Аз жаргал гэдэг алс холын од биш
Аз жаргал гэдэг бол алсад гялалцдаг од биш. Тэр бол сэтгэлд тань дэлбээлдэг цэцэг. Гагцхүү тэр цэцэг нь өөдрөг сайхан сэтгэлээр тэтгэгдэж, өдрөөр бус цагаар ургадаг. Сэтгэл дундуур байвал хатаж гундана.
Хэрэв та өөрийгөө аз жаргалтай эмэгтэй гэдэгтээ итгэж, одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байвал аз жаргалтай л байх болно. Гоо сайхан орох гэтэл зав гарахгүй юм, дэлгүүр хэсмээр байна даанч мөнгө алга, сайхан амармаар байдаг ажил их байна гээд л. Баахан бодол болж өөрийгөө бүү зовоо. Болохгүй юм гэж байдаггүй тул эд бүгдийн учир нь олдож л таарна. Хэзээ ч шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй шүү дээ. Янз бүрийн зүйл бодож өөрийгөө стресст оруулж, аз жаргалыг мэдрэх боломжийг бүү алд. Толгойдоо түм буман бодол эргэлдүүлж өөрийгөө хамгийн хүнд байдалд орсон мэт төсөөлөх хэрэггүй. Та бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. Гол нь та үүнийгээ анзаарахгүй л байгаа хэрэг. Өмсөх хувцас, идэх хоол, үнсүүлэх аав ээж, харих гэр, уулзах найзууд танд байна. Бодоод үздээ та үнэхээр баян, дутагдах зүйлгүй сайхан амьдарч байгаа биз. Ийм сайхан зүйлс танд байхад өөр юу дутуу гэж гутрах юм бэ. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун бай. Аз жаргалыг мэдрэх амархан шүү дээ. Гол нь аз жаргалтай байгаадаа итгэ.
Б.Цэцэглэн







