Хөшигний цаадах айдас
Аймшигт хар дарсан зүүднээсээ болж надад занганд орсон мэт санагдав. Түүнээс зугтааж, уушгаа амаараа гартал гүйх хэрэгтэй байсан ч бие минь хүссэнээр хөдөлж өгөхгүй байв. Тэгээд л өнөөх хүйтэн амьсгал, тамын шаналал намайг эзлэн авч амьдрах хүслийг минь улам бүр үгүй хийсээр... Хонх дахин цохилж, жин үдийн нар эгц дээрээс тусав. Хэдийгээр цэлмэг нартай өдөр байсан ч надад үргэлж л бүрхэг мэт санагддаг. Өглөө бүрийг норсон дэртэйгээ угтаж, орой бүрийг нойтон сормуустай үдсээр есөн жилийг ардаа орхижээ. Одоо би жаахан хүүхэд биш, харин бие хүн болон төлөвшиж яваа танхил охин. Үеийнхэн маань энэ насан дээрээ хайрлана, дурлана, үеэрхэнэ, нөхөрлөнө, тоглож наадна. Харин надад энэ бүхэн хэзээ ч хүрэшгүй дэндүү холын мөрөөдөл мэт санагдана. Бурхан надад яагаад ийм амьдрал өгсөн юм бол? гэж өөрөөсөө хичнээн олон удаа асуувч зөвхөн л уйтгар гуниг, ганцаардал, айдас түгшүүр, сэтгэл гутрал, амьдралыг, эр хүнийг үзэн ядах сэтгэлээс өөр зүйл үл олдоно. Ийн бодолд дарагдан нойтон дэрээ тэврэн суутал “ХАР ДАРСАН ЗҮҮД” минь биелэх цаг болжээ.
Сүхээ ах аль хэдийн орж ирээд өнөөхөл бузар булай зүйлээ ярьж, хийж эхэлнэ. Би хувь заяатайгаа дэндүү эрт эвлэрч дэмий л түүний дор нулимсаа дуслуулан хэвтэнэ. Энэ бүхнийг дуусгавар болгож сэтгэл доторх бүхий л зүйлээ уудлан гаргаж хайртай ээждээ тэврүүлээд аргадуулахыг маш ихээр хүсэвч энэ зөвхөн хүсэл төдий. Учир нь Сүхээ ах бол ээжийн минь газар дээрх ганц дүү, итгэж хайрлаж хүндэлж явдаг цор ганц эр хүн. Ээж минь үүнийг мэдвэл яах бол, ямар их шаналал зовлонг амсаж насан туршдаа өөрийгөө буруутгах бол гэдгийг бодохоос жихүүдэс төрмөөр.. .Магадгүй намайг өмөөрч хамгаалах, хайрлах аав байсансан бол ийм гашуун зовлонг биеэрээ амсаж, сэтгэл дотроо тээн явахгүй байсан биз ээ. Иймд надад азгүй хувь тавилантайгаа эвлэрч, энэ амьдын тамлалыг ганцаараа туулж, хаалттай ерөнцөд өөрийгөө цоожлон үлдээхээс өөр зам олдсонгүй өдийг хүрсэн юм. Өдөр хоног ээлжлэн өнгөрөх тоолонд миний амьдрал хором хормоор багасасаар, итгэлийн гал минь бөхсөөр... Хэрвээ хойд нас, шинэ амьдрал гэж байдаг бол надад амар амгалан, хайр энхрийлэл, халуун дулаан уур амьсгалыг харамгүй хайрлаарай БУРХАН минь... Үүнийг уншсан ээж та, магадгүй халамжит эцэг та нэгийг бодсон байх аа. Таны, танай гэр бүлийн наран гийсэн охинд тань бусадтай хуваалцаж, хэлж, ярьж чадахааргүй нууц байгаа юм биш биз. Хорвоо дэлхийтэй танилцаж, сайн мууг ялгаж сураагүй, гэнэн хонгор насан дээрээ яваа цэцэг цэврүү шиг охиддоо анхаарал тавихгүй бол та бидний хамгийн дотны итгэж, хайрлаж явдаг хүмүүс таны охины амьдралыг үгүй хийж байх вий! Та охинтойгой ярилцаж сэтгэл рүү нь нэг өнгийж хараарай!!!
Х. Эзлэн







