Дэлхий сөнөхгүй...
...2012 оны 12 сарын 21 ойртсоор л... Хүмүүсийн дундах “Дэлхийн сүйрэл”-ийн тухай яриа улам л газар аваад байх юм. Тэр дундаа хүүхэд хөгшид үүнийг маш эмзэгээр хүлээн аваад, айдаст автаж байна. Хөдөөний малчид малаа ихээр зарж мөнгө болгож байна, монгол гэрийн үнэ 3,5 саяд хүрлээ, лаа шүдэнз олдохгүй ховор байна, мод нүүрсний үнэ “тэнгэрт хадлаа” гэх явган яриа амнаас ам дамжин яригдахдаа улам их хачирлагдаж хүмүүсийг айдас түгшүүрт автуулж байгаа нь хэрээс хэтэрлээ...
Ядуу, буурай хөгжилтэй орны иргэдийн боловсрол нимгэн, ухамсар нь дорой байдаг. Ийм ард түмнийг худал үгээр мунхруулах нь амар байдаг гэнэ. Үнэндээ манай орны ард иргэд гэнэн итгэмтгийдээ бус, боловсрол ухамсар муутайдаа л хоосон яриа, худал хуурмаг үгэнд итгэж, улмаар үүндээ автаж, эцэст нь айж балмагдаж байна.
Таван хүн тутмын гурав нь энэ ярианд итгэчихсэн байгаа нь харамсалтай. Таксинд суутал, таксины жолооч надтай дэлхийн сүйрлийн тухай л ярьж, та нүүрс түлээгээ базаасан уу? Монгол гэр байгаа юу? цаагуур чинь лаа шүдэнз тасраад байна гэж ярьлаа. Дараа нь үсчинд орлоо. Хумсаа засуулан суусан бүсгүй өнөөх зүйлийг улам баяжуулан ярьж байв. Саунд суулаа. Тэнд байсан нэлээд хэдэн эмэгтэй дэлхий сөнөх нь яанаа? Ядаж гэр бүлээрээ байж байгаад сүйрвэл ч гэх шиг юм ярьж байх юм. Энэ бүхнийг сонсоод надад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрлөө. Би уулзсан, тааралдсан хүн бүрийн яриаг няцааж, өөрийнхөө чадлаар тайлбарласан ч тэдний итгэл үнэмшилд бараг л нөлөөлж чадсангүй.
Өнөөдөр “Дэлхий сүйрэл”-ийн тухай цуу яриа монголын байтугай дэлхийн чухал асуудал болоод байна. Дэлхий нийтээрээ энэ асуудал руу анхаарлаа хандуулж, дэлхийн эрдэмтэд “Дэлхий сөнөхгүй”, ийм зүйл болохгүй гэж тайлбарласаар л байна.
Дэлхий бол нартай харьцуулахад харьцангуй залуу гариг гэнэ. Наран дээр байнга дэлбэрэлт явагдаж байдаг, тэгсэн хэрнээ сүйрээгүй л байгаа. Харин манай дэлхийн нас залуухан сөнөж сүйрэх болоогүй гэдгийг олон эрдэмтэд баталж, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээж байна.
Харамсалтай нь манай орны ард иргэд телевиз үзэж, сонин сайт уншиж, үнэн зөв мэдээллээ солилцохын оронд хоорондоо худлаа үгийг мянга давтан ярьж, тэрэндээ итгэж өөрсдийгөө зовоогоод байдаг.
12-р сарын 21 болдгоороо болно. Харин дэлхийн төгсгөл ирэх хаа ч байсан юм???
Уужуу тайвнаараа дэлхийд гайхагддаг тал нутгийн, тэнүүн сэтгэлт ард түмэн минь мунхаг, худал хуурмаг ярианаас ангид байж гэрэлтэй гэгээтэй “Шинэ он”-оо угтан авцгаая.
У.Чимэг





