Ээжүүдээ охинд тань чин сэтгэлийн яриа дутаад байгаа юм биш биз?

Хэрвээ та охинтой бол түүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, түүнд амьдралын хатуу хэцүү, эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг шалгасан ямар олон зүйл байдгийг ойлгуулж зөвлөж байгаарай. Учир нь чин сэтгэлийн яриа гэдэг энэ зүйл байхгүйн улмаас охид тань олон зүйл дээр алдаж байна. Ядаж л хайр шохоорхол хоёрыг ялгаж чадалгүй хууртагдчихаад хаа нэгэн газар гуниглаад, хэзээ ч урсгаж үл болох тэр гашуун нулимсны амтыг мэдрээд ч сууж байгаа юм билүү. Бас зарим нь зүгээр хууртаад өнгөрөх бус хайртай дуртай, хагацаж салахгүй гэсэн хий хоосон үгнээс болоод энгэрээ суллаж, охин насаа арай л эрт гээж байна. Үүний дараа юу болдог гээч хүсээгүй жирэмслэлт. Яг үнэндээ ийм болгочихоод хаяад явах залуус олон байна. Монголд далд хэлбэрээр олон охид бүсгүйчүүд абортонд орж байна гэж мэдээ нийтлэл гараад л байдаг. Яагаад тэгээд байна вэ? үүний талаар бодохоосоо өмнө тэднийг буруутгадаг хүмүүс цөөнгүй. Гэтэл тэдний гол шалтгаан нь ердөө л энэ. Бусдад хэлж чадахгүй айсандаа, хаяад явсан залуудаа гомдсондоо, хүүхэдтэй болчихвол хүмүүс яаж хүлээж авах бол, хүүхэдтэй намайг өөр хүн тоох болов уу? энэ олон асуудлууд түүнийг зовоодог учраас л аргагүйн эрхэнд тийм сонголтыг хийдэг биз. Түүнээс биш тэд бүгд хайрлах сэтгэлгүй хүн чанаргүйдээ биш. Хүн л юм чинь дахин амьдрал эхлэхийг хүснэ. Магадгүй эмэгтэй хүнд тулгардаг гэнэтийн асуудлуудаас энэ хамгийн хүнд нь байх. Гэвч амьдрал охин үрийг тань олон шалгана. Та ч бас энэ насыг туулаад гарсан учраас бүгдийг сайн мэдэж байгаа. Тиймээс хааяа ч гэсэн охинтойгоо чин сэтгэлээсээ ярилцаж, түүнд тулгарсан цаашид тулгарах асуудал бүхнийг яаж даван туулах талаар зөвлөгөө өгч, хэдий том болсон ч эхийн хайр халамжаа бүү багасгаарай. Охин тань яг л багынх шигээ эрхэлж, дулаан энгэрт чинь тэврүүлэхийг хүсдэг юм шүү.


