Эмэгтэй хүн амьдралыг нуруун дээрээ үүрч босгодог

... Сар гаруйн өмнө би гэрийнхээ ойролцоо дэлгүүрийн өмнө алхаж яваад,  араасаа машинд мөргүүлээд хөнгөн гэмтэл авч мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ.  Өрөөндөө би хоёр эгчтэй хамт гурвуулаа байсан юм. Бид гурвын эмчилгээ бараг л адилхан, онош нь ч адилхан харин өвдсөн шалтгаан нь өөр өөр байлаа. Энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  хүмүүсийн 80%ийг эмэгтэйчүүд эзэлж байв. Насны хувьд харилцан адилгүй жаахан охин,  залуухан бүсгүй, хөгшин эмээ гээд бүхий л насныхан эмчлүүлж байсан.

Миний хувьд гэмтлийн улмаас үүссэн тархины хаван, мэдрэлийн ядаргаа гэсэн оноштой хэвтсэн. Зүв зүгээр ажлаа хийгээд явж байсан миний хувьд гэв гэнэт машинд мөргүүлсэн нь үнэхээр харамсалтай санагдаж байсан. Намайг хорь гаран настай залуухан эмэгтэй жолооч, анхаарал болгоомжгүйгээсээ араагаа буруу хийж андуураад мөргөчихсөн. Энэ эмэгтэй жолооч: “хүүхдээ төрүүлээд удаагүй нэг сар л болж байгаа, сая нөхөртэйгөө жаахан муудалцаж гарч ирээд, сэтгэл санаа тавгүйтээд ийм юм хийчихлээ”... гэж ярьсан юм. Хэнд ч, хэзээ ч юу ч тохиолдож болно. Гэхдээ жолооч хүн  жолооны ард суусан л бол болгоомжтой, анхааралтай, хариуцлагатай байх хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй, бие эрүүл бус үедээ жолооны ард суусны хэрэггүй шүү бүсгүйчүүдээ. Осол хормын төдийд л болдог. Өөрөө хэрэгтэн болж, өрөөлийг өвчтэй болгохгүйн тулд хариуцлагатай нягт нямбай, болгоомжтой байгаарай.

... Манай өрөөнд хэвтэж байсан нэг эгч нягтлан бодогч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байгаа, мэргэжилдээ дуртай гэсэн. Гэтэл дуртай мэргэжлээсээ болоод янз бүрийн олон өвчний суурьтай болсон байв. Ууц нуруу нь хөшиж өвддөг, хараа нь муудсан, мөр нь хөшдөг, толгой нь байнга дүүрч өвддөг гэнэ. Ийм олон жил нягтлангийн ажил хийхдээ эрүүл мэндээ ерөөсөө анхаардаггүй, өдөржин ажил ажил гэсээр өдий хүрчээ. Мэргэжлийн онцлогоос шалтгаалсан өвчин эмгэгүүд зөндөө байдаг гэнэ. Харин хүн өөрөө өөртөө цаг зав гаргаж, ажлынхаа хажуугаар дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарч байхгүй бол эцэст нь өвчтэй болчихоод яаж ч анхаараад нэмэргүй оройтсон байхвий дээ.

...Өрөөний маань бас нэгэн эгч хүнсний зах дээр худалдаа хийдэг. Өвөл, хавар, зун, намар жилийн дөрвөн улиралд амралтгүй ажилладаг гэнэ. Зах нийтээрээ амардаг ганц өдөрт гэрийнхээ ажлыг амжуулдаг. Халуун наранд, усан бороонд, шороон шуурганд, өвлийн хүйтэнд цаг агаарын ямар ч нөхцөлд тэр өөрт ноогдсон энэ хүнд хэцүү ажлаа хийдэг. Ахиухан мөнгө олохын тулд тэр эмэгтэй ийнхүү ажилладаг. Хоёр оюутан охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гэж, охидынхоо бас бус хэрэглээний зардлыг нь олох гэж тэр цаг наргүй, хоол ундгүй хүнд хөдөлмөр эрхэлдэг. Бүүр нэг хэвтрийн өвчин тусаад хэвтчихгүй бол өвдсөн ч өвдөөгүй юм шиг л мөнгөний төлөө зүтгэнэ. Тэр эгчийн хувьд өнөөдөр мөнгө олох нь чухал гээд өөрийгөө мартсан байсан. Гэвч тэр эмэгтэй өнөөдөр зовж зовж олсон мөнгөө эмнэлгийн төлбөр, эм тарианд зарцуулаад өөрөө ядаргааны туйлд орчихсон хацар нь татдаг, толгой нь эргэж нүд нь харанхуйлдаг өвчтэй хэвтэж байна.

Үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдийгөө мартдаг ийм хүмүүс Монголын зах дээр амьдарч байгаа. Тэд өөрсдийнхөө эрүүл мэндээр дэнчин тавиад мөнгө олдог. Үүнийг буруутгах ч аргагүй юм. Далай багшийн хэлснээр:

Ирээдүйнхээ төлөө өнөөдөр зүтгэсээр байгаад амьдраагүй юм шиг үхчихвий дээ...

Мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тавиад хүний гуравхан эмэгтэйн өвчний түүхийг сөхөхөд ийм байна.

Эрүүл мэнд бол юутай ч зүйрлэшгүй эрдэнэ юм шүү.

У.Чимэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mongol (103.26.194.4) 2014-03-12 00:03:21
bi bs sayahan murguuleed bs tarhinii havan gsn em uuj bgaa taniih odoo gaigu yu hdn jiliin daraa yanz bur bolchihgu bga gj aij bnshuu