Д.Энхцэцэг: “Өв тээгчийг илрүүлэх нь бидний зорилго”

МҮОНТВ-ээс зохион байгуулж байгаа “Монгол үндэсний дууны их наадам”-ын шүүгч Д.Энхцэцэгтэй цөөн хэдэн хором ярилцлаа. Энэ ярилцлагаас наадамд оролцож буй оролцогчид юуг анхаарах ёстой, шүүгчдийн хатуу үг юу өгүүлдэг тухай мэдэх боломжтой юм.

-Энэ удаагийн Монгол үндэсний дууны их наадам анхдугаар наадмаасаа юугаар давуу талтай болж байна вэ?

-“Монголын үндэсний наадам” гэдгийг анх Соёл урлагийн  редакцийн Батбаяр гэж найруулагч санаачилсан юм. Энэ хүн анх санаачлахдаа маш том зорилго тавьж ажилласан. Тэр наадам анхны гэдэг утгаараа бага зэрэг туршлага дутаж, шүүгчдийн хувьд яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин зэрэг бүрдүүлэлт хийсэн. Эхний шатанд нэг хэсэг шүүгч, дараагийн шатанд дахиад өөр шүүгчид гэх байдлаар шүүгчид их солигдож байсан.

Тэр нь ямар дутагдалтай вэ гэхээр  эхний шатанд сайн дуулсан дуучныг дараагийн шатанд тухайн шүүгч мэдэхгүй. Явц гэдэг үр дүнтэйгээ адил маш чухал шүү дээ. Энэ удаагийн наадам юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгээрт туршлагажсан, хоёрдугаарт илүү эмх цэгцтэй, гуравдугаарт оролцогчид их болсон. 2500 хүн оролцсон. Дөрөвдүгээрт хөдөө орон нутгийн  иргэдийг маш ихээр нь хамруулж чадсан. Цаг хугацааны эрхээр хүрээгээ тэлж байна гэсэн үг юм. Ер нь бол маш богино хугацаанд дуучдаа шалгаруулж байна. Намраас хойш нилээдгүй их хугацаа өнгөрлөө. Оролцогчид маань өөрийгөө харж үнэлэлт дүгнэлт хийх боломжтой болсноороо бас нэгэн давуу тал юм.

-Үзэгч түмний хувьд нэгэн том хүлээлт үүсч байна. Тэд энэ наадмаас нуугдаж хоцорсон, алга болох дөхсөн хуучин Монгол дуунуудыг ил гарч ирэхийг нь хүлээж байх шиг...?

-Мэдээж хэрэг энэ бол наадмын гол зорилго. Шинэ дуу, монгол үндэсний дуунуудыг гаргаж ирэх, мөн дуучид гаргаж ирэх. Энэ дуугаа өөртөө авч үлдсэн тийм өв тээгчдийг илрүүлэх, олны хүртээл болгох, монгол үндэсний дуу гэдэг зүйлийг өвлөж авч үлдэх ийм зорилготой.

Энэ жилийн наадам урьд жилийн наадмыг бодвол дарагдаж, мартагдах шахсан дуунууд нилээдгүй гарч ирж байгаа. Сонсогдож байгаагүй уртын дуу, өөлд, барга зэрэг дуундууд байна. Мөн ховордсон богинын дуунуудаа дуулсаар Хөвсгөл,Сүхбаатар аймгийн иргэд орж байна. Гэхдээ бүр нэг час хийсэн төгс цогц зүйл ховор байгаа.

Нэмж хэлэхэд шүүгч бидний хувьд нэг сайн дуучин л төрүүлэх гээд ч байгаа юм шиг, гэтэл яг бидний зорилго бол шинэ дуучин гаргаж ирж хүмүүжүүлэх гэж байгаадаа биш, тэр дуутайгаа хамт байгаа тэр дуучныг гаргаж ирэх, уран бүтээлчийг урын сантай нь хамт гаргаж ирэх, уутлах тэр зорилгоо умартаад, “дуучдыг чи ийм байна”, “чи тийм байна” гэж гоочлоод байдаг. Гэтэл оролцогчид маань яг тухайн дуугаа яг л тийм өнгө аясаар дуулж байж л өвөө хадгалж үлддэг байж болох юм.  Бид үүн дээрээ их анхаарч байгаа. Эстрадын ч юмуу, поп дуучдыг дуурайж дуулаад байгаа залуучууд байна. Гэхдээ түүнээс илүү, жинхэнэ Монголын үндэсний дууг гаргаж ирэх зорилготой юм шүү дээ.

-Цөөхөн хэдэн уран бүтээлч гарч ирсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр цөөхөн хэдэн оролцогчдоо тэмцээний дараа нь яах вэ?

-Ерөнхийдөө яг л орхичихдог юм. Гэхдээ яг хувь хүний хувьд би өөрөө ардын урлагийн хүн болохоор тэр хүмүүсийг тэмдэглэж аваад, эргэх холбоо үүсгэж нэвтрүүлэгтээ урьж оролцуулан алтан сан хөмрөгтөө тээж үлдээсэн өвийнх нь хамт хадгалан үлдээх зорилготой байгаа. Чухам энэ хүмүүсийг дараа нь яах вэ гэдгийг зохион байгуулагчид л мэдэх байх. Гэхдээ уралдаан тэмцээн маань өндөрлөх шатанд орохоор үлдсэн хэдэн оролцогчидоо яах вэ гэдэг тов гарах байх.

-Якутаас, өвөр монгол, буриад зэрэг газруудаас хүмүүс ирж оролцож байна. Гэтэл ард түмэн Монгол үндэсний дууны наадам байхад яагаад энэ газрын хүмүүсийг оруулж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байж болох юм?

-Монгол үндэстэн гэхээр туургатан гэдэг үгтэй яг л адил, ижил байна. Нэгэнт л бид Монгол гаралтай хүмүүс. Манай Сарантуяа дуучин хүртэл Якут шүү дээ. Яг л Монгол үндэсний монгол аялгуу хөг нь хүртэл ижил төстэй байдаг. Биднийг хамтаръя гэвэл бид шууд л хүлээж авах нь зүйтэй. Урлагаар дамжуулан монгол үндэстэн бид нөхөрлөх боломж олдож байна.

-Энэ жилийн шүүгчид их хатуу байна гэх юм?

-Энэ жилийн таван шүүгч хөгжим судлаач, нийтийн дуучдын төлөөлөл, хөгжмийн зохиолч, эстрадын дуулаач зэрэг салбар салбарын хүмүүсийг шүүгчид. Хэн ч хэнийг ч тэр минь, энэ минь гэж хаацайлах зүйлгүй тул оролцогчид минь санаа зовох зүйлгүй. Бас нэг асуудал байдаг, оролцогчид маш мундаг багш нараараа тавилт тавиулаад ороод ирдэг. Тэгээд бид хэдэн шүүгч шүүмж хэлэхээр гайхаад, шоконд ороод, эсэргүүцээд байдаг. Гэтэл бид чинь тэр хүний дуулж байгаа дууг, хөгжим судлаачийн үүднээс, эстрадын дуулаачийн үүднээс гэх мэт олон талаас нь чанартай шүүж байгаа хэрэг юм.  Энэ наадамд шүүгчдийг хариуцаж байгаагийн хувьд шүүгчид бол маш хариуцлагатай ажиллаж байгаа гэж хэлмээр байна.

-Шүүгчийн хувьд үлдсэн оролцогчиддоо зориулж зөвлөгөө өгвөл?

-Энэ жил бид мэргэжлийн дуулаачийн гурав дөрөвдүгээр  ангийн оюутнуудыг бараг оролцуулсангүй. Учир нь тэд мэргэшиж эхэлсэн байдаг. Тийм болохоор дуу гэдэг юмаа хайрлаж, тэрийгээ өлгийдэж, хоол ундыг нь зохицуулчихсан жирийн иргэд бидэн дээр хүрээд ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэтэрхий маяглаад л хэтэрхий хэлбэрдээд л, дуугаа өөрөө ойлгохгүй, аяаа сонсохгүй, эмэгтэй хүний тухай дуу дуулаад байгаа юмуу, эрэгтэй хүний тухай дуу дуулаад байгаа юмуу гэдгээ ойлгоогүй, үгтэйгээ ерөөсөө ажиллаагүй. Дуу гэдэг чинь яруу найраг, хөгжим, дуучин гурав нэг жигүүр болж байж хүнд хүрдэг. Дуучин өөрөө яруу найраг, хөгжим хоёрыг ойлгохгүй байгаа бол хэнд хүрэх юм бэ? Шүүгчид оролцогчидоос  мэргэжлийн зүйл нэхээгүй. Тийм учраас дуулахдаа өөртөө маш итгэлтэй. Тэрийгээ ойлгочихсон, мэдэрчихсэн ирэх хэрэгтэй. Тэгэхийн тулд судлах л хэрэгтэй. Дуулах гэж л байгаа бол дуугаа яаж ойлгож, яаж илэрхийлж вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Ингэж чадвал бидний хүсээд байгаа тэр мэдрэмж бидэн рүү урсаад л ороод ирэх юм шүү дээ. 

-Баярлалаа, сүүлийн хормыг таньд үлдээе.

-Урлагийг сурталчилна гэдэг маш том буян байдаг. Энэ буяныг дэлгэрүүлж байгаа  www.emegteichuud.mn сайтын хамт олондоо баярлалаа. Энэ сайхан наадам гэгээн байгаасай. Гэгээн байхад нь бид нарт тус хүргэж байгаа та бүхэндээ амжилт хүсье.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.