Монголын төрийн хатан ухаан
Oн цагийн түүхийг эргэн сөхвөл 1990 оноос хойш хууль тогтоох дээд байгууллагад 19 эмэгтэй давхардсан тоогоор нийт 30 удаа сонгогдон ажиллажээ. Улсын Бага Хурлын анхны гишүүдийн тоонд хоёр эмэгтэй гишүүн сонгогдож байсан бол, 1996- 2000, 2000-2004 оны УИХ-д тус бүр найм буюу хамгийн олон эмэгтэй гишүүд төр барилцаж байв. Монгол Улсын Их хурлын гишүүнээр Т. Ганди, С.Оюун нар дөрвөн удаа, Д.Арвин гурван удаа, Д.Туяа, Д.Оюунхорол нар хоёр удаа сонгогдож байв.
Мөн түүнчлэн С.Оюун, Д.Туяа нар УИХ-ын нөхөн сонгуулиар сонгогдож байжээ.С.Оюун УИХ-ын дэд даргаар, Д.Мөнхөө, Т.Ганди, Х.Хулан, Ч.Отгонбаяр, Р.Нарангэрэл, Б.Мөнхтуяа, Д.Оюунхорол нар УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Тэд нийгмийн бодлого, гадаад бодлого, аюулгүй байдал, хууль зүйн байнгын хороодыг удирдаж байсан нь хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо асар их байсныг харуулж байна. Мөн
Т.Ганди Эрүүл мэндийн сайд,
С.Оюун Гадаад хэргийн сайд,
Д.Туяа Эрүүл мэндийн сайд,
Н.Болормаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
Б.Долгор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
Одоогийн УИХ гурван эмэгтэй гишүүнтэй.
Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гадаад бодлого, аюулгүй байдал, хууль эрх зүйн чиглэлээр манлайлах үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Төр түшилцсэн эмэгтэйчүүдийг цувралаар хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.ОЮУН
Монголын ардчилал, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны дүү С.Оюун 1998 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд парламентын цөөхөн бүсгүйчүүдийн төлөөлөл болсоор арван оныг үджээ.
Монголын улс төрийн орон зайд Иргэний зориг хэмээх шинэ намыг 2000 онд тэрбээр нөхдийн хамт байгуулан, 2004-2005 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн даргаар ажилласан байна. 2006-2007 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга байсан С.Оюун 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашиж байв.
Тэрбээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. Эмэгтэй хүнийхээ хувьд эгэл даруухан тэрбээр улс төрийн хатуу хөтүү орчинд өлчир сууж, Монголын хууль тогтоох дээд байгууллагын тогоонд чанагдаж яваа эрч хүчтэй бүсгүй. С.Оюун улс төрд хөл тавихаасаа өмнө 1988-1998 онд Монгол, Чехословакийн хамтарсан үйлдвэрт геологич мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 1990-1991 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн хийж байлаа.
С.Оюун 1996-1998 онд Английн "Рио Тинто" компанид геологичиор ажилласан байна. "Зориг" сангийн тэргүүн, Монголын геологичдын холбооны тэргүүний сонгуульт ажилтай. Иргэний зориг намын дарга. Энэ жилийн УИХ-ын сонгуульд ИЗНН-с жагсаалтаар нэр дэвшиж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.АРВИН
Монголын цөөхөн улстөрч бүсгүйчүүдийн нэг. Байнгын ажиллагаатай парламентад гурав дахь удаагаа сонгогдсон. 2009 оны 12-р сараас УИХ-ынНийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгынхорооны даргаар ажиллаж байгаа.
УИХ-ын Төсвийн байнгынхорооны гишүүн, УИХ дахь Монгол-Итали, Монгол-Буриадынпарламентын бүлгийн дарга.Тэрээр 1981- 1987 онд Ардын Армийн 221,162-р ангиудад ХЗЭ-ийн Хорооны нарийн бичгийн даргаар ахлах дэслэх цолтойгоор ажилласан. 1987- 1991 онд Эх Нялхсын Эрдэм шинжилгээний Төвийн ХЗЭ-ийн Хорооны нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн Хороонд эвлэлийн ажилтнаар ажиллаж байсан.
1991-2000 онуудад Барилга, Худалдаа, Аялал Жуулчлалын "Их Өргөө" компанийн захирлаар ажиллаж байжээ. Сонгуульт ажил гэвэл Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн. Монгол-Италийн парламентын бүлгэм, Монгол-Оросын парламентын бүлгэмийн гишүүн, Монгол-Буриадын Парламентын Бүлгэмийн дарга, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны дарга, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгч гишүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Залуус сан"-гийн тэргүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спорт Эмэгтэйчүүд Комиссын дарга, "Эмэгтэйчүүд Эв Нэгдэл" хөдөлгөөний тэргүүн. Энэ удаагийн сонгуулиар УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшиж байна.УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛ
Сургууль төгссөн залуухан бүсгүйн очиж ажилласан анхны газар нь нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд /1986-1987/ сургууль байлаа. Тэнд Оюунхорол математикийн багш хийж байв. Математик бол бүх шинжлэх ухааны оргил нь болохоор хүүхдүүдэд хичээлээ тааруухан заах эрх байхгүй.
Ер нь энэ түүний зарчим.Хожим Монголын анхны хувийн дээд сургууль байгуулж, эх орондоо эрдэм мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж байх үедээч ингэж бодож, бас багш нартаа захидаг байж. Д.Оюунхорол ердөө жилийн дараа л 26 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр/ 1987-1989/ дэвшин ажилласан байна.
Тун удалгүй Туул хорооны ХЗЭ-ийн хорооны дарга болов.Энэ бол 1989-1990 он байлаа. Энэ он жилүүд олон монгол залуусын хувь заяанд өөрчлөлт, шинэ шийдэл авчирч байсан үе. Нийслэлийн 10 жилийн 32 дугаар сургуульд хичээлийн эрхлэгчээр жил хэртэй томилогдон ажилласан Д.Оюунхорол өөрийн санаачлан байгуулсан Отгонтэнгэр дээд сургуулийн ректороор 1991-2000 он хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан билээ. Дараа нь тэрээр "Отгонтэнгэр"тээ эргэж ирсэн.
Харин 2008 онд Д.Оюунхорол УИХ-ын сонгуульд нэр дэвшин дахин ялалт байгуулж, Завхан аймгаас сонгогдсон юм. Харин одоо тэрбээр УИХ-ын 9-р тойрог Завхан аймагт нэр дэвшигч байна.






