Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын СТА гоцлол бүжигчин Э. Номин ”Би тайзан дээр амьдарлын гол хүн болдог”

Үгээр хэлж боломгүй үнэнийг үйлдлээрээ урлагийн хэлэнд буулгаж хүний сэтгэлийг хөглөж, урмыг сэргээдэг мэргэжил бол бүжигчин билээ. Үндэсний бүжиг нууцлаг хирнээ үнэн түүхийг үгүйлдэг гайхалтай урлаг. Тиймээс бид бүжигчин хүний жаргал зовлонгийн талаар ярилцхаар Монголын залуу уран бүтээлч Э. Номинг энэ удаагийн зочноор урилаа.
 


Бүжигчин болоход чинь хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

Эмээ минь их нөлөөлсөн. Би бага ангид байхдаа урлагийн үзлэгээр бүжиглэдэг байсан юм. Намайг бүжиглэж байхыг харсан эмээ минь миний охин бүжигчин л болох ёстой гэж хэлдэг байсан. Би эмээдээ их л мундаг бүжиглэж байгаа юм шиг харагдсан байх. Ээж маань намайг хөгжим бүжгийн коллежид шалгуулсан,тэнцсэн. Тэгээд 12 настай байхдаа анх хөгжим бүжгийн коллежид орж байлаа.Түүнээс анх бүжигчин болох гараа минь эхэлсэн дээ.

Үндэсний бүжгээ дагнан бүжиглэдэг үү?

Тийм ээ. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгийн бүжигчин учраас үндэсний урлагаа илүү хөгжүүлэх, хүмүүсд хүргэх, орчин үеийн урлагтай хослуулах тал дээр ажилдаг. Гэхдээ хөгжим бүжгийн коллежид олон ардын бүжиг мөн баллет заадаг. Баллетыг бүр түлхүү ордог байсан. Тиймээс төрөл төрлийн бүжиг бүжиглэдэг. Гэхдээ үндэсний бүжгээрээ дагнасан учир илүү мэргэшсэн.
Баллет бүжиглэж чадна гэсэн үг үү?
Би төгсөөд үндэсний бүжгээ дагнахаар шийдсэн. Тиймээс одоо баллет бүжиглэхэд хөгширсөн гэж бодож байна./инээв/



Энэ хугацаанд олон тэмцээн уралдаан орсон байх?

Монгол бүжгийн тэмцээн их болдоггүй юм. Ц.Сэвжид багшийн нэрэмжит тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог.2004 онд  Өвөрмонголд  болсон "Чингис хаан" -ы нэрэмжит тэмцээнд бүжгийн хамтлагаараа алт, мөнгөн цом авсан. Мөн 2010 онд Ц.Сэвжид багшийн нэрэмжит гоцлол болон цөөхүүл бүжигчдын уралдаанд хамтлагаараа гран при авч байсан. Би гоцлол бүжгээр 150 хүнээс тусгай байранд орсон. Бас 2010 онд "Манжуурын мисс" -д оролцоод авъяаслаг мисс өргөмжлөл авч байлаа.



Мэргэжлийн бүжигчин хүний жаргал зовлонгоос яриач?

Бүжгийн урлаг жаахан хэцүү. Биеийн хүч хөдөлмөр их шаарддаг. Бие болоод оюун ухаан ядардаг юм. Хүмүүс бүжиг гэхээр биеэ хөдөлгөдөг гэж ойлгодог. Бүжиглэнэ гэдэг чинь толгойгоо ажлуулдаг. Дөрвөн мөчийг чинь толгой удирддаг шүү дээ. Бүжиг бол биеийг оюун санаагаараа удирддаг ухааны урлаг юм. Хөгжмийн сонсголтой, мэдрэмжтэй байх шаардлагатай. Хөдөлгөөнөө цээжлэхэд бодлого бодож байгаа юм шиг байдаг. Бүжиг дэглэдэг хүн бол аяыг сонсоод дөрөвны дөрөв наймны найм гээд л хэмжээнүүдэд хөдөлгөөнийг тоо бодож байгаа юм шиг хуваадаг. Тиймээс бүжиг  гэдэг бол цогц зүйл юм. Бид тайзан дээр дуртай хөдөлгөөнөө хийгээд байж болохгүй шүү дээ.  Мэргэжлийн түвшинд бэлдэхийн тулд ганцхан бүжгийг өчнөөн олон цаг бэлддэг, буруу хөдөлгөөнөө засна. Нэг бүжигчний гар бусдаасаа зөрвөл тэрнийг засахын тулд дахиад л бэлдэнэ. Хорин дөрөв, гучин хоёр хэд ч байсан яг адилхан. Бүх бүжигчинг нэг хүн шиг болгох гэж маш их бэлтгэл сургуулилт хэрэгтэй байдаг. Бид тайзан дээр бүжиглэх цагаасаа хэд дахин илүү цагийг зааланд бэлтгэл хийж өнгөрөөдөг. Гэхдээ хөлс хүчээ гарган бэлдсэн уран бүтээлээ үзэгчдээ хүргэж ,тэднээс алга ташилт авах тэр мөч бүжигчин хүний аз жаргал тэнд оршдог.

Ардын бүжиг бусад бүжгээс юугаараа ялгаатай вэ?

Монгол бүжиг бол дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц бүжиг. Өвөрмонголчууд хүртэл манай монгол шиг бүжиглэдэггүй. Бид нарын онцлог юундаа байдаг вэ гэхээр ахуй соёлоос үүдэлтэй байдагт юм. Жишээ нь монголчууд гэр дотроо биелэдэг байсан учир өвдгөө тахим суугаад, толгойгоо дээшээ доошоо хөдөлгөхгүйгээр суудал дээрээ  мөрөө сугсарч бүжиглэдэг байсан. Харин монгол бүжгийг мэргэжлийн түвшинд тайзан дээр бүжиглэхдээ хөл гарыг нь цэгцтэй, илүү сонирхолтой болгож, бүжгийн хувцасаа илүү тод, гэрэл гэгээтэй  сайхан өнгийг сонгодог. Тайзны гэрэл, засал чимэглэлийн гээд маш олон хүний хүч хөдөлмөрөөр уран бүтээл бий болдог юм. Мөн монгол бүжиг хурдтай, хөлний техник шаарддаг, цээжин бие их чөлөөтэй байх ёстой байдаг. Уран чадвар, нүүр царайны тоглолт бас чухал. Монгол бүжиг бол үзэгчдийг хамруулж чаддаг эрч хүчтэй бүжиг гэж хэлмээр байна.



Бэлтгэл хйиж байхдаа тохиолдсон хөгжилтэй зүйлүүдээс яриач?

Олон хөгжилтэй зүйл тохиолддог. Би хөгжим бүжгийн оюутан байхдаа "Нарны домог" бүжгийн жүжгэнд оролцож байсан юм. Олны хэсэгт л дээ. Нар болдог эгч маш гоё гартай, маш хөөрхөн эгч байлаа. Тэр үед энэ эгч шиг гоё нар болох юмсан гэж ангийнхаа хүүхдүүдэд хэлтэл манайхан бөөн инээдэм болсон юм. Би бордуу царайтай учраас намайг цаашлуулаад Номин шиг ийм хар нар гэж байдаггүй юм гээд л... Гэтэл би саяхан нар болсон. Харин манай ангийхан намайг юу гэсэн гээч "өө хиртсэн байна " гэсэн. Дахиад л инээдэм болсон. /инээв/ Энэ их хөгжилтэй санагддаг юм. Санаж явбал бүтнэ гэж нар болох хүсэл минь биелэсэн шүү /инээв/

Бүжгэн жүжгийг үзэгчид хэр үзэж байна?

Үзэгчид маш бага байдаг. Цөөхөн хэдэн үнэнч үзэгчидтэй, тэд нар манай тоглолтыг алдалгүй үздэг юм. Ихэнх үзэгчид нь гадаадын жуулчид байдаг. Монголчууд  үндэсний урлагаа илүү үзэж, илүү ойлгоосой гэж би хүсдэг. Одооний залуучууд үндэсний урлаг гэхээр уйтгартай зүйл байгаа мэтээр хүлээн авдаг болсон. Гадаадын янз бүрийн бүжгийг гоё гээд л хошуурдаг. Гэхдээ гадаадын бүжгийг сонирхож болохгүй гэж байгаа юм биш. Эхлээд үндэсний урлагаа ойлгодог, мэдэрдэг болоосой гэж би боддог.



Үзэгчид бага байдаг бол бүжгэн жүжиг жаахан уйтгартай байдаг юм болов уу?

Үгүй ээ. Хамгийн гол нь бүжгэн жүжиг хүнд ёс суртахууны хүмүүжил болон хөгжмийн боловсрол олгодог. Мөн хүнийг хүндлэх гээд л олон зүйлд суралцдаг, хүмүүжлийн ач холбогдолтой зүйл. Жишээ нь манайх "Цуутын цагаагч гүү" үлгэрээс сэдэвлэсэн "Эрх цагаан унага" гээд хүүхдийн бүжгэн дуулалт жүжиг тайзнаа тавих гэж байгаа. Үлгэр гэдэг маш сургамжтай. Монгол ахуй түүнд шингэсэн байдаг. Тиймээс бүжгэн жүжиг үзсэн хүүхэд Монгол орноо мэддэг, байгаль орчноо хайрладаг болно. Мөн шувууны өндгөнд сүүдрээ тусгаж болохгүй, хагалаж болохгүй гэдгийг мэддэг болдог. Тиймээс хүүхдүүдийг багаас нь үндэсний урлагийг үзүүлж ойлгуулж байх хэрэгтэй. Энэ нь үндэсний урлагийн ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм. Багаасаа үндэсний бүжиг дуугаа ойлгодог болсон хүүхэд том болоод үнэнч үзэгч, цаашлаад үндэсний урлагаа ойлгодог, хайрладаг хүн бий болно шүү дээ.

Хоолны дэглэм нарийн барьдаг уу? 

Үгүй ээ. Харин ч их иддэг. Маш их хөдөлдөг учраас ямар ч хэмжээтэй хоол  идсэн бүгдээрээ шингэчихдэг. Гэхдээ бүжигчин хүн жингээ барих хэрэгтэй л дээ. Би хоолоо сойгоод байдаггүй.



Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гадаадруу тоглолтоор хэр явж байна?

Манай чуулга бол Монгол үндэсний урлагийг дэлхийд таниулдаг Монголын нүүрийг тахалдаг мэргэжлийн урлагийн байгууллага. Тиймээс гадаадын олон орноор аялан тоглолт хийдэг. Хамгийн сүүлд гэхэд Тайваньны дөрөв таван хотуудаар тоглолт хийгээд ирсэн. Дуучин Оюунтүлхүүр эгч болон "Тэнгэрийн аялгуу" гээд үндэсний хөгжмийн хамтлагтай хамт манай чуулгийн дөрвөн бүжигчин явсан.Бид Тайнваньчуудыг гайхашруулаад ирсэн шүү. /инээв/ Би хувьдаа Монголчууд гадаадын оронд өөрсдийн үндэсний урлагаа маш сайн таниулдаг гэж би боддог.

Гадаадын үзэгчид хэрхэн хүлээж авч байна. Монгол хүмүүс ирж үздэг байх?

Гадаадад тоглолт хийж байхад монгол хүмүүс их ирж үздэг. Тоглолтын дараа хүмүүс монгол урлаг ийм сайхан байсан юм уу гээд л гайхдаг. Монголд байхдаа үзээгүй юм уу гэхээр, үгүй ганц ч удаа үзэж байгаагүй гэдэг. Гадаадад очоод монгол урлагийн сайхныг мэдрээд байдаг юм. Их сонин. Харин гадаадын үзэгчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авдаг. Магадгүй алмаардаг гэхэд хэлсдэхгүй.

Аливаа мэргэжил хүний ертөнцийг  үзэх үзлийг өөрчилдөг. Бүжиг амьдралд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?

Ер нь урлаг бол хүнийг ёс суртахууны өндөр түвшинд төлөвшүүлдэг. Хүнтэй зөв харьцаж сурдаг. Жишээ нь бүжгийг ансамблаараа хийдэг учраас багаар ажиллах чадвар маш сайн болсон байдаг. Хараалын үг, соёлгүй зохисгүй үг хэлэхгүй, биеэ зөв авч явна. Гоо сайхны мэдрэмж шал өөр болдог. Маш ажигч, ямарваа юмыг тогтоохдоо тун сайн болчихдог. Алхаа гишгээ, яриа, бусадтай харьцах, урлагийг үнэлэх  гээд л бүхий л зүйлд минь нөлөөлсөн.



Үзэгчдээс алга ташилт авах хамгийн сайхан мэдрэмж байдаг байх?

Гэрт, гадуур асуудал үүссэн ч тайзан дээрээ гарахад бүх юм хаягддаг. Яг л ид шидийн мэт алга болдог. Олон хүмүүс намайг харж, тайзнаас гэрэл тусаад л, яг тэр үед амьдарлын гол хүн болчихсон юм шиг санагддаг. Тэр олон хүний анхаарал над руу хандаж, тайзан дээр уян налархай бүжиглэж, үзэгчид бишрэх тэр мөч хамгийн гайхалтай. Үзэгчдийн  алга ташилт надад урам зориг, эрч хүчийг өгдөг. Тайзан дээрх тэр цаг зуурын жаахан жаргалыг амсахын тулд хөлс хүчээ гаргаж бэлтгэлээ хийдэг юм. Тэр хэсэгхэн жаргалыг мэдрэх сайхан учраас цалингаа голохгүйгээр сэтгэл ханамжтай, аз жаргалтай байж чаддаг. Энэ сайхан мэдрэмжийг үгээр төсөөлөн хэлж боломгүй тийм сайхан, гайхалтай байдаг юм.



Залуу хүн ирээдүйд олон зүйл хийхийг хүсэж байгаа байх тийм үү?

Тийм ээ. Том зорилго бий. Бас ойрын хугацаанд биелүүлэх мөрөөдөл ч бий. Гэхдээ би том мөрөөдлөө нууц хэвээр үлдээнэ. /инээв/ Харин Үндэсний урлагаа Монголчууддаа таниулан олон үзэгчидтэй болох юмсан гэж боддог. Монгол бүжгийг хөгжүүлэхийн төлөө чадах бүхий л зүйлээ зориулна. Би 2012 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Залуу хүний хувьд маш их баяртай байгаа. Тиймээс би илүү урам зоригтой эх орондоо өөрийн чадах хэмжээгээрээ хувь нэмрээ оруулна.

Бүжгийн бэлтгэлийн хажуугаар цаг зав гарган бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр ажилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
D Ark (202.72.242.130) 2016-11-06 17:11:29
huurhun ymaa bvjigchin hvnii huvidch emegtei hvniihen huvidch ih hvndelj yvdag shvv svvliin togloltiig vzsen vneheer DURGENE hatani dvrd sain huvirch bnleee tsaashdiihan ajild amjilt hvsey
болор (112.72.11.107) 2014-03-04 20:05:42
та маш хөөрхөн байна кк яаж тань шиг болох уу
(124.158.90.4) 2013-09-15 11:28:49
amjilt hvsie
Sonya (203.91.118.156) 2013-09-11 13:57:59
Saihan meregjiltei Saihan huuhen baina
Lll (122.201.18.12) 2013-09-11 11:51:09
Aimaar tsaraitai ymbe
bi (46.115.72.156) 2013-09-10 22:44:00
ene busgui nuhuruu ym boluu taniltsmaar bna
zochin (202.55.179.27) 2013-09-06 17:35:56
uneher mundag shuu amjilt
mongol (188.134.41.32) 2013-09-05 23:47:51
ta har baij bolno gehdee tany setgel tsagaan uils chin suu shig baih boltugai amjilt husii
khentii (202.179.11.66) 2013-09-05 20:04:48
unen goyo bujiglej bnalee busdaasaa yalgarch haragdaj bsan shuu hudulguunii guitsetgel mash goyo amjilt husie