Бид яагаад буруутдаг вэ?

 

Эмэгтэйчүүд бид уг нь их тэвчээртэй хүмүүс. Ямар ч хүнд хэцүү зовлонг сэтгэлийн их хатаар давж гардаг. Эр хүний ямар ч алдааг уучилж, нүдээ аниад өнгөрөөж чадна. Гэтэл бид их сонин зан араншинтай гэж хэлэхэд болно. Их зүйлийг тэвчээд нүдээ аниад өнгөрөөдөг атлаа жижигхэн зүйлд уурлаж бухимддаг. Дараа нь хэтэрхий сүр бадруулждээ гэж өөрийнхөө алдааг дотроо л хүлээн зөвшөөрнө.

... Би байрныхаа нэгэн нүдэнд дулаахан ахтай хааяа тааралдаж, тааралдах бүрийдээ эелдэгээр мэнд мэдэлцэн өнгөрдөг. Тэр ахыг би сайн танихгүй хирнээ, хэзээ ч муу хүн гэж бодож байгаагүй. Гэтэл өчигдөрхөн би өнөөх ахтайгаа байрныхаа граж дотор машины зогсоолоос болоод маргалдчихлаа... Уур бухимдал, түргэн зангаасаа болоод би тэнэг зан гаргасан. Эргээд бодохнээ тийм ч сүр бадруулмааргүй асуудал дээр би хэтэрхий түргэн зан гаргажээ...

Барагтай л бол гаднаа хүлээн зөвшөөрч, бусдаас уучлалт гуйхгүй. Энэ нь нөгөө л эмэгтэй хүний бардам зантай холбоотой. Би хэнд ч бууж өгөхгүй гэсэн хатуу зарчим баримтлаад байдаг нь буруутахын эхлэл болоод байгаа юм. Ер нь бол хэрүүл маргаанд бид түрүүлж буулт хийх нь зөв алхам. Хэрэлдээд л хэрэлдээд л. Хэнд ч бууж өгөхгүй гэж үгийн цэц уралдуулж яах вэ. Зүгээр л чимээгүй өнгөрч сураарай. Бууж өглөө гээд бардам зан, өөртөө итгэлтэй байдал тань газар хөсөр хаягдахгүй. Ярилцаж үзээд болохгүй бол дуугүй л орхичих. Уурлах нь уурлаж, хашгирах нь хашгирч байг. Харин та цоглог хэвээр алх. Уурласны хариуд уурласнаар сайдах зүйл огт байхгүй. Ийм алхам хийснээрээ л бид буруутаад байгаа юм. “Муухай аашт” гэсэн цол хүртэж, хэн хүний амны бай болох хэрэг байна уу. Хэрэлдэж маргалдах цаг хайран шүү. Ихийг тэвчиж чаддаг хэрнээ жаахан зүйлд бүдэрчихээд байдаг энэ алдаагаа хамтдаа засъя. Ухаалаг эмэгтэй маргаанд үргэлж буулт хийдэг. Учир нь тэд ингэх нь цагаа дэмий үрсэн хэрэг гэдгийг мэднэ.

Б.Бадамаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.