Нийтлэлч Ж. Урангуа
XV зуунд Монгол нь улс төрийн бутралт байдал даамжирсаар байв. Монголын их хааны сүр хүч суларч, баруун монголчууд түүнд захирагдахгүй болсон түүүхэн цаг үе байлаа. Эл үед нийт Монголынхоо эе эвийн төлөө зүтгэсэн нэгэн гайхамшигт эмэгтэй бол Самар хатан юм.
Ойрадууд ХII-ХIII зууны үед Байгалаас өмнүүр нутаглаж байсан бөгөөд Чингис хаан Монгол аймгуудыг нэгтгэхэд Ойрадууд 1208 онд түүний захиргаанд орсон юм. Тэд ХIҮ зууны дундуур өмнө зүг шилжин Алтай уул ба түүний ойр хавийн тал хээр газар нутаглах болжээ.
Монголын их хаан өөрийн биеэр Ойрадын ноёдын дотроос сонгон тохоосон тайш Ойрадыг үе улиран захирдаг байсан бөгөөд Ойрадын тайш нь дотроо зүүн, баруун гарын тус тус чинсан хэмээх туслагчтай байжээ. 1438 онд Ойрадын Тогоон тайш зүүн Монголыг дагуулан авч, Монголын нэгдмэл байдлыг буй болгожээ. Дараа нь түүний хүү Эсэн тайш уул үйл хэргийг үргэлжлүүлсэн юм. Энэ үеийг манай түүхийн тулгар бичигт «дөчин, дөрвөн хоёрын төр эвлэв" хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ үед ард түмнээ гэх, Алтан ургийн үрсийг хамгаалах эх оронч сэтгэлээр үр хүүхдээ хүмүүжүүлсэн, шулуун шударга, сэцэн мэргэн оюун ухаанаараа ялгаран түүхийн хуудаснаа баларшгүй нэрийг үлдээж, хүн зоны сэтгэл зүрхэнд өнө үүрд хадгалагдан үлдсэн Монгол эхчүүдийн нэг нь Хиад аймгийн Боржигон овогт Самар гүнж юм. Түүний эцэг Элбэг нигүүлсэгч /1399-1402/ хааны суурийг залгамжилсан хойно Өлзийт гоо бэйжийн эрхэнд орж Ойрадын ноён Хуухай даюуг хилсээр хороосондоо ихэд гэмшин түүний хүү Батулааг дуудан «.. би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё. Чи Ойрадын эзэн Үгч хашхагийн хамт «Дөрвөн Ойрадыг мэдтүгэй» хэмээн зарлиг болгон өөрийн эш хатнаас төрсөн Самар нэрт гүнжээ хатан болгон өгчээ.
Гэвч Батула чинсан эцгийг нь хилсээр хороосон Элбэг нигүүлсэнгч хаанд өс санан, эцгийнхээ өшөөг Элбэг хаанаас авахаар далдуур бэлтгэж эхлэсэн юм. Ингээд Батула чинсан, Үгч хашха нар хамтран 1401 онд зүүн Монголыг довтлон Элбэг хааныг хороон эхнэр хүү, албат ардыг нь булаан авсан юм. Ойрадын захирагч Үгч хашха Өлзийт гоог хатнаа болгон аваад нэн удалгүй насан өөд болоход, Самар гүнж Элбэг хааны хатан Өлзийт гоо, хүү Ажай тайж, Аругтай нарт:
«Эзэн хан нь үхэв
Эртний дөрвөн Ойрад
Эх сүүлээ алдав.
Энэ үед хэрэв
Эртхэн дайлаар ирвэл
Эзэнгүй олон Ойрадыг
Эрхбиш дийлж чадна»
гээд төрхөмдөө буцаар буцаахаар зэхэж байтал , хүү Богаму нь сонсоод:
«Учирсан газар муу боловч өөрийн гэр болно
Уг төрхөм сайн боловч хүний газар болно.
Ижий та тэгж хэлбэл
Эцэг тэнгэр үл таалах буй за»
хэмээсэнд Самар тайху үүнийг эс сонсон тэднийг зүүн Монголд нь буцаажээ.
Энэ тухай Өлзийт гоо хатнаас Адай хаан сонсоод ихэд баярлан 1410 онд Аругтайг тайш өргөмжлөн өөрийн биеэр арван түмэн шилдэг цэрэг авч дөрвөн Ойрадыг дайлав. Хоёр этгээдийн цэрэг Зэлмэн ханы дэргэдэх Бор нохойн зоо нэрт газар золгон байлдаад Адай хаан ихэд дийлж, Батула чинсанг хороон хүү Богамуг олзлон авчирсан байна.
Ажай тайж «Самар гүнж бидэнд тустай явдал хийснийг бодон хөвүүнийг нь тавьж явуулбал зохино» гэсэнд Аругтай тайш үл зөвшөөрөн: «Араатны зулзагыг тэжээж үл болно. Атаатны үрийг үл өрөвдөж болно...» хэмээгээд: «Эрт өдөр чиний эцэг Батула чинсан намай араг дор хөмрөн «Аругтай» хэмээн доромжлон байсан, эргэх нар ээлжлэн эдүгээ өдөр би эцгийн өшөөг хөвүүнээс нь авах цаг болов...» гээд хүү Богамыг тогоон дор хөмөрч «тогоон» ( энэ нь хожмын Ойрадын Тогоон тайш аж) хэмээн нэрлэн боол болгон зарцлах болов.
Түүний хойно Тогооны эх Самар гүнж Адай хаанд биеэр золгон: «... Амийг минь аварч хатан болгов чи, хөвгүүнийг минь юунд зарцлав чи, эх хөвгүүн бид хоёуланг алж хая, үгүй бол насны дураар амьдруулах буюу...» гэсэнд хаан зөвшөөрч, Тогоон хүүг эхийн хамт хоёр түшмэлээр харгалзуулан Ойрадад хүргүүлсэн түүхтэй.
Тэр үед Ойрадын ноёдын чуулган чуулж байсан тул Тогооноос «... Монголын хаан, тайш, эгэл даяар улсын зан ааль ямар вэ?» гэсэнд Тогоон.....«Зүүн монголын Аругтай тайш өтөлж, аливаа үйлс нь ус мэт санагднам. Саадаг нь хувилавч, санаа нь эс хувилж, төр мэдэх сайдаа гадна суулгаж, зэвийн морийг гэрт унанам, хүүхэн хүнээр төр явуулмуй, үрээ морийг зэвлэнэм, Босуул хүнээр төр мэдүүлж, Борви хөхүүрт сархад хийнэм, Буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу мэт байна....» гэсэнд Самар гүнж сандарч: «..Энэ өчүүхэн хүн биеийг нь зовоосныг өш бодон Монгол-Ойрадыг дайтуулах, доройтуулахыг хичээж байна, үүний үгийг бүү сонс...» хэмээн эв нэгдлийг эрхэмлэх санаагаа хичээнгүйлэн хэлсэн ч түүний үгийг үл сонсон, Ойрадын ноёд дөрвөн түмэн цэрэг дайчлан Зүүн Монголд довтлон хямрал тэмцэл дахин дэгдэв..... Тогоон нас барсны дараа түүний хүү Эсэн тайш Дөрвөн Ойрадыг аван, Чингисийн угсааны Тайсун хаан/1439-1452 нд/, түүний дүү Агваржин жонон зэрэг Монгол ноёдыг хороон их хааны ор суужээ.
Эсэн тайш ийнхүү бүх Монголын хаан болохдоо өөрийгөө их Юан улсын тэнгэрлэг хаан гэж өргөмжилжээ. Тэр үед Монгол улсын хил нь зүүн зүгт Солонгос, баруун зүгт Дундад Ази, умар зүг Сибирь, өмнө зүг Мин улсын хил хүртэлх газрыг хамарч байх болсон ажээ.
Ийнхүү Самар тайху нь Монголын нэгдлийн нэгэн үеийг буй болгосон Тогоон тайшийг төрүүлэн өсгөсөн ачлалт эх юм. Ач хүү Эсэн нь эцгийн үйл хэргийг үргэлжлүүлсэн боловч 455 онд ноёд язгууртны бүлэглэлийн хуйвалдаанд амь эрсэдсэний дараа Монголын улс төрийн тархай бутархай байдал дахин хүчтэй илрэх болсон. Агваржин жононгийн хүү Харагцугийн гэргий Цэцэг нэрт хатан /Эсэн тайшийн охин/ 7 сартай жирэмсэн Ойрадад ирж нэгэн хүү төрүүлсэнийг Боржигоны үр хэмээн дээдлэн Самар тайху /эмгэн болсон/ өөрийн ордондоо тэвэрч авчиран «Баянмөнх» нэр хайрлан Солонгудын Харагчингаар асруулан тэжээлгэж, Ойрадын Өгэдэй баатрыг «Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ Монголчуудад дархан өргөмжлөгдөх болно» гэж ятгасаар Баянмөнхийг Зүүн Монгол дэх төрөл садны дэргэд нь хүргүүлжээ.
Ийнхүү ХY-ХҮI зууны алдарт хаан Батмөнх даяны эцэг Баянмөнхийг төдийгүй Монголын алтан ургийн угсааг аварсан Самар гүнж Монголын түүхэнд алдар цуугаа мандуулсан гавъяатан болон алдаршсан билээ.
Ж. Урангуа


