Хоёр машин шүргэлцэж асуудал үүсэхэд хоёр талаас гарч ирсэн жолооч нар хэл амаараа ойлголцох биш, хэрэлдэж уралцаж зогсдог. Тийм л нийгмийн өнгө төрхийг Улаанбаатарчууд бүрдүүлж байна.
Хараад байхнээ жолооч нарын багагүй хувийг эмэгтэйчүүд бид эзэлдэг юм байна. Машинаа хоёр дахь гэрээ болгосон бүсгүйчүүд маань ганган тохилог машин дотроо суугаад, өмссөн зүүсэн хувцас хунар шигээ гял цал царайтай аз жаргалтай инээмсэглэж явбал хичнээн сайхан. Гэтэл бүгд эгээ л хөмсөг зангидсан дүр төрхтэй харагддаг. Буруутгах арга алгаа, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс өөрийн мэдэлгүй бие биедээ муу энерги дамжуулчихдаг.
Тиймээс бие биедээ хүнлэг зан гаргаж, зам тавьж өгч байгаа нэгэндээ баяртайгаар талархсан сэтгэлээ илэрхийлж суръя гэж уриалах гэсэн юм. Энэ бол маш хялбар. Зарим нэгэн жолооч цонхоороо гараа гаргаж баярласнаа илэрхийлдэг. Энэ нь ихэвчлэн эрчүүдийн үйлдэл шиг санагддаг. Тэгээд ч өвлийн хүйтэнд цонхоо буулгаад гараа даллах хүн ховор байх. Харин бидний дэвшүүлж буй санаа бол танд зам тавьж өгсөн найрсаг тэр жолоочид Аваарын дохиогоо гурвантаа анивчуулаад унтраах. Ингээд л болоо. Улаан гурвалжин дээр дараад 3 секундын дараа унтраах нь тийм ч хэцүү зүйл биш болохыг та нэг хийж үзээд л ойлгоно. Харин түүнийг харсан жолооч танд зам тавьж өгснөөрөө хэрэггүй зүйл хийгээгүйгээ мэдрээд урам орох болно.
Тиймээ, энэ санааг олон уншигч дэмжинэ гэж найдаж байна. Амьдралыг жижигхэн ч гэсэн өнгөлөг зүйлээр чимэглэх нь эмэгтэйчүүд бидний ухаан шүү дээ. Сайт уншиж байгаа жолооч та өнөөдрөөс эхлээд үүнийг хэрэгжүүлээрэй. Дараа нь найзууд тань, тэгээд УБ-ын бүх эмэгтэй жолооч нар энэ үйлдлийг хийгээд хэвшчихвэл хотын соёлд оруулж буй том хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрчүүддээ болон бусад жолооч нартаа үлгэр дууриал болж “Талархлын гурван дохио”-г дэлгэрүүлцгээе бүсгүйчүүд ээ!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







