“Тэрээр сайхан сэтгэлтэй хөдөлмөрч нэгэн”
Д.Должин хэмээх эмээтэй санамсаргүй танилцаж, хэсэг хугацаанд яриа өрнүүллээ. Тэрээр хорт хавдраар өвчилж түүнийгээ даван гарсан, мөн ард олондоо ачтай үйлс хийж яваа хүн юм. Одоо тэрээр хүний биед тун хэрэгтэй цай үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү цайгаараа олон улсын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцдог ажээ.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Би Дорноговь аймгаас ирсэн. Аймгийхаа “Далд мөнгөн шанд” ХХК-ны захирал. Манай компани нь цай үйлдвэрлэдэг. Мөн сорос, хөмүүл зэргээр хүнсний бүтээгдэхүүн хийдэг. Эдгээр нь Дорноговийн бренд бүтээгдэхүүн болсон.

-Үйлдвэрлэдэг цайныхаа тухай сонирхуулахгүй юу. Ач холбогдол нь юу вэ?
-Манай цайны гол түүхий эд нь загасгал гэж ургамал бий. Энэ ургамал нь хавдрын эсрэг үйлчилгээтэй. Түүнчлэн элгэнд сайн, даралтыг буулгадаг, дархлааг сайжруулдаг гээд олон ач тустай. Бид цайгаа хийхдээ энэхүү ургамлаас өөр юу ч хольж хийдэггүй. Зөвхөн энэ ургамлаар л цай хийдэг. Түүнчлэн би энэ цайгаараа жил бүр олон улсын үзэсгэлэнд оролцдог.
-Цайнаас өөр ямар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ?
-Манайх энэ цайнаас өөр хийцтэй цай хийдэг. Үүнийг хүмүүс ширээний цай болгож өргөнөөр хэрэглэж байна. Соросоор хоол амтлагч, хөмүүлээр даршилсан ногоо хийдэг.
-Хэзээнээс үйлдвэрлэл явуулж эхэлсэн бэ?
-2009 оноос хойш үйлдвэрлэл явуулж эхэлсэн. Би урьд нь олон төрлийн үйлдвэрлэлийн ажил хийж байлаа. Гэвч 2002 онд элэгний хорт хавдраар өвдсөн. Энэ үедээ хавдрын эмийг уухын хамт цайны түүхий эд болсон ургамлаа хандлаж уудаг байсан. Ингэж уухад загасгал ургамал нь хүний биед дархлааг тогтоож өгдөг болохыг өөрийн биеэр мэдэрсэн юм.
-Хэрхэн цай хийж эхэлсэн тухайгаа яривал?
-Анх ганцаараа уур нүдүүрээ бариад л ургамлаа нүдэж, савлаж байсан. Ингээд 50 ширхэгийг хийсэн. Уг 50 ширхэг цайгаараа “Мишээл экспо”-д үзэсгэлэнд оролцсон. Миний хийсэн цайг хүмүүс бүгдийг нь худалдаж авсанд их урам орж, цай үйлдвэрлэж болох юм байна гэсэн санаа төрсөн. Ингэж үйлдвэрээ эхэлсэн. Одоо бол манай үйлдвэр тусгай тоног төхөөрөмжтэй, зургаан ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Ярилцсан: Б.Бадамгарав





