Монголд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг ямар түвшинд байна вэ?

 

НҮБ-ын ХАС-ийн 2011 оны статистик мэдээллээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тал хувь нь жирэмснээс сэргийлэх орчин үеийн аргыг хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгаануудын дүнг харьцуулахад жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн аргын хэрэглээ 2008 онд 2003 оны түвшнээс буурсан үзүүлэлт гарчээ.

Түүнчлэн жирэмслэхийг хүсээгүй хэдий ч жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгүй байгаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2003 онд 4,6 байсан бол 2008 онд 14,4, 2010 онд 22 болтлоо нэмэгдсэн байна. Энэ хувь өндөр байхын хэрээр хүсээгүй жирэмслэлт, түүнээс улбаатай үр хөндөлт ихсэх хандлагатай болдог байна.

“2011 оны статистик мэдээллээр нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэй тутмын 20 нь үр хөндүүлсэн гэсэн үзүүлэлт гарчээ. 20-с доош насны, 35-с дээш насны эмэгтэйчүүдийн дунд үр хөндүүлсэн эмэгтэйн эзлэх хувь нь өсч байгаа нь зүй ёсоор анхаарал татаж байна” хэмээн ЭМ-ийн сайд Ж.Амарсанаа хэллээ.

Үр хүүхэд төрүүлж, өсгөн, удам залгах нь хүмүүн төрөлхтний заяамал эрх бөгөөд энэхүү эрхээ хангахад нь тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үүргийг төр хүлээх ёстой.

Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Нөхөн үржихүйн гурван үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд гэр бүл төлөвлөлтийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй нэгэн хэсэг болгон хөгжүүлж, үр дүнд нь хүн амын тодорхой хэсэг жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн аргуудыг хэрэглэн, төрөлт хоорондын зайг зохистой түвшинд хадгалан, хүсээгүй болон төлөвлөгөөгүй жирэмслэлтийн улмаас эх хүүхдэд учрах эрүүл мэндийн эрсдлээ бууруулж чаддаг болсон хэмээн дүгнэж байна.

Эрүүл мэндийн яам 2009 оноос эхлэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэл, тэдгээрийн дунд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслээр хангах хөрөнгийг жил бүрийн төсөвт суулган баталж шаардагдах эм хэрэгслийг захиалан авч байгаа билээ. Ингэснээр 2014 оноос эхлэн НҮБ-ын Хүн амын сангийн ханган нийлүүлэлт зогсоход Засгийн Газар алслагдсан хүн ам, эмзэг бүлгийнхний хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэж байна хэмээн ЭМЯ үзэж байна.

 

Х. Эзлэн

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.