Бяцхан кафен эзэн

Өглөө бүрийн нар өнгөт цацрагаа тусган, өөдрөг амьдрал эрч хүчийг надад бэлэглэдэг. Энэ л эрч хүчээр би цэнэглэгдэн, эргэх хорвоод ажил амжилтаар дүүрэн нэгэн өдрийг өнгөрөөнө. Халуун цайгаар зочдоо дулаацуулан, хайр хүндэтгэлийг нь тэднээсээ мэдэрдэг. Миний амьдрал эгэл жирийн авч, мянган лангаар үнэлэгдэх нэр төрийг би эрхэмлэдэг. Өлссөн даарсан хүмүүс миний кафег зорино. Өөдөөс нь харин би инээмсэглэн угтаад үйлчилдэг. Даарсан гар нь дулаацаж, дарагдсан сэтгэл нь онгойж, дэндүү баярласан зочид маань дараа дахин ирнээ, баярлалаа гээд буцдаг. Тэр л сэтгэлийн илэрхийлэл болсон талархлын үгийг сонсох тоолонд би түүнээсээ урам авч, илүү сайхан зүйлийг хийхийг хүсдэг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан ч юм уу даа. Бага ч гэсэн сэтгэлээс гарсан үнэн үгэнд бол баярлан хөөрч басхүү өөрөөрөө бахархана. Дуртай зүйлээ хийж, түүгээрээ цэнэглэгдэн, бусдад аз жаргал түгээж амьдрах ямар сайхан гээч. Амтат бялуу, халуун кофе ардаас нь ирэх урмын үг. Энэ бол миний хамгийн том шан.
Н.Задгайцагаан
