Я.Эрдэнэтуяа: Хөхний хорт хавдрыг эрт илрүүлбэл бүрэн эдгэрэх боломжтой
Хүүхнүүд бид өөрсдөдөө анхаарал тавьдаг хэдий ч зарим өвчний талаар мэдлэг мэдээлэл хомс байдгаас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол элбэг байдаг. Энэ удаад хөхний хавдрын талаар ХСҮТ-ийн Туяа эмчилгээний их эмч Я.Эрдэнэтуяатай уулзаж ярилцлаа.

-Хөхний хавдар гэж юу вэ. Эмэгтэйчүүд маань сонссон хэрнээ төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагддаг?
-Хөхний хавдар гэдэг бол эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүнд тохиолддог өвчин. Гэхдээ эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог. Ер нь дэлхий дээр энэ өвчлөл маш их байгаа. Бүсчилж үзвэл Америк болон баруун европын орнуудад хөхний хорт хавдрын өвчлөл сүүлийн үед их гарч байгаа. Жишээбэл, Америкт оношлогдож байгаа хорт хавдруудын 22%-ийг хөхний хорт хавдар эзэлж байна. Харин манай улсын хувьд Ази номхон далайн орнуудын бүст хамаарагддаг. Энэ бүс нутагт баруун европ болон Америкийг бодвол өвчний тархалт харьцангуй бага. Тухайлбал манай улсын хувьд энэ тохиолдол бага байдаг боловч сүүлийн үед бага зэрэг өссөн. ХСҮТ-ийн 2000-2008 оны статистик мэдээллээс харахад эмэгтэйчүүдийн оношлогдсон хорт хавдрын 5%-ийг хөхний хорт хавдар эзэлж байна. Шинээр оношлогдсон хөхний хорт хавдрын 66,7% нь хожуу үе шатандаа орчихсон байгаа юм. Мөн хугацаанд 100 мянган эмэгтэйд ноогдох хөхний өмөнгийн өвчлөлийн төвшин 2,5-аас 3,6 хувь хүрч өссөн, нас баралт нь 0,8-аас 1,3 хувь болж өссөн дүнтэй байгаа. Ийнхүү оношлогдож байгаа өвчлөл хожуу үедээ буюу гурав дөрөвдүгээр үедээ орчихсон байдаг нь эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг их татаж байна. Нэмж хэлэхэд хөхний хорт хавдраар өвдөх магадлал эмэгтэй хүн бүрт байдаг.
-Өвчилсөн байж магадгүй үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
-Энэ өвчний үед нилээд олон шинж тэмдгүүд илэрнэ. Тухайлбал, хөх хэмжээгээрээ томрох эсвэл жижгэрэх, арьс нь улайх, үрчийх, хонхойж цаашаа орох, хөхний толгойноос цустай шүүс гарах, мөн хамгийн гол шинж тэмдэг бол хөхөн дотор бэрсүү буюу хатуу үүсвэр тэмтрэгдэх. Энэ үүсвэр нь удаан хугацаагаар тогтвортой байгаад, томроод хатуурах зэрэг шинж тэмдгүүд үргэлжлээд байвал хөхний хорт хавдрыг сэжиглэнэ.
-Ямар хүчин зүйлсүүд энэ өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг юм бол?
-Түрүүн хэлсэнчлэн эмэгтэй хүн бүр энэ өвчнөөр өвдөх магадлалтай байдаг. Мөн нас ахих тусам өвдөх эрсдэл нэмэгддэг. Таргалалт мөн эрсдэлт хүчин зүйлсд багтана. Ялангуяа эмэгтэй хүний цэвэрших настай зэрэгцээд таргалаад байвал үүнийг анхаарч хянах хэрэгтэй. Түүнчлэн архидалт, тамхидалт, дааврын зохисгүй хэрэглээ ордог. Ямар нэгэн системийн өвчтэй байхад дааврыг нөхөх, орлуулах эмчилгээ хийдэг. Гэтэл үүнийг эмчийн заавар зөвлөгөөгүйгээр хэрэглэх нь дааврын зохисгүй хэрэглээ юм. Жирэмслэлтээс хамгаалах эмийг тасралтгүй дөрөв таван жил хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Мөн эдгээр хүчин зүйлсээс гадна хүний удамшлын эрсдэл өндөр байдаг. Өөрөөр хэлбэл ээж, эгч, эмээ эсвэл дүү нь хөхний хорт хавдраар өвчилж байсан бол үүгээр өвчлөх эрсдэл байна гэсэн үг. Эрүүл хооллолт алдагдах, хангалттай хэмжээний тэжээлээ хоол хүнснээсээ авч чадахгүй байх, дасгал хөдөлгөөн дутагдах, орой хүүхэд гаргах зэрэг нь эрсдэл болдог.
-Тэгэхээр хэрхэн урьдчилан сэргийлж хамгаалах аргыг манай уншигчдад хэлж өгөхгүй юу.
-Хамгаалах хүчин зүйлст ДЭМБ, Америк болон Канадын хавдрын нийгэмлэгээс гаргасан эрүүл амьдрах хэв маягийг сүүлийн үед манайхан хэрэгжүүлж, энэ талын сурталчилгаа, зөвлөгөө нийгэмд их болсон. Хамгийн түрүүнд эрүүл хооллолт. Үүнд та хоолондоо хоногт 400 гр-аас доошгүй жимс, хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй гэсэн байдаг. Хоёрдугаарт дасгал хөдөлгөөн. Насанд хүрсэн долоо хоногт таван хоногоос доошгүй хугацаанд 1-1,5 цаг дунд зэргийн буюу эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх. Насанд хүрээгүй хүүхдүүд долоо хоногт таван удаа 1,5-2 цаг дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй. Мөн тамхинаас эрс татгалз, архийг зохистой хэмжээнд хэрэглэх гэх мэт зэрэг зөвлөмжийг өгдөг.
-Хөхний хорт хавдартай гэж оношлогдсон тохиолдолд ямар ямар эмчилгээ хийдэг вэ. Монголдоо эмчлүүлэх боломж бий юу?
-Энэ тохиолдолд дэлхийн анагаах ухааны шинжлэх ухаанд батлагдсан олон төрлийн эмчилгээ хийгддэг. Жишээлбэл мэс заслын, химийн, туяаны, дааврын, дархлааны, биологийн эмчилгээ гэх мэтчилэн 5-6 төрлийн эмчилгээ байдаг. Монголд эдгээр нь бүгд хийгдэж байгаа.
-Хөхний хорт хавдрыг эрт илрүүлбэл бүрэн эмчлэх боломжтой юу?
-Энэ нь бүрэн боломжтой. Хөхний хавдар 0-4 гэсэн таван үе шаттай байдаг. ДЭМБ-аас хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмчилгээний дараах амьдрах чадамжийг таван жилийн хугацаанд авч үздэг. Үүний дагуу тэг үед оношлогдвол таван жил амьдрах чадамж 92%, нэгдүгээр үед бол 87%, хоёрдугаар үе бол 75%, гуравдугаар үе бол 46%, дөрөвдүгээр үе бол 13% байдаг.
-Эмчилгээний үед ямар нэгэн сөрөг нөлөөлөл байдаг уу?
-Шинжлэх ухааны практикт батлагдсан, олон улсын нотлогоонд суурилсан эмчилгээ Монголд хийгдэж байгаа. Үүнээс өөр эмчилгээний арга байдаггүй. Ам дамжин яригддаг ардын эмчилгээнд бус шинжлэх ухаанаар батлагдсан энэхүү эмчилгээнд хүмүүс маш ухамсартайгаар хандаж, хамрагдаж байх хэрэгтэй. Хөхний хавдраас үүдсэн эмчилгээний үед болон дараагийн үед зарим нэг сөрөг нөлөөлөл гардаг. Үүнээс айх хэрэггүй. Сөрөг нөлөөллүүд нь тухайн үедээ гараад засардаг. Тухайлбал, гар хавагнах, туяа эмчилгээний үед арьс улайх, хүрэнтэх, загатнах, магадгүй заримдаа өнгөц шархлах зэрэг илэрч болно. Түүнчлэн химийн эмчилгээний үед болон дараа нь дотор муухайрах, хоолонд дургүй болох, ядарч сульдах, үс унах гэх мэтчилэн шинжүүд гарч болно. Гэхдээ эдгээр нь бүгд эргээд засардаг, зүгээр болдог. Иймээс түр зуурын сөрөг нөлөөллөөс эмээж, насан туршийн амь насандаа халтай өвчнөө хүндрүүлэх байдалд эмэгтэйчүүд маань бүү ороосой гэдгийг дахин дахин захимаар байна.







